Цагдаа нар согтуурлын хэмжээг шалгахдаа драйгер ашиглахгүй
2020-02-17

 

Титэм вирусийн халдвар дамжих эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ЦЕГ-ын дарга С.Баатаржав согтуурлыг хэмжигч багажийг  /драйгер/ хэрэглэхгүй байхыг Тээврийн цагдаагийн албанд үүрэг болгожээ. Иймд согтуурал хэмжигч багажнаас өөр төрлийн үлээлгэх багаж ашиглахаар болжээ.

 

Монгол Улсын хууль хяналт, хүчний байгууллагууд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн иргэнд холбогдох хуулийн дагуу захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Статистик мэдээгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэлэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил жил бүр өсөн нэмэгдэж байгаа ба Тээврийн цагдаагийн албнаас замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн жолооч нарын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхэд байнга хяналт тавин ажиллаж, согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчлийг илрүүлэн согтуурлын хэмжээг тогтоон ажилладаг.

 

Энэхүү ажиллагаанд нь согтуурлын түвшин тогтоогч хэмжих хэрэгсэл зайлшгүй шаардлагатай байдаг. Өнөөдрийн байдлаар цагдаагийн байгууллага ХБНГУ, БНСУ, БНХАУ, ОХУ-д үйлдвэрлэсэн согтуурлын түвшинг тогтоогч хэмжих хэрэгслийг ашиглаж байгаа. 


Дээрх төхөөрөмжийн заалтыг амьсгалын хий дэх этанолын хэмжээг тодорхойлдог Алкотектор PRO 100 cоmbi гэх мэргэжлийн алкотестерээр хянадаг.  “Согтуу”, “Эрүүл” гэсэн хоёр гэрэлтэй уг төхөөрөмж нь үлээлгэх хэлбэрээр ашиглагддаг тул вирусийн халдвар тархах эрсдэл өндөр хэмээн үзэж  түр хугацаанд хэрэглэхгүй байхыг үүрэгджээ.

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин