Эрүүл мэндийн яамнаас титэм вирусийн тархалттай холбоотой ээлжит мэдээллийг хийлээ.
ДЭМБ-аас өнөөдрийн нөхцөл байдал мөсөн уулын зөвхөн орой хэсэг байж болох юм. Тиймээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг дор бүрнээ сайтар хангах шаардлагатай байгааг анхаарууллаа. Өнөөдрийн байдлаар дэлхий дахинаа титэм вирусийн 43099 тохиолдол бүртгэгдэж, 1018 хүн нас бараад байна. Халдвар авсан нэг иргэн 300 хүнд халдвар тараах тооцоо судалгааг гаргажээ.
Мөн ДЭМБ-ын мэдээллэснээр дэлхийн олон оронд амны хаалтын хомсдол үүссэн. Сингапур, БНСУ-д амны хаалт, хамгаалах хэрэгслийг хэт ихээр нөөцлөх тохиолдол гарсан тул энэ мэт үйлдэл гаргасан иргэдийг торгох арга хэмжээг эхлүүлжээ.
Хилийн нөхцөл байдал, иргэдийн зорчилт хөдөлгөөний талаар ХХЕГ-ын хилийн боомт аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх газрын дарга Ц.Мягмардорж "Хилийн боомтоор нэвтрэх хөдөлгөөнд хязгаарлалт хийснээс хойш 14 хоногийн хугацаа өнгөрч байна. БНХАУ-ын иргэдийн Монгол Улс руу нэвтрэх хөдөлгөөнийг бүрэн зогсоогоогүй. Тус улсын иргэдийг хүндэтгэн үзэх шалтгаантай бол Монгол Улсын хилээр нэвтрүүлж байгаа. Тухайлбал гуравдагч улсаас шууд нислэгээр ирж байгаа тохиолдолд хүлээн авч байна. Мөн БНХАУ-ын дипломат ажилчин, тэдний гэр бүлийг чөлөөтэй нэвтрүүлж байгаа" гэлээ.
Монгол Улсын хилээр өчигдөр /2020.02.10/ 08.00 цагаас өнөөдөр /2020.02.11/ 11.00 цаг хүртэл хугацаанд нийт 634 зорчигч нэвтрэн орж ирсэн. байна. Үүнээс 625 нь Монгол Улсын иргэн. Эдгээр иргэнээс БНХАУ-аас зорчигчийн журмаар 230 иргэн нэвтэрсэн бол эрдэс баялгийн 362, нисэх баг болон төмөр замын хөлөг ажилчид 33 хүн улсын хилээр нэвтэрчээ.
Мөн хугацаанд БНХАУ-руу Монгол Улсын 388 иргэн нэвтэрсэн байна. Үүнд зорчигч 7, жолооч 342 , төмөр зам, нисэх багийн бүрэлдэхүүн 39 байна.
Г.Сүрэн