Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Б.Батзоригтой ярилцлаа.
-Манай улс маш олон хуультай. Гэм хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуультай байх шаардлага байдаг юм уу?
-Гэмт хэрэг, зөрчил гэдэг нь нийгмийн өвчин. Энэ өвчинтэй хэн дуртай нь, таалагдсан аргаараа тэмцэх боломжгүй. Тэр дундаа хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг болох хүний наймаа, авлига, мөнгө угаах болон терроризмын гэмт хэргүүдтэй дэлхий нийтээрээ тэмцэх тэмцэхэд нэг стандарт, арга барилаар ажиллаж байгаа өнөө үед ийм хууль чухал.
-Өмнөх хуулиас шинэ хуулийн онцлог ялгаа нь зөрчлөөс урьдчилан сэргийлэх заалтууд орсон. Өмнө нь зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудал ямар хуулиар зохицуулж байсан юм бэ?
-1997 онд батлагдсан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль нь зөвхөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудлыг зохицуулж байсан. Гэтэл гэмт хэрэг хэмээх өвчин нь хагалгаа хийж эмчлэх хүнд түвшинд хүрсэн өвчин. Гэтэл түүнийг тийм хэмжээнд хүртэл нь хүндрүүлэхгүй өвчний эхний шатанд, хүндрээгүй үед нь эмчилж, урьдчилан сэргийлбэл хүнд ноцтой өвчин болж хүндрэхгүй биз дээ. Энэ хуулийн нэг гол онцлог нь зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулсанаараа онцлог. Өмнө нь манайд үйлчилж байсан 400 гаруй хуулиар зохицуулж ирсэн. Зөрчлийн хууль батлагдсанаараа салбарын хуулиуд нь энэ үзэгдэлтэй бүрэн тэмцэж чаддаггүй болох нь илэрсэн. Өөрөөр хэлбэл Зөрчлийн хууль маш хүчтэй ажиллаж эхэлсэн. Энгийнээр хэлбэл нийгэм өвчтэй байна. Гэвч түүнтэй торгож шийтгэн тэмцэхээс илүү тухайн хууль зөрчих шалтгаан, нөхцлийг арилгахгүй бол тэр зөрчил нь гэмт хэрэг болон ноцтой үр дагавар үүсгээд байна.
-Өмнөх хуулийн хэрэгжилтийн хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлж байсан үзүүлэлт шинэ хуулийн хэрэгжилтээс хүлээгдэж байгаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх бодит үзүүлэлт ямар байх вэ? Тодорхой тоон үзүүлэлт, судалгаа байгаа юу?
-Төрд нь ард түмний өмнө тэдний эрх, эрх чөлөө нь зөрчигдөхөөс хамгаалах үүргийг Үндсэн хуулиар хүлээсэн байдаг. Энэ үүргээ хэрхэн биелүүлж байгааг ихэвчлэн төрийн байгууллагуудын тайланд үндэслэдэг. Яахав олон улсын байгууллагад хүргүүлдэг тайланг сүүдрийн тайлан илтгэл хавсаргагддаг боловч түүнийг олон нийт үзэх боломжгүй байдаг. Энэ хууль батлагдсанаараа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг олон нийт үнэлэх тогтолцоог бүрдүүлсэн. Ингэснээрээ иргэн та, таны амьдарч буй орчин хэр аюултай байна. Таны идэж буй хүнс, амьдарч буй хүрээлэн орчин таны гэр бүл, үр хүүхдэд чинь хэр ээлтэй, аюулгүй болж байгааг та үнэлнэ гэсэн үг. Гэмт хэргийн гаралт буурч байгаа эерэг үзүүлэлт байгаа нь сүүлийн жилүүдэд зохион байгуулж байгаа аянууд нөлөөлж байх талтай ч, яг түүнээс болсон уу гэдгийг судалж гаргасан зүйл одоогоор алга. Тэгвэл энэ хуулиар над шиг хэн нэг нь ийм гэмт хэрэг өслөө, буурлаа гэж үнэлэх субъектив байдлаар үнэлэх боломж хязгаарлагдаж байна.
-Энэ хуулийн үйлчлэх хүрээнд хичнээн төрлийн гэмт, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхээр тусгасан бэ? Монгол улсад үйлдэгддэг бүхий л гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломжтой механизм гэж ойлгож болох уу? Энэ хуульд багтаахыг хүссэн ч орхигдуулсан гэмт хэрэг, зөрчлийн хэрэг бий юу?
-Таны зөв. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль нь Эрүү, Зөрчлийн хуульд заасан бүхий л гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой.
Энэ хууль өөрөө гэмт хэрэг, зөрчлийг тодорхойлдоггүй. Өнөөдрийн гэмт хэрэг, маргааш зөрчил болох, эсвэл энгийн маргаан гэж үзэж байсан зүйл зөрчил эсвэл гэмт хэрэг болох нь нийгмийн үзэгдлийн онцлог. Байнга хувирч өөрчлөгдөж байдаг. Яг л ханиадын вирус шиг.
- Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа төрийн бодлогыг үнэлэх иргэд, олон нийтийн оролцоог хэрхэн тусгасан бэ? Урьдчилан сэргийлэх чиглэлээр оролцсон иргэдийн аюулгүй байдал, урамшуулал, олон нийтийн хяналт, нийтийн ухамсарыг дэмжих талаар хэрхэн тусгасан уу?
- Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил нь цагдаагийн ажил гэж үздэг нь учир дутагдалтай. Бүгдийг цагдаагаар далайлгаж явуулдаг цаг үе өнгөрсөн. Гэхдээ гэмт хэрэг ноцтой болсон бол цагдаагийн хүч ашиглахаас өөр аргагүй. Тухайлбал, бид ан амьтнаа хөнөөж, ой модоо устгаад дууслаа. Түүнтэй байгаль орчинг хамгаалах төрийн захиргааны байгууллагын хүч мөхөсдөж байгаа учир экологийн цагдаа бий боллоо.
-Гэвч төр ажлаа хийж дийлэхгүй байгаа биз дээ?
-Яг үнэн. Төр бүгдийг зохицуулах, хянах гэж оролдох нь социалист дэглэмд л үйлчлэх байх. Гэхдээ нийгмийн сөрөг үзэгдэлтэй тэмцэх бодлого, түүний хэрэгжүүлэх ажлыг төр манлайлах ёстой. Энэ хуулиар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог цогц байдлаар тусгасан. Тухайлбал, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд оролцох хүмүүсийг тусгайлан сургаж дадлагажуулах, төлөвлөгөө боловсруулах, түүний хэрэгжилтийг үнэлэхэд тэдний оролцоог хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлд иргэдийн төлөөллийг оролцуулах, иргэд, байгууллагууд төдийгүй төрийн албан хаагчид хүртэл гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар оролцоотой байхыг хуульчилсан. Сайн оролцсон иргэд, байгууллагуудыг мөнгөн урамшууллаар шагнахаас гадна төрийн одон медалиар хүртэл шагнах заалт бий.
-Шинэ төрлийн гэмт хэрэг, тэр дундаа цахим, хар тамхины холбогдох гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх зүйл заалтууд хэр тусгасан бэ? Энэ хүрээнд холбогдох хууль хэрэгжүүлэгчид тодорхой мэдлэг мэдээлэл, ойлголт хангалттай байгаа юу?
-Энэ хуульд таны хэлж байгаа шиг тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх бодлого, зохицуулалтыг тусгасан. Хууль хэрэгжүүлэгчид ямар мэдлэгтэй байгааг мэдэхгүй байна. Хууль сахиулагч, шүүх, прокурорууд хуулийг олон янзаар ойлгож тайлбарлах явдал багагүй байдаг. Энэ нь хуулийг хэрэгжүүлэхэд саад учруулж олон нийтийн хуульд итгэх итгэлийг алдруулж байх талтай.
-Таны ярилцлагуудтай танилцаж байхад салбар хуулиуд гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд шууд нөлөөлдөг гэсэн агуулга ажиглагддаг.
-Баярлалаа. Гэмт хэрэг нь өчүүхэн маргаан, технологийн жижиг алдаанаас эхэлдэг. Маргаан нь хүний амь насанд хүрэх, технологийн жижиг алдаа нь даамжирч олон хүний амь нас эрүүл мэндийг хохироодог. Нийгмийн өвчин нь хагалгаанд орох хэмжээнд хүртэл нь даамжираад эндэгдэл гарахаар эмчийг буруутгадаг. Тийм эмч, эмнэлгийг ажиллах бололцоог хангахын тулд тэдний орчинг сайжруулснаар үр дүн гарахгүй. Өөрөөр хэлбэл нийгмийн эмч болох цагдаа, шүүх, прокурорын орон тоо, ажиллах орчин, шоронгийн тоог нэмэх, эрх зүйн орчинг сайжруулах ажил хийгдсээр байгаа боловч олон нийтийн дунд тэдний нэр хүнд унасаар л байна. Авлигачид албан тушаалтнууд, шударга бус байдал бий болж байна гэж шүүмжлэлд өртөөд байна. Гэмт хэргийг маргаан үүсэхээс өмнө зохицуулдаг арга нь өөрөө салбарын хууль. Хүнсний үйлдвэрт технологийн алдаа гаргахгүй байхад чиглэгдсэн бүтэн механизм ажилладаг. Технологийн алдаа гарвал түргэн хугацаанд засаж залруулдаг. Тухайн алдаатай үйлдэл давтагдаад байвал хариуцлага тооцдог. Тэр нь торгодог, шийтгэдэг, хорьж цагддаг биш. Манай салбар хуулиудын ашиглаж байгаа зохицуулалтыг судлаад байхад бүхнийг хориглох, үүрэгжүүлэх, зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэдэг аргыг түлхүү ашиглаад байна. Үр хүүхдээ томоотой, сайн хүн болгохын тулд өчүүхэн алдаа гаргангуут зодоод байж болохгүй биз дээ. Хүмүүжлийн олон арга бий шүү дээ. Ийм хуультай болохоор бизнес эрхлэгчид хатуу ширүүн хуультай гээд байгаа юм. Тэр хатуу гарын аргыг олохын тулд авлига гээч зүйлийг бий болгоод байна. Тэр хатуу гар нь хатуу хуультай болохоор тийм амар арганд автахгүй хүн суртал бий болгож байна. Эрх мэдлээ хамгаалах тогтолцоо бүрдүүлж байна.
Энэ бүхнээс салах арга магадгүй гол арга нь салбар хуулийг шинэчлэх. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль энэ зохицуулалтыг тусгаж өгсөн. Түүнчлэн гэмт хэрэг, зөрчил гарахад юу нөлөөлж байгаа, цаашдын төлөв байдлын талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ-д заавал танилцуулж байхаар хуульчилсан.
-Иргэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготойгоор үйлдэл хийгээд эргээд гэмт хэргийн хохирогч, хариуцагч болох нь цөөнгүй. Олон ч эргэлзээтэй заалтууд өмнөх хуульд байсан. Энэ асуудлыг хэрхэн шийдсэн бэ?
-Иргэд төдийгүй хууль сахиулагчид хүртэл ажил хийгээд түүнтэй буруутгагдаж хариуцлага хүлээж байна. Үүнийг салбар хуулиудаар зохицуулах байх. Энэ хуулиар биш.
- Шинэ хуулийн хүрээнд холбогдох субьектууд дээр бүтцийн өөрчлөлт гарах уу? Хууль 1 сарын 1-нээс хэрэгжээд эхэлсэн хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор төсөв, санхүүгийн асуудал Хууль дотоод хэргийн сайдын багцад суугдсан уу?
- Өмнөх хуулиар торгууль шийтгэлийн орлогын 40 хүртэл хувь нь урьдчилан сэргийлэх ажилд зарцуулагддаг байсан бол шинэ хуулиар 40-өөс доошгүй хувь нь энэ ажилд зарцуулагдахаар хуульчлагдсан. Гэхдээ энэ бүх мөнгө Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцад суухгүй. Аймаг нийслэлийн төсөв төвлөрүүлээд сум, дүүрэгт хуваарилагдана. Гэхдээ зарцуулалтад нь Зохицуулах зөвлөл, Аудит, Сангийн яам, тухайн шатны иргэдийн төлөөлөгчдийн хурал шат шатандаа давхар хяналт тавина. Энэ төсөв юунд зарцуулагдахын хуульд нарийн тодорхой заасан байгаа.
-Энэ хуулийн хэрэгжилтэнд голлох оролцогчид хэн бэ? Хуулийн хамрах хүрээ өргөссөн, хуулийн үндсэн агуулга шинэ шатанд гарсан гэвэл төрийн аль субьектын манлайлал хамгийн чухал вэ?
-Бүгд л жигд оролцоотой байхаар хуульчлагдсан ч гэсэн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, хуулийн хэрэгжилтийг хангуулахад сэтгэлээ чилээж ажилладаг хүмүүс манайх байх. Үүнд: цагдаа, прокурор, мэргэжлийн хяналтын байгууллагууд. Урьдчилан сэргийлэх ажил нь өвчинг оношлохоос эхэлж, арга хэмжээ дууссаны дараа ямар өөрчлөлт авчирсан гэдгийг оношлохоос дуусдаг. Энэ утгаараа криминологич судлаачдын үүрэг, ёс зүй чухалд тооцогдоно.
-Судлаачдын үүрэг, ёс зүй урьдчилан сэргийлэх ажилд яаж нөлөөлдөг юм бэ?
-Криминологич буюу нийгмийн сөрөг үзэгдэл судлаачид, энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг хүн, байгууллагууд дур дураараа судалгаа хийгээд ниймгээ оношлоод эхэлбэл төөрөгдөлд орно. Мөн олон нийтийг айдаст автуулахаар судалгааны дүнг тархааж болохгүй. Асуудлыг дэврээж байгаад төсөв мөнгө батлуулах гэсэн оролдлого гарч болзошгүй учир судалгааны арга аргачлал, түүнд тавих хяналтыг тусгайлан батлахаар тусгасан. Мөн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэнэ судална гэдэг нь хэн хүний хийдэг ажил биш, эрсдэлтэй. Тухайлбал, хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг, хүний наймаа, авлигын нөхцөл байдлыг гүнд орж судалж тогтоон урьдчилан сэргийлэх бодлого боловсруулна гэхээр ойлгогдох байх. Тийм болохоор энэ хуульд урьдчилан сэргийлэх ажилд оролцох хүмүүсийг сургаж, дадлагажуулах ажил бас тусгагдсан.
-Төрийн албан хаагчид гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд оролцохдоо хэрхэн ажиллах вэ?
-Өмнөх ажлаа л сайн хийх нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд оролцож байгаа гол хувь нэмэр. Төрийн албан хаагчийн гаргаж буй зан авир, ажилдаа хандаж буй хандлага зэргээс олон нийт төрийн хуульдаа итгэх итгэл, бухимдал зэрэг гэмт хэргийн шууд бус нөлөөлөл багасна.
-Мөрдөгч, прокурор, шүүх гэмт хэрэгтнийг өөгшүүлж хохирогчийг хохироодог гэсэн шүүмжлэл их байдаг. Энэ нь гэмт хэрэгтэн амтшиж дахин хэрэг хийхэд хүргэдэг гэсэн шүүмжлэл байдаг. Энэ нь хуулиар засагдсан уу?
-Энэ гажуудлыг засах ажлыг байгууллага дотооддоо хийх ёстой байх. Энэ хуулийг бүхэлд нь уялдаа холбоогоор нь судалбал мөрдөгч та хэргээ илрүүлэх ажлыг, улсын байцаагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуулийн хүрээнд сайн хий, прокурор хяналтаа сайн тавьбал гэмт хэрэг буурна гэсэн байгаа. Тийм ч учраас тус хуулийн 11 дүгээр зүйлд гэмт хэрэг, зөрчил шалгах ажиллагааны чанар үр нөлөөг дээшлүүлэх арга хэмжээ, бодлого боловсруулах талаар тусгайлан заасан.
-Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх ажил гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд хамаарагдах уу?
-Эрх зүйн шинэчлэлийг ажилд оролцож байсны хувьд анзаарагдсан зүйл бол олно нийтийн дэмжлэг. Түүний тулд тэдэнд ойлгуулах. Энэ хуульд соён гэгээрүүлэх ажлыг 10 дугаар зүйлд хуульчилсан. Та бүхэн сүүлийн хоёр жилийн хугацаанд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, цагдаагийн байгууллагаас зохион байгуулж ирсэн олон нийтэд хандсан “Яараад яахав, Нэг цохилт нэг амьдрал, Unfriend, Дураараа биш ээ дүрмээрээ, Зөв тусгал, Нэг хором” гэх мэт арга хэмжээг харж үр дүнг нь мэдэрсэн байх. Гэмт халдлагад өртөж байгаа гол хүчин зүйл нь иргэдийн эрх зүйн боловсрол. Тэр бүү хэл томоохон бизнес эрхлэж байгаа удирдлагууд хүртэл хуулийг саад бэрхшээл, хуульчаа дандаа болохгүй бүтэхгүй юм ярьдаг гэсэн хандлага байна шүү дээ. Хуультай холбоотой асуудал байгаа ч үүнийг залруулахгүйгээр гэмт хэрэг, зөрчилөөс урьдчилан сэргийлэхэд их төвөгтэй. Энэ нь олон шаттай арга хэмжээ.
-Хууль өөрчлөгдөнө гэдэг нь хөгжил авчирна, асуудал шийднэ гэж ойлгож байгаа. ямар асуудлыг шийдвэрлэх дэвшилт гарсан бэ?
-Хууль бүхнийг шийддэг шидтэй зүйл бишээ. Гэхдээ манайд тийм хандлага бий болчихлоо. Тэгэхээр хуулиа хөгжил дэвшилд хүргэнэ гэж бодож байгаа бол үг дуугүй дагаж мөрдөх хэрэгтэй.
Гэтэл манайх батлагдсан өдрөөс нь үгүйсгэх, шүүмжлэх хандлага давамгайлаад явчихдаг. Бүүр хууль сахиулах үүрэгтэй албан хаагчид нь хүртэл. Энэ нь үзэгдэл хэмжээнд даамжирсан. Хугацаа алдалгүй залруулах ёстой. Яах ёстой вэ гэвэл, төрийн албан хаагчид, хууль сахиулагчдын ажил үүргийг маш нарийн, тодорхой, хэн ч ойлгогдохоор бичих ёстой. Яг авто машины замаар явж байхад хаана явж байгаа, яаж явах нь тодорхой, ямар үйлдлийг хориглох, зөвшөөрсөн тэмдэглэгээтэй замаар явж байгаа юм шиг. Арай амьдралаас тасархай зүйл ярьчихсан уу. Төрийн албаны шинэ хуулийн гол зорилго нь энэ талаар Төрийн албаны зөвлөлийн удирдлагууд яриад байгаа юм. Түүнийг хэрэгжүүлэхэд гэмт хэрэг, зөрчлөөс урьчилан сэргийлэх ажил эхэлнэ.
- Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төв