Экологийн цагдаагийн албанд иргэдийг шалгаруулж ажилд авна
2020-01-17
Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолоор цагдаагийн байгууллагын бүтцэд Экологийн цагдаагийн нэгж байгуулах шийдвэрийг гаргасан. Улмаар цагдаагийн байгууллагад нийт 170 орон тоо шинээр нэмж батлагдсан юм.

 

Тус нэгж нь хүрээлэн буй орчныг хамгаалах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, байгаль экологид учрах хохирлыг бууруулах чиг үүрэгтэйгээр ажиллах бөгөөд орон нутагт Архангай, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий зэрэг анхаарал татсан 11 аймаг дахь цагдаагийн газарт эрүүгийн мөрдөгч, мөрдөгчийг ажиллуулах аж.

 

Мөн байгаль экологийн хувьд эрүү, хэв журмын нөхцөл байдал хүндэрсэн, ойн сан бүхий болон хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, нөхөрлөл ихтэй дээрх аймгуудын нийт 74 суманд 78 байцаагчийг ажиллуулахаар болсон байна.

 

Иймд цагдаагийн байгууллагад газар, түүний хөрс, газрын хэвлий, баялаг, ус, ургамал, агаар, ан амьтан, химич, эм зүйч, биологич зэрэг мэргэжилтэй иргэдийг шалгаруулж авах ажлыг эхлүүлжээ. Энэ талаарх мэдээллийг 99099679, 96014149, 70191511 дугаарын утсаар тодруулах боломжтой.

Shuud.mn
Сонин хачин