Ерөнхийлөгч зарлиг гаргаж долоон шүүгчийн бүрэн эрхийг сэргээв
2020-01-13

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 06-р сарын 26-ны өдөр зарлиг гаргаж, нэр бүхий 17 шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Харин энэ сарын 10-ны өдөр буюу өнгөрөгч баасан гарагт мөн зарлиг гаргаж зарим шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг тус тус сэргээсэн байна.

 

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт "Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлсэн бөгөөд уг түдгэлзүүлсэн хугацаа дууссан, энэ хуулийн 17.1-д заасан үндэслэл арилсан бол Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Ерөнхийлөгч шүүгчийн бүрэн эрхийг сэргээнэ” гэж заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зарим Ерөнхий шүүгч, шүүгчийн бүрэн эрхийг сэргээх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлжээ.

 

Бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн шүүгч нарт холбогдох мөрдөн шалгах тодорхой ажиллагааг явуулсан боловч шүүгч Х.Сонинбаяр, П.Золзаяа, Ж.Оюунтунгалаг, Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа, Т.Энхжаргал, Б.Нармандах нар гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдлыг хүчингүй болгож дээрх нэр бүхий шүүгчдийн бүрэн эрхийг нь сэргээсэн байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин