Залилан: “Төрийн албаны шалгалтад гарцаагүй тэнцүүлнэ”
2019-12-26
Гэрэл зургийг MPA.mn

 

Найз маань төрийн албан хаагч болох мөрөөдөлтэй. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд төрийн албан хаагчийн шалгалтад хоёр ч удаа мэдлэг сорьсон боловч бүдэрчихээд байгаа. Өнгөрөгч аравдугаар сард зохиогдсон тус шалгалтыг өгөхдөө найз төрийн албаны шалгалтад бэлтгэдэг сургалтын төвд мөнгө төлжээ. Иймд “Онц” авна гэж итгэсэн ч хоёрдахь удаагаа тэнцээгүй аж.

 

Мань хүн сургалтын төвд 300 мянган төгрөгийн төлбөр төлж 14 хоног суралцахдаа тестийн ном болон “Т тест” гэх аппликейшны даалгаврыг ягштал цээжилжээ. Гэтэл цээжилсэн тест нь ирээгүй тул бүдэрсэн гэнэ. “Гарцаагүй тэнцүүлнэ” гэж амалсан сургалтын төвд гомдох эсвэл автоматаар хариу цээжилж бэлэнчилсэн өөртөө гомдох эсэхдээ эргэлзсээр суугаа тэрээр төрийн албаны шалгалтад тэнцүүлэх нэрээр төлбөр авч иргэдийг хууран мэхэлдэг сургалтын төв олноор цэцэглэсэн гэдгийг хэлсэн юм.

 

“Чоно борооноор...” гэгчийн үлгэрээр Төрийн албаны шалгалт болох зартай зэрэгцэн “Төрийн албаны шалгалтад бэлтгэх сургалтын төвүүдийн зарын цуваа зэрэгцэн хөвөрдөг юм байна. “100 хувь найдвартай тэнцүүлнэ. Шалгалтад ирэх тестүүдээс багтсан сургалтыг олгоно”, “Төрийн албаны шалгалтад тэнцсэгсэдийн ихэнх хувь нь манай сургалтыг төгссөн” гэх зэрэг ашиг орлого олох гэсэн маркетингийн шинжтэй зарлалуудын цаана байх сургалтын төвүүд хэр зэрэг үнэн бодитой мэдлэг, мэдээллээр хангаж, иргэдэд хүрч үйлчилдэг болохыг энэ удаад хөндөхөөр шийдлээ.

 

Фэйсбүүкээр хайлт хийвэл Төрийн албаны шалгалтад бэлтгэх сургалт гэх нэртэй хуудаснууд гарч ирж байна. Тэдгээрээс “ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТАД БЭЛТГЭХ 8+1 ӨДРИЙН сургалт гэсэн зарын дагуу /дараахь зурагт хуудас бүхий сургалтын төв/ рүү залгаж үзлээ.

 

 

-Сайн байна уу, Төрийн албаны шалгалтад бэлтгэх сургалтын талаар тодруулах гэсэн юм.

 

-Асуу, асуу

 

-Энэ сургалт хэзээнээс эхлэх вэ?

 

-Нэгдүгээр сарын 09-нд эхэлнэ дээ.

 

-Хэд хоногийн сургалт вэ?

 

-8-9 хоног

 

-Сургалт хөтөлбөр шалгалтын жишиг номын дагуу явагдах уу эсвэл...?

 

-Үгүй, үгүй дандаа шалгалтад орж ирдэг тестүүдээр бэлтгэнэ. Шалгалтын тестүүдийг нь зааж, арга техникүүдийг нь ойлгуулж ажиллуулна.

 

-Яг шалгалтад орж ирэх тестүүд нь мөн болов уу?

 

-Ер нь бол шалгалтад орж ирж байсан жишиг тестүүд бүгд байгаа. Сая улсын хэмжээнд  8000 хүн сургалт өгсөнөөс манай сургалтад хамрагдсан хүмүүсийн ихэнх нь тэнцсэн.

 

-Тийм үү? Танай сургалтаас хэдэн хүн тэнцсэн бэ? Би ч гэсэн танай сургалтад хамрагдвал тэнцэнэ гэх баталгааг өгч чадах уу?

 

-Сая болж өнгөрсөн шалгалтад 7960 хэдэн хүн өгснөөс 1100-гаад хүн тэнцсэн. Түүний тал нь манай сургалтын хүмүүс байсан. Ер шалгалтад орж ирэх тестүүдийн 60 хувь нь номон дээр байгаа шүү дээ.

 

-Төлбөр нь ямар үнэтэй вэ?

 

-165 мянга төгрөг. Апплейкшн болон бусад материал болон тестийн материалаар хангана.

 

- Ямар апплейкшн нь вэ?

 

- “Старт тест” гэж апплейкшн байгаа даа. Зөвхөн сургалтад суух хүмүүст хэрэглүүлдэг. Сургалт 8-9 хоног үргэлжилнэ.

 

Төрийн албаны шалгалтад бэлтгэх тестийн номын өмнөтгөл үгэнд “Энэхүү номонд багтсан тестүүд нь жишиг даалгавар” гэдгийг тодотгожээ. Гэтэл надад мэдээлэл өгсөн сургалтын төвийн ажилтан тестийн номоос шалгалтын даалгаврын 60 хувь нь ирдэг гэсэн нь эргэлзээ төрүүлэв.

 

2017 онд шинэчлэн найруулж, УИХ-аас баталсан Төрийн албаны тухай хууль  2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Ийнхүү гурав дахь удаагаа шинэчлэн баталсан Төрийн албаны тухай хууль долоон хэсэг 23 бүлэг, 77 зүйлтэй бөгөөд хуулийг хэрэгжүүлэхийн тулд 46 дүрэм, журам дагалдан баталсан.

 

Хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд төрийн албаны шалгалтын агуулгыг өөрчилж өмнө нь шалгалтад бэлтгэхэд зориулан урьдчилан хэвлэсэн тестын номоос даалгавруудыг багтаадаг байсныг болиулж жишиг даалгавраар шалгалт авдаг болсон. Гэтэл “төрийн албаны шалгалтад гарцаагүй тэнцүүлнэ” гэх уриа бүхий сургалтын төвүүд номон дээрх даалгавар тэр чигтээ шалгалтад ирэх мэтээр иргэдэд тайлбарлаж “жишиг даалгавар” гэдэг үгийг нууцалдаг аж. Мөн сургалтын төвийн зүгээс хуулийн шинэчилсэн найруулгаас өмнө зохион бүтээсэн гар утасны аппликейшнээр тест бөглүүлж үүнийг л цээжилчихвэл “гарцаагүй” тэнцэнэ хэмээн иргэдийг төөрөгдүүлж байна. Үнэн хэрэгтээ тестийн агуулга өөрчлөгдсөн төдийгүй нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн заалтуудыг шинээр оруулсан. Тэгэхээр гар утасны аппликейшн бөглөөд л гарцаагүй тэнцэнэ гэдэг мөрөөдөл болжээ.

 

Төрийн албаны шалгалтад бэлтгэх албан ёсны апплейкшн одоогоор гаргаагүй байгаа бөгөөд иргэд сургалтын төвд суралцаж байгаа нэрийдлээр хувь хүмүүсийн бэлтгэж хувьдаа ашиг олох гэсэн санаачилгаар хийсэн аплейкшнд бүх л итгэлээ өгч, өдөр шөнөгүй бэлтгэж байгаа нь тун харамсалтай.

 

Нэг жишээ дурдахад “Төрийн албан хаагчийн шалгалтад тэнцүүлж өгнө” гэж амалсан нэгэн сургалтын төвд хамрагдсан 34 хүнээс гуравхан хүн шалгалтад тэнцсэн байх жишээтэй.

 

Гаднын улс орны төрийн албаны гэлтгүй бүх төрлийн шалгалтын систем нь шалгуулагчдаас авах тестээ “задалж” ном болон хэвлэн цээжлүүлж байгаад авдаг туршлага байдаггүйг мэдээлэл хөгжсөн энэ цаг үед төвөггүй олж мэдэх боломжтой ажээ.

 

Цээжлэлтэд суурилсан систем нь 1850 оны үед Англид үүссэн гэдэг. Энэ нь систем нь  хоцрогдож, хүн төрөлхтөн 1970-аад оноос сэтгэл зүйд суурилсан мэдлэгийн систем рүү шилжиж эхэлсэн гэдэг. Тиймээс шалгалт бол цээжилснээ шалгуулах биш, мэдлэгээ цаашилбал өөрийгөө шалгуулах сорил болсон эрин цаг үед бид амьдарч байна.

 

 

Хэрэв та төрийн албан хаагчийн шалгалтад тэнцмээр байвал “толгой”-доо л найд. Элдэв бэлэн амлалт өгсөн сургалтын төвийг зорихоос илүүтэй шалгалтад нэгээр тэнцсэн иргэнтэй уулзаад хэдий хэр хугацаанд хэрхэн бэлдсэн тухай туршлага хуваалцвал хөрөнгө, санхүү цаг хугацаагаар хохирохгүй. Урьдчилж хэвлэсэн тестийн номон дахь даалгавар тэр чигтээ ирэхгүй түүнтэй ижил даалгавар багтсан тул нэгд нэгэнгүй ном цээжилж чадсан нь биш хэн хичээж, ойлгож чадсан нь тэнцэнэ.

 

Цээжилсэн бүхэн мэдлэг биш гэж үг бий. Тиймээс бэлэн “шпи” хайхын оронд бэлд. Бэлдсэн хүн л бэрхшээлийг давна. Номоо унш. Уншихдаа ойлгож унш. Мэдээллийг албан ёсны эх сурвалжаас ав. Ам дамжсан яриагаар сайн сургалтын төв хайж явахаар алдаж болохгүй үнэтэй цаг хугацааг судалхад, суралцахад зарцуул гэж зөвлөх байна.

 

Таныг тэнцүүлнэ гэж амласан сургалтын төвүүд Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс 20 мянган төгрөгөөр худалдаж авах номыг хуудас хуудсаар нь скайнердан файлаар тэнд өгч, хэдэн онд хэний ч юм зохиосон улирч баларсан хэдэн тесттэй гар утасны аппликейшн ашиглуулсныхаа төлөө танаас 100-400 мянган төгрөгийн хэд дахин нугалсан төлбөр авч байна.

 

Эдгээр сургалтын төв бүр үнэн зөв, хэр зэрэг баталгаатай, баримттай, хууль ёсны мэдлэг, мэдээллээр иргэдэд үйлчилж байна вэ гэдгийг Мэргэжлийн хяналтын байгууллага шалгах цаг нь болсон юм шиг... Замбараагүй олон сургалтын төвийг хэн цэгцлэх вэ, хууль хяналтын байгууллага, Төрийн албаны зөвлөл энэ тал дээр ямар арга хэмжээ авах вэ?!

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Энэ сургалтын төвийг нэгэн гавьяат хуульч өвгөн,өмгөөлөгч бсн эмгэн 2 анх 2013,2014 онд билүү Төрийн албаны шалгалтын өмнө явуулдаг блаа. Дээр бичсэн эдний тухай ба оо. Яг ингэж хэлж ....хичээл явагддаг блаа. Гэвч....олон хүн тэнцээгүй л дэ
2019-12-26
яахын аргагүй улаан нойл арын хаалганы чавганц тэнццэн нааж байгаам чинь бөөн гошин шог
2019-12-26
Ккк:
шалгалт авах систем өөрөө но той
2019-12-26