Иргэдийн гомдол мэдээллийн дагуу гарал үүсэл нь тодорхойгүй, чанарын баталгаагүй даралтын аппарат, чагнуур, утлагын аппарат зэргийг худалддаг гэх онлайн дэлгүүр, сайтуудад МХЕГ-аас хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар нэр бүхий онлайн худалдаанд даралтын аппарат, чагнуур, утлагын аппаратын зураг, танилцуулгыг байршуулсан бөгөөд гарал үүсэл, үйлдвэрлэгч тодорхойгүй, загвар /үзүүлэн/ бүтээгдэхүүний эх бие, хайрцаг дээрхи мэдээлэлд үйлдвэрлэсэн улс, үйлдвэрлэгчийн нэр бичигдээгүй, үйлдвэрлэгч нь стандартын шаардлага хангасан тухай гэрчилгээгүй, чанарын баталгаажилтгүй байна.
Даралтын аппарат, чагнуур, утлагын аппарат зэрэг нь Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/493 тушаал, Эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагааны стандартуудад заасан ангилал, тодорхойлолтоор эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийн ангилалд багтдаг тул тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд импортлох, худалдах үйл ажиллагааг явуулдаг. Гэтэл эдгээр сайтууд, онлайн дэлгүүрийг ажиллуулдаг иргэн, аж ахуйн нэгж нь эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж импортлох, худалдах тусгай зөвшөөрөлгүй, худалдаалж буй төхөөрөмж нь чанарын баталгаажилтгүй байв. Иймд холбогдох иргэн, аж ахуйн нэгжид Эрүүл мэндийн тухай хууль, стандартуудын хэрэгжилтийг хангах, дахин зөрчил гаргахгүй байхыг анхаарууллаа.
Иргэд даралтын аппарат, чагнуур, утлагын аппарат, сахарын аппарат зэрэг төхөөрөмжийг сонгохдоо зөвшөөрөл бүхий мэргэжлийн ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангаас үйлдвэрлэгчийн баримт бичиг, чанарын баталгаа болон Монгол хэл дээр бичигдсэн ажиллуулах зааврын хамт авч, зааврын дагуу ашиглахыг зөвлөж байна.
Уншиж байна |