Хэлж ирдэггүй хийсч ирдэг зовлон бэрхшээлийн нэг нь гал түймрийн аюул. Гал түймэр ихэнхдээ анхаарал, болгоомж алдсанаас үүдэлтэй байх нь элбэг. Сүүлийн үед ахуйн гал түймэр ихээр гарч, иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирох болжээ.
Тухайлбал Нийслэлийн хэмжээнд 2019 онд 3148 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна. Нийт дуудлагын 91,8 хувийг ахуйн гал түймэр эзэлжээ. Өнгөрөгч л гэхэд нийслэлийн хэмжээнд ахуйн гал түймрийн цөөнгүй дуудлага Онцгой байдлын албанд ирсэн бөгөөд нэг иргэн гал түймэрт өртөж амь насаа алджээ.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд иргэн Б-гийн 6х4 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.24-ний өдрийн 21:23 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 21:30 цагт очиж, 10 минут ажиллаж унтраажээ.
Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд иргэн Д-гийн 5х11 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.24-ний өдрийн 08:41 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 08:50 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан байна.
Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд иргэн М-ийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.24-ний өдрийн 21:39 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 21:46 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт хаяг тодорхойгүй иргэн О /38 настай, эмэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Гал түймрийн шалтгаан нөхцөл нь айл, өрхүүдэд ашиглагдаж байгаа пийшин, зуухны гэмтэл, ил задгай асгасан цогтой үнс нурам, хараа хяналтгүй орхисон бага насны хүүхэд, иргэдийн болгоомжгүй үйл ажиллагаа, зориулалтын бус цахилгааны утасны ашиглалт, цахилгаан хэлхээний хэт ачаалал зэрэг хувь хүний санамсар болгоомжгүй байдлаас үүдэж байна.
Иймд:
-Бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байх, пийшин, зуух яндангийн эвдрэл гэмтлийг засч, хүүхэд хүрч, түлэгдэх, гэмтэхээс сэргийлэх, цахилгааны утас, залгуур, ил гарах зүйлс, шатах, тослох материалыг бага насны хүүхдээс хол байлгах,
-Халуун үнс нурам, галтай хог хаягдлыг хогийн ил цэгт хаяхгүй байх, шингэрүүлсэн шатдаг хийгээр болон цахилгаанаар ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг баримтлах,
-Пийшин, зуухны янданг дээврийн гадаргуугаас 50 см-ээс багагүй өндөртэйгээр гаргах, дээвэр таазнаас яндан хүртэл 50 см-ээс багагүй зайтай байх, пийшин зуух нь хананаас 1,25 см-ээс багагүй зайтай байх бөгөөд галлагааны амны өмнө 70х50 см-ийн металл хуудас, төмөр байрлуулах,
-Цахилгаан халаагуур, халаагчийг ашиглахдаа цахилгаан ашиглалтын дүрэм, журмыг мөрдөх, аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгаа авах, мэргэжлийн цахилгаанчаар холбуулах, холбогдох байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх,
-Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зайн хэмжээг баримтлах,
-Аж ахуй, нэгж байгууллагууд барилга байгууламжийн галын аюулгүй байдал, гал унтраах автомат тоног төхөөрөмж, дохиолол, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, хяналтын камер, харуул хамгаалалтыг сайжруулах, яаралтай үед холбогдох утасны дугаар жагсаалтыг тодотгох,
-Гал унтраах тусгай зориулалтын автомашин хүрэлцэн очих зам, гарц, барилга байгууламжийн авралтын зам, гарцыг чөлөөтэй байлгахыг анхааруулж байна.
Г.Сүрэн
Уншиж байна |