Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаяр, түүний зөвлөх нарт хилийн хориг тавих санал ирүүлжээ. Уг саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр 11.00 цагт нээлттэй хэлэлцэх юм.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр 2016-2017 онд ХНХ-ын сайдаар ажиллаж байхдаа удирдамж баталж, ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа даргын тушаалаар төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулсан. Гэвч тухайн ажлын хэсгээс нэг ч удаа хуралдалгүйгээр нэр бүхий 27 аж ахуйн нэгжид нийт дөрвөн тэрбум төгрөг олгосон нь нотлогдсон гэж хуулийн байгууллагаас мэдээлсэн. Улмаар Н.Номтойбаяр нарыг яллагдагчаар татаад байна.
Энэ асуудалд тэрбээр "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сантай холбоотой намайг яллагдагчаар татсан тогтоолд гаргажээ. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхдаа Засгийн газраас батлагдсан нэг төсөлд 5 сая хүртэлх төгрөгийн зээл олгодог. Энэ тогтоол Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед батлагдсан Засгийн газрын тогтоол. Энэ тогтоолд нэг иргэнд таван сая хүртэл төгрөгийн зээл олгохоор тусгасан байсан. Орон нутгийн шинж чанартай төсөл хөтөлбөрт санхүүжилт олгодог тогтоол. АТГ-ын мөрдөн байцаагч буруу хууль, тогтоомж үндэслэн намайг буруутгасан байна.
Мөн төслүүдийг эргэн төлөлтгүй хэрэгжүүлэх тогтоол гаргаж, улсад 3,9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж яллагдагчаар татах тогтоолд тусгасан байна. Хоёр жилийн хугацаатай эргэн төлөгдөх зохицуулалттай тогтоол бий. Энэ тогтоолын дагуу зээл олгогдоод, гэрээ байгуулаад зээл олгосон. Энэ төслийг шалгаруулах хуралдаанууд болоогүй, хуурамч хурлын тэмдэглэл бичиж шийдвэр гаргасан гэсэн үндэслэлийг дурджээ.
Түүнээс гадна Хөдөлмөр халамжийн дэд даргатай бүлэглэн, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 8 этгээдэд давуу байдал үүсгэсэн гэсэн байна. Салбартай холбоотой олон санал ирдэг, тэр бүгдийг харьяа байгууллагад нь шилжүүлдэг. Нэр дурдаад байгаа гишүүдийн зүгээс ямар нэг албан бичиг юм уу, зохион байгуулалттай зүйл хийгээгүй. Тэгэхээр АТГ-ын яллагдагчаар татсан тогтоолд дурдсан бүх мэдээлэл ор үндэслэлгүйгээр намайг гүтгэсэн. Бүгд нотлох баримттай байна" хэмээн мэдээлэл хийсэн.
Г.Сүрэн
Уншиж байна |