Өнгөрөгч амралтын өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын хойд хэсгээр, зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарснаас халтиргаа гулгаа ихэсч, зам, даваа гүвээ хаагдаж, хээр гадаа осгож, хөлдөх эрсдэл үүсчээ. Үүссэн нөхцөл байдалд Онцгой байдлын албан хаагчид эрэн хайх аврах ажиллагаа зохион байгуулав.
Эрэн хайх аврах ажиллагаа:
Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн “Хагийн нуур” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 161 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т/ тус сумын харьяат иргэн С /34 настай, эрэгтэй/ 11.08-ны өдрийн 14:00 цагийн орчим гэрээс явган гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11.13-ны өдрийн 10:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, Эрэн хайх, аврах салбарын 7 алба хаагч, 1 эрэлч нохой, 1 автомашин, орон нутгийн 10 иргэн, 2 автомашин, ар гэрийн 20 хүн, 2 автомашин, 4 мотоцикл, нийт 38 хүн, 1 эрэлч нохой, 9 автомашинтай 11.16-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлж, 09:50 цагт иргэн С-ын цогцсыг гэрээс баруун хойд зүгт 3,5 км-т “Хоёр модны гарам” гэдэг газраас олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт багийн “79-ийн тохой” гэдэг газарт /сумын төвөөс баруун урд зүгт 8 км-т/ Д /9 настай, эрэгтэй/ 11.16-ны өдрийн 18:00 цагийн орчим малдаа явган яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11.16-ны өдрийн 22:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 6 алба хаагч, 1 автомашин, тус сумын ЗДТГ-ын 14 ажилтан, 3 автомашин, ар гэрийн 8 иргэн, 1 автомашинтай, 2 мотоцикл, нийт 28 иргэн, 5 автомашинтай, 2 мотоциклтой эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 11.17-ны өдрийн 01:44 цагт тус сумын төвөөс урд зүгт 12 км-т “Царамын хөндий” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Дөмбөн багийн Баянбуурал гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 8 км-т/ Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэн Л /57 настай, эрэгтэй/ 11.16-ны өдрийн 13:40 цагт хоньтойгоо уруудан сураггүй болсон тухай дуудлагыг 11.16-ны өдрийн 15:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 15:50 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлэн Дөмбөн уулын хойд хэсгээр 6 км-т явганаар, автомашинтайгаар 53 км-т зохион байгуулсан бөгөөд мөн өдрийн 17:15 цагт иргэн Л гэртээ эсэн мэнд ирсэн.
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Цахир” гэдэг газарт /сумын төвөөс баруун урд зүгт 25м-т/ “Цагаан худаг”-аас баруун урд зүгт 200 метрт Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймгийн Сайхан сумын чиглэлд иргэн У-ийн жолоодож явсан “Лексүс 470” загварын суудлын автомашин /2 зорчигчтой/ цасанд суусан тухай дуудлагыг 11.16-ны өдрийн 17:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 40 км замыг туулан 19:35 цагт очиж, Дархан-Уул аймгийн харьяат иргэн У/64 настай, эрэгтэй/, Г /53 настай, эрэгтэй/, Т /65 настай, эрэгтэй/ нарыг эсэн мэнд Сайхан сумд авчирсан. Автомашиныг гаргах боломжгүй байсан.
Уншиж байна |