УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааныг УИХ-ын дарга Ц.Нямдорж даргалж байгаа юм. Монголбанкны шалгалтын дүгнэлттэй холбоотой авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл, Эрүүгийн хуулийн тухай, прокурорын тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэхээр төлөвлөжээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан зарим гишүүд үг хэлсэн юм. УИХ-ын гишүүн Л.Болд "Дэлхийн залуу удирдагчийн чуулга манайд зохион байгуулагдаж байна. Энэ бол маш том арга хэмжээ. Гэтэл яг энэ арга хэмжээний үеэр төв талбайгаа ухаж, сэндийчиж байгаа нь ямар учиртай вэ. Ойрд нийслэлийн газартай холбоотой маш олон асуудал хөндөгдөж байна. Энэ асуудлаар байнгын хороон дээр сонсмоор байна. Энэ асуудлыг зохицуулж өгөөч гэж хүсч байна гэлээ.
Гишүүн О.Баасанхүү "Приусын машины татварыг чөлөөлөх асуудал яагаад хэлэлцэгдсэнгүй вэ. Приус машины татварыг эсэргүүцэн машинаа шатаах гэсэн иргэнийг Ганц худагт хорьж цагддаг нь утгагүй. Тэр хүн амьдралын төлөө явж байгаа. Бид өөрсдөө татварыг оруулж ирээд явдаг. Хариуцлага хүлээлгэж болно. Гэхдээ цаазаар авахаар ял хүлээлгэж болохгүй. Хуульзүйн сайд энэ асуудлыг анхааралдаа аваад, холбогдох байгууллагаас хариу аваад миний нэр дээр ирүүлнэ үү. Ард түмний амьдрал хүнд байна. Тансагласан сурталчилгаа хийгдэж байгаа болохоос биш тансаг амьдрал алга байна гэсэн юм.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Монгол Улсын хувьд хөдөө аж ахуй том салбар. Энэ салбар дээр өөрчлөлт хийгээд Малын удмын сан, генетик өөрчлөлтийн тухай хуулийг ач холбогдлыг нь бодоод хэлэлцэх асуудлын эхэн оруулж өгөөч" гэсэн саналын хэллээ.
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж "Л.Болд гишүүний саналыг боломжтой гэж үзвэл байнгын хороон дээр хэлэлцэх хэрэгтэй. Олон улсын арга хэмжээг эсэргүүцэж нийслэл энэ ажлыг хийгээгүй байх. Талбайд зогсоол барихаар сайжруулж байгаа юм билээ. Бөөсийг хүртэл улстөржүүлэхээ болимоор юм. О.Баасанхүү гишүүн асуудлаа прокуророос асуу." хэмээв.
Ийнхүү гишүүд саналаа хэлж дууслаа. Ингээд Монголбанкны шалгалтын дүгнэлттэй холбоотойгоор авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ.
Н.Энх
Уншиж байна |