Алдаа хийгээд, “хэцүү” газар орчихсон охиноо харж суугаа эцэг хүний амнаас ямар ч үг гардаггүй юм байна. Бүр уйлж чадахгүй, гомдож болохгүй, тэр тусмаа загнаж буруутгаж бүр чадахгүй. Энэ үнэхээр хэцүү шаналан. Ялангуяа охин хүүхэд гэдэг чинь хичнээн эмзэг, хэцүү билээ. “Би чамайг буруу хүмүүжүүлсэн учраас, миний охин алдлаа” гэх харуусал гуниг тээж байгааг үзүүлэх “дүрийн шугам”-ыг л барьж тоглох гэж хичээлээ. Угаасаа үр хүүхэд нь ямар нэг алдаа гаргахад эцэг хүн бүх бурууг өөр дээрээ авдаг, дотроо нурж, эмтэрч суудаг юм байна л даа. Тийм ч учраас уулзаж ч чадахгүй зугатаж байгаа нь өр өвдмөөр. Нэг бодлын “жаргалтай” зовлон гэмээр. Алдахгүй хүн гэж байдаггүй, харин жижигхэн л алдаасай, том алдаа бүү хийгээсэй гэж хүний эцэг эх хүсч суудаг юм шүү.