АНУ, Украин, Европын төлөөлөгчид уулзав

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио болон Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Стив Уиткофф нар Францын нийслэл Парис хотноо Украин, Европын холбооны төлөөлөгчидтэй уулзлаа. Энэ уулзалтаар ОХУ-ын түрэмгийллийн эсрэг Украины хамгаалалтыг улам бэхжүүлэх асуудлаар хэлэлцсэн байна.
Францын Елисейн ордны эх сурвалжийн мэдээлснээр, Украин, АНУ, Их Британи, Франц, Германыдипломат төлөөлөгчид асуудлыг нарийн хэлэлцсэн бөгөөд стратегийн хувьд онцгой ач холбогдолтой уулзалт боллоо гэв. Түүнчлэн талууд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гаргаж буй гал зогсоох хүчин чармайлтыг дэмжиж буйгаа онцлон тэмдэглэсэн байна.
Ирэх долоо хоногт Лондонд мөн адил түвшний хэлэлцээ үргэлжлэн болох аж. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон энэ удаагийн уулзалтыг “дипломат дайчилгааны өдөр” хэмээн тодорхойлж, “өнөөдөр бид гал зогсоох, мөн урт хугацаанд энх тайвныг тогтоохын төлөө үр дүнтэй яриа өрнүүллээ гэж мэдэгдсэн юм. Тэгвэл Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлэхдээ, "Энэхүү хэлэлцээг зохион байгуулсан Э.Макрон болон оролцогч орнуудын төлөөлөгчдөд талархал илэрхийлж байна. Бид харилцан ойлголцож, байр сууриа ил тод болгох, цаашлаад Украин төдийгүй бүх Европын аюулгүй байдлын төлөө хамтран ажиллах нь туйлын чухал” юм хэмээн онцолсон байна.
Дональд Трампын хувьд сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ "АНУ-ын зүгээс дэвшүүлсэн гал зогсоох саналыг ОХУ-ын тал хэлэлцэж энэ долоо хоногт багтаан хариу өгч магадгүй. Бид ОХУ-аас ирэх хариуг хянуур нягтлах болно" гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ