Алдаандаа гэмшсэн ч өөрийгөө буруутгаагүй “Эхиймаа”

“Х.Халиуны толгойд нэг л зүйл эргэлдэнэ. Тэр нь түүний хүү. Хүүгээ санаж шөнө бүрийг дэрэн дээрээ доголон нулимстай. Х.Халиуны туйлын хүсэл батлан даалтаар гарч, шоронгийн тухай кинонд тоглож байгаа, удахгүй очно гэж хэлсэн хүүдээ очих. Тэр нарсанд өдөр бүр батлан даалтад гарахсан гэж залбирсаар 108 хоногийг өнгөрөөнө...”
Энэ бол найруулагч Д.Золбаярын бүтээл “Эхиймаа” кино. Жүжигчин Ц.Алдармаагийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн энэ кино нээлтээ хийхээсээ өмнө олны шүүмжлэл, битүүхэн хүлээлтийг дагуулсан. Учир нь, 2014 онд хошин урлагийн “Шинэ үе” продакшн аялан тоглолтоор явж байх үед хоёр жүжигчин нь маргалдаж нэг нь эрүүл мэндээрээ хохирч, нөгөөх нь шүүхээс ял авсан. Тодруулбал, зочид буудалд Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар маргалдаж улмаар Ц.Оюунтуулыг халуун усаар түлж биед нь ноцтой гэмтэл учруулсан байдаг. Ц.Алдармаа өөрийгөө өмөөрсөн эсэх, Д.Оюунтуулын талаар юуг хүүрнэх талаар “Эхиймаа”-гаас үзэж болно. Киноны гол баатар Х.Халиунд жүжигчин Ц.Алдармаа тогложээ.
Киноны туслах дүр бүтээсэн МУГЖ Ц.Төмөрхуяг, жүжигчин Д.Чулуунцэцэг, Б.Навчаа нар дүрээ чадварлаг бүтээжээ. МУГЖ Ц.Төмөрхуяг амьдралдаа алдсан охиныхоо төлөө сэтгэл шаналан, уучлалт эрнэ. Тэрбээр эцэг хүний харуусал, амьдралд алдсан охиндоо юу ч хэлж эс чадан, гагцхүү бүх бурууг сэтгэлийн гүндээ өөртөө үүрч шаналж буй. Киноны үйл явдал эмэгтэй хүн, эх хүний сэтгэлийн нарийн нандин мэдрэмжүүдийг хүүрнэсэн.
...Дөрвөн ортой шоронгийн бүүдгэр өрөө, дөрвөн бүсгүй. Орон дээр толгойгоогоо бөхийлгөн суух Х.Халиун.
Ганжаргал: Чи ер нь яг яацан юм, хөгшөөн?
Халиун: Юу ч хийж чадахгүй хэрнээ юу ч хийж мэдэх хүн байдаг юм билээ. Гэхдээ л миний буруу л даа. Надад гаргасан үйлдлийг нь өөрт нь буцаагаад гаргачихсан юм. Тэгсэн чинь л ийм юм болчихлоо...” гэсэн хариулт киноны гол зөрчил, зангилаа.
Харин үзэгч миний дүгнэлт: Алдаандаа гэмшсэн ч өөрийгөө буруутгаагүй “Эхиймаа”.
Эргэн сануулахад:
“Шинэ үе” продакшнд жүжигчин ажилтай Д.Оюунтуул нь 2014 оны 04 дүгээр сарын 27-ноос 2014 оны 04 дүгээр сарын 28-нд шилжих шөнө, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зочид буудлын өрөөнд Ц.Алдармаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар ар нурууг нь халуун усаар түлж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,
“Шинэ үе” продакшнд жүжигчин ажилтай Ц.Алдармаа 2014 оны 04 дүгээр сарын 28-нд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зочид буудлын өрөөнд өмнөх өдөр нь халуун усаар нуруу түлсэн гэх шалтгаанаар Д.Оюунтуулыг халуун усаар түлж, онц харгис хэрцгий аргаар бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон.
Прокурорын газраас Ц.Алдармаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.6 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл зовоон тарчлаах шинжтэй учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Алдармааг 03 /гурав/ жил 05 /тав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар Д.Оюунтуулд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн билээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ