Жил бүрийн өдийд агаарын бохирдол, утааны талаар гэнэт ухаан орсон уу гэмээр ярьж, хэлэлцэж, муудалцаж ирсэн. Гэтэл үнэндээ манай улсын хамгийн тулгамдсан асуудал бол агаарын бохирдол нэн тулгамдсан асуудал болоод байна. Агаарын бохирдол нь хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж амьсгалын замын, зүрх судасны, харшлын өвчнүүд, төрөлхийн гажиг, хавдар зэрэг олон өвчнүүдийн тархалт, тохиолдлын түвшинг ихэсгэх, улмаар нөхөн үржихүйн эрүүл мэндийг хордуулах, хүүхдийн дархлаа, өсөлт хөгжлийг бууруулах нөлөөтэй байдгийг эрдэмтэд, судлаачид судалгаа хийсээр ирсэн.
Өнөөдөр буюу 12 дугаар сарын 01-ний өдөр Баянхошуу орчим, Хайлааст, Нэгдүгээр хороолол, Толгойт, МҮОНТ зэрэг газруудад хамгийн их бохирдолтой байгаа бөгөөд хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөө үзүүлэх түвшинтэй байна.
Агаарын чанарын үзүүлэлтээр, хамгийн их агаарын бохирдолтой хотуудад Энэтхэгийн Дели, Пакистан улсын Карачи, Энэтхэгийн Мумбай, Бангладешийн Дака, Польшийн Вроцлав хот эхний тавд бичигдсэн бол Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот агаарын чанарын индекс нь 160 буюу "Хортой" гэсэн үзүүлэлттэйгээр зургадугаарт бичигдсэн байна.
Агаарын бохирдлын асуудал бий болсноос хойш Улаанбаатар хотын оршин суугчдын дунд амьсгалын замын өвчин асар хурдтай нэмэгдэж, 10,000 хүн тутамд амьсгалын замаар халдвар авах тохиолдлууд 2.7-дахин нэмэгдсэн байна.