Есдүгээр сарын 19-ний өдөр Азербайжан "алан хядах ажиллагааны эсрэг тусгай ажиллагаа" зарлан Уулын Карабахд цохилт өгч эхэлснээр энэ бүс нутаг дахин халуун цэг болон хувирсан юм. Гуч гаруй жилийн өмнө Азербайжанаас салан тусгаарлаж, Арменийн дэмжлэгийг авах болсон олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй Уулын Карабахын Бүгд Найрамдах Улсад одоогоос гурван жилийн өмнө дайн дэгдэж, талуудын хооронд үүсэж байсан хамгийн цус урсгасан үйл явдал болж байлаа. Харин энэ удаагийн хурцадмал байдал хоёр дахь өдрөө намжив.
Олон улсын хэвлэлүүдийн мэдээлснээр, тулааны хоёр дахь өдөр буюу есдүгээр сарын 20-ны 13:00 цагаас эхлэн (shuud.mn: Улаанбаатарын цагаар 17:00) цагаас эхлэн гал зогсоох, Бакутай хэлэлцээр хийхийн тулд зэвсгээ хаях шийдвэрийг Уулын Карабахын Бүгд Найрамдах Улсын эрх баригчид гаргажээ. Үүний дараа, Оросын энхийг сахиулагчдаар дамжуулан гал зогсоох тохиролцоонд хүрсэн гэж Азербайжаны Батлан хамгаалахын яам мэдэгдсэн юм.
Одоо Оросын цэргүүдтэй хамтран Армений цэргүүдийг зэвсэггүйжүүлэх ажил хийх юм байна. Карабах Азербайжаны удирдлагын дор амьдарч болно, Уулын Карабахын оршин суугчид Азербайжантай хэлэлцээр хийхэд бэлэн гэж Арменийн Гадаад хэргийн яам есдүгээр сарын 20-ны өдөр мэдэгджээ.
Уулын Карабахын хэвлэлүүдийн мэдээлснээр, хүлээн зөвшөөрөгдөөгүй энэ улс эсэргүүцэл үзүүлэхээ зогсоохоор шийдсэн нь нэг өдрийн дотор Арменийн цэргүүд ихээхэн хохирол амссан, сөргөлдөгч тал зарим газарт бэхлэлтийг сэтлэж, хэд хэдэн өндөрлөгийг хяналтдаа авсантай холбоотой гэнэ. Тулааны хоёр дахь өдөр гэхэд Карабахд 32 хүн амиа алдаж, 200 хүн шархаджээ.
Өнөөдөр буюу есдүгээр сарын 21-ний өдөр Азербайжаны Евлах хотод Карабах болон Азербайжаны төлөөлөгчид хэлэлцээрийн ширээний ард суух юм. Энэ хэлэлцээр тун хүндхэн болох нь мэдээж, учир нь Азербайжан ялалт байгуулсан, нөгөө тал нь үг дуугүй бууж өгсөн гэж хэлж болохоор. Ийм нөхцөлд Азербайжан болзол, тулган шаардлага тавих боломжтой гэсэн үг.
Арменичууд тэмцлээ үргэлжлүүлэв
Талууд гал зогсоох тохиролцоонд хүрч, цаашдын хэлэлцээр хийхээр тогтсон бол эрх баригчдаа гар хумхин суусанд дургүйцсэн арменичууд хоёр дахь өдрөө эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа.
Азербайжан Уулын Карабахд цохилт өгөхөд Арменийн эрх баригчид энэ бүс нутаг руу цэрэг илгээхгүй, шинэ дайнд татагдан оролцохгүй гэж шийдсэнийг Арменийн иргэд дургүйцэн хүлээн авч, есдүгээр сарын 19-ний өдөр эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулж, улмаар цагдаагийнхантай мөргөлдөж, жагсагчдыг олноор нь баривчилж байв.
Талууд гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч есдүгээр сарын 20-ны үдэш жагсагчид дахин нэгдэж, засгийн газрын байрны ойролцоох хэд хэдэн гудамжийг хаажээ. Мөн төв талбай дээр хэдэн мянган хүн цугласан гэж Ассошейтед пресс агентлаг мэдээлсэн байна.
Эсэргүүцэгчид засгийн газрыг огцруулж, Никол Пашиняныг огцруулж, оронд нь Уулын Карабах болон Арменийг хамгаалж чадах шинэ засгийн газар байгуулахыг шаардаж байгаа аж.
Г.Бямбасүрэн