Өнөөдөр олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдөр хүүхэд бүр баярлах эрхтэй. Тэдний шинэхэн гоёлоо өмсөж, дуртай бэлгээ авахуулж, инээж хөөрч, дуулж бүжиглэж хамгийн жаргалтай байдаг өдөр бол яах аргагүй энэ өдөр. Бидэнд дундаршгүй хайр, гэрэлт ирээдүйг авчирсан тэд өөрсдийн баярыг хэрхэн хардаг вэ? Хүүхдүүд энэ өдөр юу хийх, яаж баярлахыг хүсдэг бол?
Бяцхан ертөнцүүд хүүхдийн баярын юу нь сайхан, яагаад дуртай байдаг, юу хийхийг хүсдэг тухай ярьсныг хүргэж байна.
Хадбаатарын Мөнхзул: Би туфль, даашинз авмаар байна
Хүүхдийн баярын тухай ээж надад хэлсэн. Би Хүүхдийн баяраар туфль, плаж авмаар байна. Би хотын эмээдээ улаан өнгөтэй туфль, плаж захьсан. Бас ундаа, чихэр, бохьтой ууттай бэлэг авахыг хүсэж байна. Манай аав ээж ихэр бид хоёрт бэлэг бэлдсэн байх аа.
Нээрээ би, том болоод эмч болно. Хотод зөндөө олон эмч харсан. Гэхдээ эмч болохын тулд онц сурах ёстой гэсэн. Би одоо зургаан настай. Намар ээжтэйгээ сургуульд орно. Тоо бодож бас үсэг цээжилж байгаа.
/ Говь-Алтай аймгийн Төгрөг сум/
Даваадоржийн Анарболд: Ноён талх Солонгоcooc онгоцоор ирсэн. Би уулзахыг тэсэн ядан хүлээж байна
Хүүхдийн баяраар бэлэг авах хамгийн гоё. Энэ жилийн хамгийн гоё бэлэг бол "Ноён талхны үсчний газар" жүжгийг үзэх гэж байгаа минь юм. Ноён талх онгоцоор нисээд Монголд ирчихсэн байгаа. Би бүр уулзахыг тэсэн ядан хүлээж байна шүү. Өнөөдөр бас би муурын зулзагатай болмоор байна. Бас гадаа гарч тогломоор байгаа болохоор гадаа дулаахан байгаасай.
Хүүхдийн баяраар ундаа ууж, гэрийнхэнтэйгээ хоолонд орох бас их гоё. Өнөөдөр манай ах талбай дээр тоглоом зарах гэж байгаа юм л даа. Би ахдаа тусалж тоглоомыг нь зарж өгнө өө. Бас би том болоод олон гоё тоглоом зарж хүүхэд баярлуулдаг хүн болохыг хүсэж байна. Хүүхэд болгон жаргалтай байвал гоё шүү дээ.
/Улаанбаатар хот /
Лувсанхүүгийн Индра: Хүүхдийн баяраар бэлэг авах гоё байдаг. Бэлгэн дотор тоглоом чихэр байвал бүр гоё.
-Хүүхдийн баярын юу нь хамгийн гоё вэ?
-Намайг хариулбал хүүхдийн баяр тэмдэглэх юм уу? Та паркийн захирал юм уу? Хотхоны гадаа бид баяраа тэмдэглэсэн тэр өдөр хамгийн гоё байсан. Би эгчтэйгээ гэрийнхээ гадаа болсон баярт оролцоод, дараа нь лего тоглоомын газар тоглосон юм.
Ер нь л хүүхдийн баяраар бэлэг авах гоё байдаг. Бэлгэн дотор тоглоом чихэр байвал бүр гоё. Зөндөө олон зайрмагтай бэлэг гоё. Би шоколадтай зайрмагт илүү дуртай. Би том болоод чихэр, шоколад хийдэг хүн болмоор байна. Тэнд л би жаргалтай байна байхдаа. Гэр бүлдээ өдөр болгон өөрийнхөө хийсэн чихрийг өгч, хамтдаа идээд л. Гэхдээ та нар чихэр их идэж болохгүй шүү. Шүдэнд чинь хорхой гүйгээд өвтгөдөг гэж ээж минь хэлж байсан юм. Тиймээс бага багаар л идэх хэрэгтэй. Заа тэгээд цэцэрлэгийн найзууддаа баяраа гоё амттай юм идээд гэр бүлтэйгээ сайхан тэмдэглээрэй гэж хэлмээр байна.
/Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 56-р цэцэрлэг /
Төгс-Амгалангийн Тэнүүн: Ээж, аавын маань намайг үнсэж байгааг хайр гэнэ
Би хүүхдийн баяраар инээгээд л баярламаар байна. Бас би торт үлээж баярлахыг хүсэж байна. Том хайрцагтай бэлэг хамгийн гоё. Дотор нь зөндөө олон тоглоом амттан байх хэрэгтэй. Ээж, аавын маань намайг үнсэж байгааг хайр гэнэ. Дүүгээ өвдөхөөр би бас уйлдаг. Энэ бол миний дүүгээ хайрлаж байгаа хайр. Би ээждээ аавдаа хэлж чаддаггүй ч дүүдээ үргэлж хайртайгаа хэлдэг. Гэр бүлээрээ үргэлж хамтдаа байхад хамгийн их жаргалтай байдаг. Би том болоод маш сайн хүн болно оо. Тэгээд мундаг болоод аав ээжийгээ баярлуулна.
/Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 143-р цэцэрлэг/
Ням-Осорын Эрдэнэбүрэн: Би унадаг дугуйтай болсон
Хүүхдийн баяр бол миний хамгийн дуртай, хүсэн хүлээдэг баяр. Учир нь би бэлэг авах дуртай. Манай ах хотоос надад унадаг дугуй авчирч өгсөн юм л даа. Энэ бол хүүхдийн баяраар авсан хамгийн гоё бэлэг байлаа. Би унадаг дугуйгаа маш сайн унаж сурсан. Би одоо чипстэй, ууттай бэлэг аваад л болоо. Бэлгээ ээждээ захьсан. Би өнөөдөр гоё, шинэ дугуйгаараа хүүхдүүдийн унадаг дугуйны уралдаанд оролцоно. Энэ уралдаанд заавал түрүүлээд бэлэг авнаа.
Би одоо таван настай, намар сургууль орно. Би сургуульдаа онц сураад том болоод жолооч болохыг хүсдэг. Сайн жолооч болсныхоо дараа онгоцны нисгэгч болно оо. Яагаад гэвэл тэнгэр дүүлэн нисэж байгаа шувууг харахад эрх чөлөөтэй бас их гоё харагддаг. Би хэдий далавчгүй ч гэсэн онгоцны нисгэгч болохын бол тэнгэрт нисэж чадна шүү дээ. Яг л шувуу шиг.
/Говь-Алтай аймгийн Төгрөг сум/
Сайнбаярын Мандахбаяр: Гэр бүлээрээ дуртай газартаа очиж, олуулаа хөгжилдөж өнгөрүүлсэн хүүхдийн баяр хамгийн гоё дурсамжтай
Гэр бүлээрээ дуртай газартаа очиж, олуулаа хөгжилдөж өнгөрүүлсэн хүүхдийн баяр хамгийн гоё дурсамжтай. Аав ээжийн ах, дүүстэй тэдний хүүхдүүдтэй голын эрэг дээр очоод төрөл бүрийн амттан, хоол, шорлог хийж, тоглож өнгөрүүлсэн хүүхдийн баяр хамгийн хөгжилтэй байсан.
Бас хүүхдийн баярын чухал зүйл бол бэлэг. Дүү, бид хоёр хүссэн лего тоглоом, дуртай номоо сонгож авдаг. Энэ жилийн хувьд коронавирусийн халдвараас болоод бэлгээ аваад гэртээ л баярлаж байна даа. Хүүхдүүд ээ! Баяраа сайхан тэмдэглээрэй.