ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 24-ний өдөр "тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлэх тушаал өгсөн нь дэлхий дахинд, Орос дотроо ч ихээхэн цочирдом мэдээлэл байлаа. Дайн өдөөхийг эсэргүүцсэн хүмүүс Оросын хэд хэдэн хотод жагсаж, улмаар саатуулагдан, "ОХУ-ын Зэвсэгт хүчний нэр төрийг гутаасан" хэрэгт унаж байв. Украинд дайн эхэлснээс хойш энх тайвныг хүсэн олон нийтийн өмнө эсэргүүцлээ илэрхийлсэн бараг хүн бүрийг хэрэгт татаж байсан гэхэд хилсдэхгүй.
Хоёр дахь цочроо. Есдүгээр сарын 20-ны өдөр Төрийн дум Цэргийн албаны тухай болон Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулан "дайчилгаа", "дайны байдал" зэрэг шинэ нэр томъёо оруулсан нь "Орост дайчилгаа зарлах нь" гэсэн түгшүүрийг оросуудын дунд төрүүлэв. "Бүх нийтийн дайчилгаа зарлахгүй" хэмээн депутатууд мэдэгдэж байлаа. Харин маргааш нь буюу есдүгээр сарын 21-ний өдөр Владимир Путин ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ дайчилгаа зарлахаар болсноо мэдэгдсэн юм. Хэдийгээр "хэсэгчилсэн дайчилгаа" хэмээсэн ч үүнд бэлтгэл цэргүүд, цэргийн мэргэжилтэй хэн бүр хамаарах тул олон нийтийн дунд цочирдол үүсэж, Оросоос явах гэсэн хүмүүс тийзний эрэлд гарч, ердөө хоёрхон өдрийн дотор онгоцны тийзний эрэлт эрс нэмэгдсэн талаар Оросын хэвлэлүүд мэдээлжээ.
Тийз захиалгын Aviasales порталын мэдээлснээр, есдүгээр сарын 21-ний лхагва гарагт ОХУ-аас Армени, Гүрж, Азербайжан, Казахстан чиглэлийн бүх нислэгүүдийн тийз зарагдаж дууссан гэнэ. Харин Туркийг чиглэсэн нислэгийн тийз ойрын гурван өдөр байхгүй, бямба гарагаас л сул суудал гарах бол Белград руу нисэх онгоцны тийз хамгийн ойр нь даваа гарагт л боломжтой байгаа аж.
Түүнчлэн хил орчмын хотууд руу нисэх дотоод нислэгийн тийзний эрэлт ч огцом нэмэгдсэн байна. Тухайлбал, Москвагаас Гүржтэй хиллэх Владикавказ хот руу хүрэх нислэгийн тийзний үнэ лхагва гарагт 10 дахин нэмэгдэж, 750 долларт хүрчээ. Монгол руу хүрэх нислэгийн тийзний эрэлт есдүгээр сарын 20-ны өдрөөс л огцом нэмэгдсэн гэх бөгөөд ойрын 2-3 өдрийн тийз олдохгүй байгаа талаар Буриадын хэвлэлүүд мэдээлжээ.
Google Trends хайлтын системийн мэдээллээр, есдүгээр сарын 21-ний өглөөнөөс эхлэн "тийз", "онгоц" гэх түлхүүр үгээр хийсэн хайлт хоёр дахин өссөн бол "Оросоос явах" гэсэн түлхүүр үгээр хийсэн хайлт 100 дахин өсчээ. Ийм хайлтуудыг ихэвчлэн Украины нутаг дэвсгэрээс байнгын буудлагад өртөж байгаа Белгород хот болон Украинтай хил залгаа бусад хотуудаас хийсэн байна.
Орос даяар дайчилгааг эсэргүүцэв
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэсэгчилсэн дайчилгаа зарласныг эсэргүүцэн жагсаал зохион байгуулах уриалгыг "Весна" залуусын хөдөлгөөн есдүгээр сарын 21-ний өдөр уриалсан юм. Энэ уриалгыг Оросын бусад идэвхтнүүд ч дэмжжээ. Сибирь, Алс Дорнод, Урал, Тверь, Воронеж, Санкт-Петербург, Москва хотуудад төв талбай дээр Путиний шийдвэрийг эсэргүүцсэн олон цугласан байна.
Олон хөвгүүнээ дайнд алдсан буриадууд цөөхүүлээ ч гэсэн жагсаалд нэгджээ. ВВС агентлагийн мэдээлснээр, Буриадын нийслэл Улаан-Үд хотод 100 хүрэхгүй хүн жагсаалд оролцож, тэднээс дөрөв нь баривчлагджээ. Томск хотод 35 хүн саатуулагдсан бол Новосибирск хотод 100 орчим хүн оролцсон жагсаалаас 45 хүн саатуулагдсан байна. Новосибирск хотод "Би Путиний өмнөөс, та нарын өмнөөс үхмээргүй байна!" гэж залуу эр цагдаагийнхан руу уурсан хашгирч, тэр дороо баривчлагджээ.
Харин Эрхүү хотод 60 орчим хүн эсэргүүцлийн жагсаалд цугласныг цагдаагийн тусгайгийнхан хөөж тараасан бөгөөд 20 орчим жагсагчийг саатуулсан байна. Орон нутгийн цагаар 19.00 цагт цуглахаар товлосон энэ жагсаалд Москвагийн цагаар 23:00 цаг гэхэд Оросын 38 хотод нийт 1330 хүн эсэргүүцлийн жагсаалд нэгдсэний улмаас саатуулагджээ. Тэдний ихэнх нь буюу 493 нь Петербургт, 469 нь Москвагаас баривчлагджээ.
Өмнө нь дайн эсэргүүцвэл эрүүгийн хэрэгт унана гэж сүрдүүлж байсан хууль сахиулагчид энэ удаад ч Оросын иргэдийг "айлгасан" юм. Дайчилгааг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулах, оролцох, эсвэл ийм жагсаалд уриалвал захиргааны шийтгэл, 15 хүртэлх жилийн хорих ял онооно гэж Москвагийн Прокурорын газар оршин суугчдыг сүрдүүлсэн байна.
Түүнчлэн Москвагийн хэд хэдэн их дээд сургуулийн оюутнуудыг хотын төв рүү гарахгүй байх, жагсаалд оролцвол "ноцтой үр дагавартай" хэмээн айлгасан талаар оюутнуудаас авсан эх сурвалжтайгаар "ОВД-Инфо" мэдээлжээ. Мөн нэгэн их сургуулийн оюутнуудын чат группт "бүгд гэртээ байж, эсвэл сургуулиасаа гарахгүй байхыг хүсэж байна" гэсэн мэдээллийг оюутны зөвлөлийн дарга тараасан байна. Хэд хэдэн сургуульд оюутнуудыг дайн эсэргүүцсэн жагсаалд оролцвол сургуулиас хасна хэмээн сүрдүүлжээ.
Дайчилгаа
ОХУ-ын Владимир Путин есдүгээр сарын 21-ний өдөр ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ ОХУ даяар хэсэгчилсэн дайчилгаа зарлаж байгаагаа мэдэгдсэн юм. Ийм шийдвэр хэдийнэ гарсан, батлагдсан гэж тэрбээр есдүгээр сарын 21-ний мэдэгдлээрээ онцолж байв.
"Одоо нөөцөд байгаа болон Зэвсэгт хүчний эгнээнд алба хаасан, цэрэг бүртгэлийн тодорхой мэргэжилтэй, зохих туршлагатай иргэдийг л цэргийн албанд дуудна" хэмээн Путин ард түмэндээ хандан үг хэлэх үеэрээ мэдэгджээ. Хэсэгчилсэн дайчилгааны ажил өнөөдрөөс буюу есдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэж байгаа юм байна
Путинийг ийнхүү хэсэгчилсэн дайчилгааны талаар зарласны дараа ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу дайчилгаа хэрхэн явагдах талаар болон Украин дахь байлдааны талаар мэдэгдэл хийсэн юм. Тэрбээр энэ үеэр Украинд амссан хохирлын талаар анх удаа ам нээсэн бөгөөд түүний өгүүлснээр Украин улс армийнхаа талыг буюу 61 207 цэргээ алдсан бол ОХУ-ын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний хохирол 5937 хэмээн мэдэгдэж байв.
Шойгугийн мэдэгдсэнээр, ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарласан хэсэгчилсэн дайчилгааны үеэр нийтдээ 300 мянган бэлтгэл цэргийг армид зарлан дуудах юм байна. Үүнд цэрэг бүртгэлийн мэргэжилтэй, байлдааны туршлагатай, алба хааж байсан хүмүүсийг хэсэгчилсэн дайчилгаанд хамаарна, их дээд сургуулиудын оюутнууд болон хугацаат цэргийн алба хаагчдыг дайчилгаанд татахгүй хэмээн Шойгу мэдэгдсэн юм. Шойгугийн өгүүлснээр, Оросын бэлтгэл цэргийн тоо 2,5 сая байдаг гэнэ.
ПУТИН ДАЙЧИЛГАА ЗАРЛАВ
Ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ Владимир Путин ОХУ даяар хэсэгчилсэн дайчилгаа зарлаж байгаагаа мэдэгдлээ. Ийм шийдвэр хэдийнэ гарсан, батлагдсан гэж тэрбээр есдүгээр сарын 21-ний мэдэгдлээрээ онцолсон юм. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ
Г.Бямбасүрэн