Оросын Батлан хамгаалах яам Украинд Оросын арми амссан гарз хохирлынхоо талаар анх удаа албан ёсны мэдэгдэл хийжээ. Энэ талаар ВВС агентлаг дамжуулсан байна.
Оросын БХЯ-ны мэдээлснээр, цэргийн ажиллагаа эхэлснээс хойш Украинд 498 цэрэг амь үрэгдэж, 1597 цэрэг шархадсан гэнэ. Харин Украины тал 2870 хүнээ алдаж, 3700 цэрэг шархадсан, Украины армийн 572 цэрэг олзлогдсон гэж ОХУ-ын БХЯ мэдээлжээ.
"Барууны болон Оросын зарим хэвлэлүүд тарааж байгаа, Оросын бүлэглэл "тоолшгүй их хохирол амссан" гэх мэдээлэл нь зориудын ташаа мэдээлэл" хэмээн Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч Игорь Конашенков мэдэгдсэн байна.
Харин Украины Батлан хамгаалах яам үүнээс огт өөр мэдээлэл өгч байгаа юм. Тэдний мэдэгдэж байгаагаар Оросын арми 5840 хүнээ алдсан гэнэ. Гэхдээ энэ тоонд амиа алдсан төдийгүй шархадсан, олзлогдсон цэргүүд ч багтаж байгаа аж.
Барууны хэвлэлүүд өөрсдийн эх сурвалж дээрээ тулгуурлан мэдээлэхдээ Оросын армийн хохирлыг 1,5-2000 цэрэг хэмээн онцолж байгаа юм.
Хоёр талын хохирлын талаарх мэдээлэл
Гуравдугаар сарын нэгний өдөр, цэргийн ажиллагаа эхэлснээс зургаа дахь өдрийн байдлаар Оросын цэргүүд Украины 1325 цэргийн объектыг устгасан гэж Оросын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч Игорь Конашенков мэдэгдэж байлаа.
Түүний өгүүлснээр, Оросын цэргүүд Украины 395 танк, бусад хуягт техник, 59 пуужингийн комплекс, 179 артиллерийн зэвсэг, миномет устгасан гэнэ.
Харин Украины талын мэдэгдсэнээр, гуравдугаар сарын нэгний байдлаар Оросын 29 онгоц, 29 нисдэг тэрэг, 198 танк, 846 хуягт машин, 305 автомашин, 74 артиллерийн зэвсэг, Зенит пуужингийн "Бук" комплекс нэг, 77 артиллерийн систем, 24 пуужингийн комплекс, 60 танк, гурван дрон, хоёр хөлөг онгоц, агаараас эсэргүүцэн хамгаалах долоон хэрэгслийг устгасан гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |