Сибирь болон Алс Дорнодод гарсан ойн түймрийг тав хоногт багтаан унтраана гэж цэргийнхэн тооцоолж байгаа талаар Оросын Батлан хамгаалах яам мэдэгдлээ.
Красноярск хязгаарт гал түймэр унтраахад 10 ширхэг Ил-76 онгоц, 10 цэргийн тээврийн нисдэг тэрэг ашиглах бөгөөд эдгээр онгоцуудад тусгай ус шүрших төхөөрөмж суурилуулжээ. Онгоцуудыг орон нутгийн цагаар наймдугаар сарын нэгний өглөөний 10 цагаас эхлэн хөөргөсөн байна.
Энд дуулгахад, Оросын Ерөнхий сайд Дмитрий Медведев Красноярск хязгаарын захирагч Александр Усстай шуурхай зөвлөгөөн хийх үеэр энэ бүс нутагт гал унтраахад агаарын хүчнийг ашиглахын тулд 350 сая рубль шаардлагатай гэж Красноярскийн захирагч мэдээлсэн байна. Үүний хариуд Медведев гал түймэртэй тэмцэхэд Засгийн газрын нөөц сангаас нэмэлт хөрөнгө гаргана гэж амласны дээр суурин газрууд руу түймрийг оруулахгүй байх нь чухал гэж онцолжээ.
Мөн өчигдөр буюу долоодугаар сарын 31-ний өдөр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Батлан хамгаалах яаманд үүрэг өгч, гал түймрийг унтраахад тусламж үзүүлэхийг даалгасан юм. Одоо түймэр унтраах ажилд 2,7 мянган хүн, газраар явагч 390 техник, 28 онгоц дайчлагджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |