МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдийн асуултад хариулав.
-МАН-ын бүлгээр ямар асуудал хэлэлцсэн бэ?
-Бүлгийн ээлжит бус хуралдаанаар МАН-ын Хяналтын хорооны шийдвэрийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарт МАН-ын дүрмийн зарчмыг зөрчсөн гэж үзээд таван жил улс төрийн хариуцлага тооцож, УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн шийдвэрийг гаргасан. Энэ асуудлыг хэлэлцээд МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж шийдвэр гаргахаар боллоо.
Ш.Раднаасэд гишүүнийг Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг байхгүй болгосон талаар хэвлэлээр мэдээлэл гарсан. Ш.Раднаасэд бүлгийн хуралдаан дээр "Би хөөн хэлэлцэх хугацааг байхгүй болгох санал гаргаагүй. Ажлын хэсэг гаргасан. Би энэ асуудлыг хэлэлцэхэд байгаагүй. Гэр бүлийнхээ хүний эрүүл мэндийн шалтгааны улмаас Солонгост байсан. Би байнгын хорооны даргын хувьд үүнийг тайлбарласан. 2018 оны тавдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 10-ны хооронд Солонгот байсан" гэсэн. УИХ-ын гишүүн хүн зарчмын зөрүүтэй санал гаргасны төлөө хариуцлага хүлээх ёсгүй. Үндэслэлгүй гэж үзэж байгаагаа хэлсэн.
Д.Дамба-Очир гишүүний хувьд Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлтийг "Оюутолгой"-д өгсөн гэж байгаа.
Манай намын дүрмээр Хяналтын хорооны шийдвэрийг Удирдах зөвлөл хэлэлцдэг. Тиймээс одоо Удирдах зөвлөл хуралдаж, хүчингүй болгох шийдвэрийг гаргахаар хэлэлцэнэ.
-Хоёр гишүүний тойргийг авах өрсөлдөөн явж байна гэсэн хардлага байна. Энэ талаар...?
-Одоо бол манай нам хэн нэг гишүүнийг сонгуульд дэвшүүлэх асуудал яриагүй. Цаг хугацааны хувьд давхцал байж болно.