Өнгөрсөн өдрүүдэд дуулгах сонин цөөнгүй байлаа. Хүйтрээд дугуй, тос солих гээд таксиндаа өвлийн бэлтгэл хийгээд тун завгүй өнгөрлөө. “Дашваанчил ХХК”-ийнхан энэ удаагийн явалтыг ивээг тэтгэж газ шахаж өглөө. Би ч хөл хүрэхгүй баяр болов биш үү. Урд шөнө нь 40 литрийг шахаад хотоор нэг сайн тойрлоо. Дашваанжил компанийн захиралтай уулзаж буу халж үзлээ. Сайхан яриа хөөрөөтэй эр байна лээ. Уг нь сайн яриулж сонирхолтой юм буулгая гэсэн чинь энэ Дашваанчилынхан чинь одоо Дарханд бас хотод дөрөв таван салбараа нээгээд тууз хайчлаад олдохгүй юм.
.
Н.Удвал сайдад хүсэлт гаргасан чинь таксинд маань суух цаг гаргахаар болжээ. Ингээд товлосон өдрөө яамных нь гадаа сэтгүүлч, зурагчин энэ тэр гэсэн бараа бологч нартайгаа ирж зогслоо. Өө тэр эрүүл мэндийн яамны гадаа онгоцтой л очихгүй бол машинтай очно гэдэг бол маш их асуудалтай юм байна. Хааана нь ч машин зогсох зай байдаггүй. Яамных нь араар нь ороодохсон чинь нэг нийтийн байрны өрөө шиг мухар зайд пиг машин. Тэгээд цагдаа харуулд хөөгдөөд ядахад таксиг ад үзэх хүн мундахгүй, нэг баахан жипнүүдийн дунд нэг муу такси ороод ирсэн байдаг. Аргаа бараад эсрэг талд гарч нэг зай олж зогслоо. “Эмнэлгийн дарга нараа цуглуулаад хурал хийж байгаа. Хүлээнэ үү” гээд л нэг эелдэг дуутай хүүхэн ярьж байна. Хэвлэлийн төлөөлөгч бусгүй байж. Цас хаялж эхэллээ. Хувьтай хүн хур борооноор гэж билэгшээсэн ч өглөө угаалгасан 15 мянган төгрөг дэмий юм болох нь дээ гэж хар буугаад байлаа. Гэхдээ энэ бол тийм гол ярих зүйл биш гэдэг нь тодорхой. За ямартай ч нэг санаа ажил болж Эрүүл мэндийн сайд Н.Удвал таксинд минь сууж яриа хөөрөө өрнүүлснийг дор буулгалаа. Ямар сайд вэ, сайн хүн үү, муу хүн үү, эмч үү бариач уу гэдэг талаас нь ярья гэдэг ч юм уу, тийм агуу сэтгүүлчийн ярилцах “план” төлөвлөгөө байсангүй. Би жирийн нэг таксичин, миний нүд сэтгэлд бууж үлдсэн Н.Удвал гэж сайдын тухай буулгахыг оролдлоо доо. Зурагтаар биш нүүрээрээ тулаад нэг кабинд явж хээгүй бас улс төр хов живгүй ярилцсанаа буулгав.
.
Сайд гараад ирлээ. Би хөдөлж тосож зогслоо. Энгүүн хувцасласан миний зурагтаар зөндөө харсан тэр сайд дүрээрээ алхаад ирлээ.
.
“Хоовон хөхийн таксинд тавтай морил” гэсээр би ч нэлээн хээгүй угтлаа.
.
“Аан, хэн гэнээ, “Хоовон”. Аан чиний нэр билүү ккк” гэсээр манай хүн урд суулаа. Ард нь үдэн гаргагсад бас олон байна. Хэвлэлийн төлөөлөгч, харуул жижүүр, жолооч туслах гээд. Өнөөх хэвлэлийн хүүхэн яг 13.30- д ордон дээр бууна шүү гэж дахин дахин сануулсаар үлдлээ. Би ч 13.30 гэж байгаа бол яг 13.40-д амжих хэрэгтэй юм байна. Хашир яамныхан дор хаяж 30 минутын нөөцтэй цагаа хэлсэн байж таараа гэж сүрхий тактикч байдлаар тооцлоо. Ингээд сайд бид хоёрын хамтдаа хийх бүтэн 1 цаг 30 минутын “халтуур” эхэллээ.
.
Н.Удвал сайд “за хоёулаа нар зөв тойроод явчихна шүү” гэлээ. Ингээд гадаад харилцааны яамаар баруун гар тийш эргээд дараагийн уулзвараар багшийн дээд рүү эргэх төлөвлөгөө боловсруулаад хөдөллөө.
Т -Би тэгээд танаас юу асууж юун тухай ярилцах вэ гэж бодсон л доо. Тэр сонин хэвлэлээр гарсан хов жив хэрүүл шуугианыг асуухгүй ээ. За тэр улс төржинө гэдэг бил үү, нам энэ тэрээ их ярьдаг тэрийг бас тойрьё. Тэгээд мэдээж эрүүл мэндийн салбарын талаар бас таны ер нь хувь хүний хувьд одоо ямархуу бодол санаа өвөрлөж амьдралд зүтгэж яваа хүн бэ гэдэг ч юм уу, нэг тиймэрхүү сэдвээр л ярилцья гэж бодлоо.
У/Н.Удвал/ -За тэгье дээ.
Т -Тэгээд та ер нь өөрийгөө энэ жирийн олонд хэр ойр байдаг гэж боддог вэ?
У -Би ч одоо өдөр тутам биш гэхэд иргэдтэй хэрэндээ ойр байя гэж боддог. Манайх нийтийн орон сууцанд байна. Тэнд чинь одоо бас янз бүрийн давхаргын хүмүүс байна шүү дээ. Бүгдтэй нь мэнд устай ярьж хөөрч л байдаг. Одоогоор зав гаргаад хамгийн ойр байгаа нь энэ байна. Одоо нөгөө архичин гээд байдаг их уудаг хүмүүс байдаг шүү дээ. Тэд нар чинь намайг их танина аа, өө сайна уу сайд аа гээд мэнд ус мэдээд л нэг удаа надаас вино уух уу гэж байсан шүү. Мэдээж ажил дээрээ сайд энэ тэрээ хийлгүй яахав, гэхдээ амьдралд жирийн л хүн шүү дээ. Хажуу талынхаа ТҮЦ дэлгүүр лүү гүйж ороод ойр зуурын юмаа авч байдаг. Тэгэж явахад ард түмний дунд орж үг сонсох боломж гардаг юм.
Т -Би хааяа интернетэд орж янз бүрийн юм уншина аа. Тэгээд эрүүл мэнд, эмнэлэг, тантай холбоотой янз бүрийн мэдээ ярилцлага энэ тэр гарсан байдаг. За тэгээд доошоо сэтгэгдлийг нь харахаар ер нь бэрх санагддаг юм. Овоо их харааж зүхсэн заримдаа ч доромжилсон юм их бичигдсэн байдаг.
У -Аан тийн, энийг яривал их юм бий л дээ. Сая би энэ өнгөрсөн хагас сайнд энэ тал дээр нэг зүйл олж харлаа. Өнгөрсөн хагас сайнд ерөнхийлөгч “Том төрөөс ухаалаг төр лүү” гээд чуулга уулзалт хийлээ шүү дээ. Тэр үед нэг телевизийн удирдлага надтай уулзлаа л даа. Тэгээд ёстой уучлаарай бид нар их муухай юм хийсэн шүү. Таны тухай хэдэн хар материал гаргасан гээд.
Т -Захирал нь өөрөө юу?
У -Тийн, тэгээд тэр материалыг тавиулсан захиалагчийг нь мэдээд оруулсан хүнийг нь ажлаас нь халсан гэж хэлсэн. Би чинь тэр бүр телевиз үзэж амжихгүй, ер нь аль завандаа үзэх вэ дээ. Тэгээд нэг мэдээ багцад дотор чинь намайг дайрсан есөн худлаа мэдээлэл явж байгаа юм.Одоо чинь буруу мэдээллийн улс төр гэж нэг ийм аймаар том юм яваад эхэлчихжээ, хоовон минь.
Тэгээд бас чиний түрүүний хэлдэгийг хийж бичдэг коммент мастер гэдэг хүмүүсийг чинь бас шалгаруулж авдаг юм байна. Тэгээд нөгөөдүүл нь мэдээ, нийтлэлийн доор хүн муулсан аймаар зүйлсийг бичиж гутааж, харааж муухай хэлүүлдэг технологи орж ирчихээд байна. Зүгээр бичихгүй л дээ, үхээрээ зайлаарай гээд л ер нь л аймаар хэлнэ шүү. Ажил хийж төрд зүтгэж яваад тиймэрхүү хар хатуу үг хараал сонсох мэдээж сайхан байхгүй л дээ. Тэгээд бүр гэр бүл үр ачаар нь гутааж байгаа юм.
Т -Харин тийн хэцүү л байх л даа, би чинь миний энэ таксины тэмдэглэлийг ганц нэг хүн янз бүрээр хэлэхэд хямарчих гээд байдаг. Таны тэр сонсч уншиж байгаа доромжлолын дэргэд ч юу ч биш ээ. Гэхдээ миний таксины уншигчид ч надад сайн шүү дандаа л “ок хоовон урагшаа жирийгээд бай л” гэдэг юм ккк. Энэ ярилцлагын доор таныг муулахгүй байхаа ккк.
.
Сайд бид ийнхүү хоёр таксиныхаа кабинд эзэн сууж тухлан яриа өрнүүлж эхэллээ. УБИС руу хойшоо эргэтэл нэг эмэгтэй гар өргөж байна. Яг миний ард нэг прус 20 шил даран хүн шүүрэхээр явааг ажигласан би гэрэл дохиогоо гялалзтал өгөн налс хийгээд л өнөө эмэгтэйн урд зогслоо.
.
Эмэгтэй анзааргагүй шиг хойно суугаад Баянбүрд орьё гэлээ. Би ч учир начраа хэлье гэж бодож байтал сайд шууд эргэн харж “за та сайн байна уу, сайхан өвөлжиж байна уу” гэж мэнд ирлээ. Зорчигч маань “Сайн, сайн байна уу” гэж хариулангаа юу билээ гэсэн байртай няхуур гэгч нэг харснаа “... өө юу энэ чинь та Удвал сайд явж байгаа юм уу” гэж над руу харж асуулаа.
Би ч “Аан сайдыг хүргэж өгөнгөө таныг авчихлаа” гэж хошигнох маягтай хэлэв. Энэ маань нэг их олигтой инээд ханиадам болж явсангүй тул ажил хэрэгчээр учрыг тайлбарлалаа. Манай зорчигч нөхцөл байдалтай тун амархан эвлэрдэг хүн бололтой тэр дороо хээгүй болж “өөн за тэгвэл ганц нэг юм асууя байз” гэж урагшаа ахиж сууж авлаа.
:
З/зорчигч/ -Би энэ урд барилга орчихоод явж байна.
У -Аан тийм үү, амьдрал ахуй сайн уу давгүй юу?
Т -За та үнэгүй явж байгаа тасинд суулаа даа. Миний өнөөдрийн орлого зардлын арыг сайд даана гэж байгаа ккк.
З -Өө за болж байна аа. Сайдын буянд нэг үнэгүй таксидчихья ккк.
Т -Та тэгээд хурц хурц асуултууд тавина биз дээ, сайд бас түс тас хариулна гэж байгаа.
З -Өө эрүүл мэндийн сайд гэдэг чинь том асуудал авч яваа хүн шүү. Эмэгтэй хүн энэ салбарын сайд байгаад би дотроо зөв гэж бодож байгаа юм. Юманд нэг төв хандаад, зүгээр. Тэгээд сайдаа энэ эмч сувилагч нарынхаа цалинг нэмэх талаар юм хийж байна уу, та.
У -Харин манай эмнэлгийн ажилчдын цалин бага байгаа. Манайхан чинь одоо болтол энэ цаг хүртэл эмнэлгийн ажилчид хэдэн төгрөгийн цалинтай байх ёстой вэ гэдэг талаар бодит байдлыг тооцож судалсан юмгүй явж ирсэн байна аа. Шинэчлэлийн Засгийн газар сая бүх салбар тусламжаар нь судалгаа гаргалаа. 2-р эмнэлэгт дотрын эмч хийж байгаа хүн, 3-р эмнэлэгт мэс засал хийж байгаа эмч гээд ингээд харахаар эмнэлэг бүр өөр дүн үзүүлэлт гарч байгаа юм. Тэгээд яахав одоо эмнэлгийн ажилчин дунджаар нэг хоёр сая төгрөгийн цалинтай байх юм байна аа гэж. Яг бодит ачаалал байдал дээр нь харах юм бол. Ийм судалгаа сая гарсан. Мэдээж энийг улс орны эдийн засагтай уялдуулж нэмэгдүүлнэ л дээ. Эрүүл мэндийн яамны зүгээс эмнэлгийн ажилчдын цалин хөлсний асуудлаар бодлого гаргаад энэ бодит байдалд нь хүргэж 2 сая, зарим нь 5 сая ч гэдэг юм уу цалинжуулах бодлого барина. Тэгээд энэ цалин ингэж бодит байдал ачааллаасаа их доогуур байгаа нь эмнэлгийн ажлын чанарт шууд нөлөөлж байгаа байхгүй юу. Ажлын байрны эзэнгүйдэл гэж байдаг юм. Одоо жишээлбэл, 300 мянган төгрөг авдаг хүн сард татвар шимтгэлээ төлөөд гар дээрээ хэдийг авах уу, гэртээ хариад хоол унд, хувцас хунар түлээ түлшээ яах уу ... ингэж бодоод байгаа хүн ажлаа чанартай үр бүтээлтэй хийж чадахгүй байгаа байхгүй. Энэ чинь тэгээд ажлын байрны эзэнгүйдэл л дээ. Тэгэхээр энэнээс гаргах нэг гол зүйл бол эмнэлгийн ажилчдыг хийсэн ажлынх нь хэрээр цалинжуулах явдал.
Т -Аа тэгээд сайд аа, та нар бодлого барьж байгаа гээд байдаг гар дээр бууж байгаа юм нь бага хэвээрээ л байгаад байдаг шүү.
З -Харин тийн.
У -Аанхан, тийм болохоор эмнэлгийн ажилчдын цалинг бол, одоо төрийн албаны сүлжээ гэж байна ш дээ, тэр сүлжээнээс нь гаргая гэж байгаа. Төрийн энэ сүлжээнд орчихоороо нэг баригдсан юманд, хязгаарт орчихоод нааш нь цааш нь болгож болдоггүй. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалын сангаас авах санхүүжилтээ нэмээд эмнэлгийн ажилчдынхаа цалинг олон улсын жишигт хүргэе гэж байгаа. Гэхдээ бодит байдлаар нэмнэ. Хуучин чинь бид нар цалин нэмэхдээ хэдэн хувь гээд л хавгайдуу намчихдэг байсан, ямар ч үндэслэл тооцоо байхгүй. Тэр нь ерөөсөө нэмсэн ч хүндээ наалдацгүй тэ, ингэж явж ирснийг болиод үндэс судалгаатай хийдэг ажил ачаалалд нь дүйцүүлж нэмнэ гэж байгаа юм.
З -Одоо энэ асрагч, сувилагч нар маш их ачаалалтай ажиллаж байгаа харагдах юм байна шүү дээ, зайлуул. Одоо тэр гэмтлийн асрагч нар бол өрөвдмөөр, амьтны баас шээс хамаг юмтай ноцолдож ноцолдож нэг хэдхэн төгрөгийн цалин авдаг юм шиг.
У -Тийн.
Т -Эгч та ер нь эмнэлгээр хэр орж гарч байна даа?
З -Би гайгүй ээ, нэг их яваад байхгүй л байна. Тэгээд одоо эрүүл мэндийн даатгалаа байнга төлнө. Тэгсэн хэрнээ ер нь бол эмнэлэгт хэвтэхгүй. Одоо бодоод байсан 2000 оноос хойш эмнэлэгт хэвтэж бариагүй юм байна шүү.
У -Та тэгээд эмнэлэгт хэвтээгүй бол урьдчилан сэргийлэх үзлэгт нэг удаа үнэ төлбөргүй ордог гэдэг хуулийн заалт байдаг юм тэрийг харж хэрэглэж үзэв үү?
З -Өө үгүй дээ.
У -Хүн ер нь урьдчилж үзүүлж байх хэрэгтэй.
З - За одоо л тэгж нэг орж үзье дээ... Та чинь одоо засгийн газрын гишүүн миний бодлоор бол, би өөрөө барилгын инженер хүн л дээ. Одоо барилга бол сайхан явж байна оо, хөгжиж байна. Гэтэл өнөөдөр сайны хажуугаар саар гэж маш их чанаргүй барилга баригдаж байна гээд л муу хэлэх юм их байна. Гэтэл одоо би бол мэдээ их үздэг юм. Барилгын өртөг нэмэгдээд байна гээд байх юм. Нэмэгдэхээс өөр арга алга. Энэ юаний үнэ өсөнгүүт л материалын үнэ өсчихөж байна.
У -Наадах чинь надад их сонирхолтой сэдэв байна л даа. Ямар хувь харьцаагаар өсөөд байх шиг байна. Тухайлбал, та нэг тонн цемент гээд яривал.
З -За би хавар тав, зургаан сар гэхэд нэг тонн цементийг 145 мянган төгрөгөөр авч байсан юм. Гэтэл сая 8 сар гэхэд би 210 мянган төгрөгөөр авч байгаа байхгүй юу. Яасан бэ гэсэн чинь юань өсчихлөө гэж байгаа юм.
У -Бараг 50 хувиар нэмэгдсэн гэсэн үг тийм үү. Энэ бол яг бодитой байна л даа. Ингэж өсөхийг бол хүлээн зөвшөөрч болно л доо. Хамгийн гол нь бас хажуугаар нь бодит бус гэх юм уу нөгөө үндэслэлгүй нэмэгдээд байгаа юм бас байна л даа. Жишээ нь, манай Түлэнхийн төвийн шинэ барилга чинь улсын төсөв дээр 8 тэрбум төгрөгөөр баригданаа гээд тусчихгүй юу. Тэгсэн чинь зураг төслийг нь хийгээд төсөв гаргасан чинь одоо 26 тэрбумаар босно гээд орж ирж байгаа юм.
Т -Пээ бараг 3 дахин нэмэгдэж байгаа юм уу?
З -Тэгэхээр чинь одоо яаж барих вэ дээ.
У -26 тэрбумаар баринаа гээд байдаг гэтэл сайдынх нь төсөв дээр 8 тэрбум гээд суучихсан байдаг. Тэгээд одоо энэ зөрүү 18-ыг хаанаас олох уу гэдэг, энийг шийддэг газар байхгүй. Засгийн газар шийдэж чадахгүй, Их хурал шийдэж чадахгүй. Нэмэгдлээ гэхэд 3 дахин нэмэгдэнэ гэж.
З -Тэгж нэмэгдэхгүй ээ, 30 хувь 50 хувь бол одоо бас нэмэгдэх шат руугаа яваад байна.
У -Харин зарим гишүүн хэлж байсан л даа. Нэмэгдлээ гээд 30 хувиас илүү нэмэгддэггүй юм аа гэж.
З -Тэгээд би танаас бас нэг юм асуухад за сая гэмтлийн эмнэлэг гээд баахан ярилаа. Зурагтаар их гарсан. Миний бодлоор бол тэр гэмтлийн эмч нар бол мөн ч сайн ажилладаг юм. Ноднин манай компанийн жолооч хүү портертойгоо явж байхад нь согтуу жолооч хажуугаас нь нисэж орж ирээд аваарт ороод, гэмтлийн эмнэлгийн эмч нар эмчилж өгсөн юм. Одоо тэр залуу хөл дээрээ босоод явж л байна л даа. 25 настай юм. Жаргалсайхан эмч эд нар эмчилж байсан юм. Одоо тэр эмч нар халагдчихлаа л гээд яриад байх юм. Одоо тэр асуудал юу болж байгаа юм бол.
У -аан тэр Жаргалсайхан эмч гээд 8 хүн өөрсдөө өргөдлөө өгөөд тэгээд ажлаасаа гарна гээд, сайн дураараа халагдсан гэсэн. Тэгээд эргээд ажилдаа орьё гээд өргөдлөө өгсөн. Гэтэл одоо нөгөө даргыг нь солино гээд байгаа. Ингэхээр шинэ даргыг иртэл нэг ч хүнийг шинээр ажилд авч бас халж болохгүй шүү гээд нөгөө даргадаа үүрэг өгчихсөн. Тэгэхээр одоо ав гэж үүрэг өгч чаддаггүй би.
З -Аан та ажилд нь ав гэчихээр гаргасан тушаалаа зөрчих гээд байгаа байх нь тийм үү?
У -Тийн, хүн авч, халж хөдөлгөөн хийж болохгүй гэчихсэн байгаа. Тэгээд эмч нар маань бол буцаад ажилдаа орьё гээд өргөдлөө өгчихсөн байгаа юм билээ. Энэ тэгээд журмаараа шийдэгдэнэ л дээ.
З -аа тэгвэл тийм явдал болоод байгаа юм байна тэ.
У -Тийм л сонин байх шив дээ, барилгын ажлын нөхцөл ямархуу байна даа?
З -Ажлын нөхцөл яахав гайгүй. Ажил нь байгаа цагт явуулаад байж болж байна. Тэгээд манай залуучууд бас их залхуу байна. Одоо барилгын туслахууд бол доод тал нь 25 мянга, дээшээ 35 мянга гээд явчихаж байна. Нэг өдрийн хөлс шүү дээ. Аа тэгтэл аюул болно, цалингаа аваад л архидна. Энэ архитай л нэг сайн тэмцмээр байна. 15 хоноод цалинг нь өгнө. Тэгээд нэг өдөр амраагаад бүтэн сайнд өглөө цуглаарай гэхэд тал нь байхгүй. Яасан согтуу архи уугаад явчихсан.
У -Барилга дээр миний зүгээс хоёр юм анзаарагдаад байгаа юм. Эмнэлэгт ирж байгаа энэ хүмүүсийн олон тохиолдол нь архинаас болоод хүн хоорондын хүчирхийлэл гээд нэг нэгнийгээ зодсон хутгалсан гээд ийм юм нэг байна. Нөгөө тал нь болохоор халтирч унаад гэмтэж осолдсон улс бас их байна.
З -Нээрээ сайдаа, одоо шинэ жил болохоор туфль ботинкноосоо хальтирч унасан халамцуу улс гэмтлээр их болно доо.
У -Ноднин чинь шинэ жилийн эргэн тойрны 10 хоногт 1500 хүн улсын хэмжээгээр хөл гараа хугалж гэмтээсэн байлаа шүү дээ. Голдуу л явганаас хальтирч унаад.
З -Үгүй тэгээд сайдаа та хар л даа, одоо ингээд гэр хороололд айл бүхэн хашаандаа угаадас асгаж байна. Дээр чинь биднийг угаадасны нүхгүй бол торгодог байлаа шүү дээ. Одоо энэ хорооныхон энэ талаар юм хийхгүй байнаа.
У -Энэ олон талтай шийдэж харах асуудал. Тэрэн дээр унаж бэртэж байгаа тохиолдол их байна, тэр хэрээр эмнэлгийн ачаалал ихсэж байна. Хүн ажлын чадвараа алдаж амьдрал нь уруудаж байна. За тэгээд энэ хальтирч унасан гэдэг дээр нэмэгдээд барилгаас унасан бэртсэн улс ирдэг. Тэгэхээр хөдөлмөр аюулгүй байдал талаа сайн харахгүй бол сайн юмны хажуугаар саар зүйл дагаад гараад байна.
З -Одоо тэгээд ардчилал нэрийн дор ажлын аливаа хариуцлага гэж байхгүй болчихоод байна шүү дээ. Ажил хийсэнгүй гэж загнах шаардах гэвэл тэгээд л хүний эрх гээд л үг сөрнө.
У -Тийн тийн, ардчилал гэдэг чинь өөрөө бас их том хариуцлага гэсэн үг л дээ. Дэг журам гэсэн ч үг.
.
Бид гурвын дунд ийн нэлээн өргөн салбар хүрээ хамарсан яриа өрнөлөө. Багшийн их сургуулиас баян бүрд хүртэл уг нь ойрхон зай. Гэтэл ийм л их зүйл ярьж амжлаа. Ил шулуун яриатай эгч булган сүүлтэй байлаа. Ердөө ард нь буудлын нөгөө төгсгөлд нэг бор залуу гар өргөөд зогсч байлаа. Би ойртож очоод гэрлээрээ дохитол уриалгахан шогшин ирж ард суулаа.
.
З/залуу/ -Ахаа бөмбөгөр хүргээд өг.
Т -За аймаар бөглөө рүү оруулах нь дээ намайг.
У -За сайн байна уу, миний дүү.
З -Өө ... сайн, сайн байна уу та.
Т -За чи сайдтай таарлаа. Бид хоёр ойрхон явангаа чамайг гар өргөхөөр нь авчихлаа. Удвал сайд ажлынхаа дундуур ойр явж байгаа юм. Ярьж хөөрөөд жоохон явчихья болно биз дээ ккк. Чамд эвгүй бол сайдыг энд буулгаж түр орхиод чамайг эхлээд хүргэж өгчихөөд ирэх үү.
З -Өө үгүй үгүй, яалаа гэж дээ, зүгээр ккк хамт л явчихья.
Т -Тэгвэл сайн байна залуу, одоо сайдтайгаа сайхан хээгүй ярина .. хөө тэгвэл.
У -За тэгээд сайхан өвөлжиж байна уу, ажил амьдрал нь гайгүй юу?
З - Гайгүй ээ, дажгүй.
Т -Дүү хөдөөнөөс ирсэн үү?
З -Өө тийн би Дундговиос явж байгаа юм. Нэг эмчилгээ гээд биеэ эмчлүүлээд л.
Сайд бид хоёр хоёул дуу дуугаа аван за за бүр болдог таксиндаа суучихаж дээ гэлээ.
Т -ккк чи одоо амар эндээсээ шууд эмнэлэгт хэвтэх юм уу, сайдтай нь таарчихлаа шүү дээ.
З –ккк.
У -Аль эмнэлэгт үзүүлж байна.
З -Өө би нэг хувийн эмнэлгээр яваад эмчлүүлчихлээ. Элэгний шохойтой байна гээд цусны шинжилгээ тааруу гараад, тэгээд эмнэлгийн ажил болчихсоон.
У - Аан тийм үү... Танай Дундговиор сонин юутай байна. Өвөлжилт хэр байна?
З -Өө сайхан байгаа, цасгүй.
У -За тэгээд надаас асуух юм байвал асуугаарай. Дундговьчуудаа төлөөлөөд.
Т -Миний дүү холын хүн таарсан учир нарийн чухал асуултууд тавина биз дээ, өөрийнхөө тухай бас ярина аа тийм ээ.
З -Би Дундговийн Өлзийтөд багшилдаг юм. Сая тэгээд чөлөө аваад ирсэн дээ.
У -Хөдөө орон нутагт амьдрал ахуй нь ямар байна даа?
З -Яахав дээ, нэг үеийг бодвол бас гэрэл гэгээтэй, зам харгуйтай болчихлоо.
У -Танайхан ч бас замтай сайхан болсон шүү тэ.
Т -Эмнэлэг эмчилгээнийхээ талаар жоохон ярья хэдүүлээ. Гэрээс гарснаас хойш дүүгийн хармайнаас хэдэн төгрөг гараад байна, хэр зарлага гарав. Буруу зөрүү эмнэлэг дамжиж явдал суудал болов уу, яав ийв?
З -Хувийн эмнэлэгт чинь оочер дугаар байдаггүй юм байна. Тарифтай үзлэг нь 12000-15000 тэгээд л эхэлж байгаа юм даа.
У -Чи шууд л хувийн эмнэлэгт хандсан юм уу?
З -Намайг аймгийн эмнэлэг рүү явуулсан байхгүй юу. Эхлээд сумынхаа эмнэлэгт 7 хоног хэвтчихээд, тэгээд аймгийн эмнэлэгт ирсэн. Хот яваад шинжилгээ хийлгээд ир гээд. Тэгээд л ирсэн.
У -Одоо тэгээд буцах гэж байна уу, хэвтэх гэж байна уу?
З -Буцах гэж байна оо.
У -Нэг мэдээлэл хэлье эгч нь. Түрүүчийн 7 хоногоос хэрэгжиж байгаа. Бүх аймгийн эмнэлгүүд зайны оношилгооны аппаратанд холбогдлоо. Одоо жишээ нь, өөрийн чинь шинжилгээ гэхэд энд ирэхгүйгээр шууд аймгаасаа шинжилгээ юмаа эндхийн эмч нарт харуулаад хотод ирэх шаардлагатай юу үгүй гэдгээ мэдэж болно шүү дээ. Маш их мөнгө зардал хэмнэгдэнэ. Одоо эмч нар ч гэсэн лицензийн шалгалтаа тэндээ аймагтаа байж байгаад өгдөг болчихсон шүү дээ, шууд. Энэ бол маш олон чирэгдлийг бууруулж байна. Одоо миний дүү чиний тоихолдол гэхэд элэгнийхээ эхо-ны зураг юмыг харуулаад л хот руу ирэх шаардлагатай эсэхийг ярьчихаж болно. Бүх шинжилгээ юмыг нь энд хотод шууд харчихаж байгаа юм. Мэс засал хийхэд ч эндээс 1-р эмнэлгийн эмч нар харж байгаад зөвлөгөө өгөөд байж болж байгаа. Бас сайхан болж байна. Одоо энд Монгол дотроо энэ сүлжээ холболтоо найдвартай болгож байгаад дараа нь гадаадын том том эмнэлгүүдтэй бас холбох гэж байна. Ингэхээр гадагшаа явж мөнгөө барж шинжилгээ өгдөг урсгал бас их буурах байх. Ирэх оны хагас жилээс холбоно доо.
З -Хувийн эмнэлгээр ингэж явахаар мөнгө их орж байна шүү.
Т -Чи тэгээд одоо хэдий хэрийн мөнгө гаргачихаад байна аа?
З -Одоо нэг ... шинжилгээндээ 200 мянган төгрөг гаргаад байна даа.
У -Тэгээд гол нь сэтгэл хангалуун буцаж чадаж байна уу?
З -Өө сэтгэл өндөр байгаа.
У -За яамай, тэгвэл эмчилгээ нь хөдөө хийгдчих боломжтой гэж байна уу?
З -аанхан болно гэсэн. Эм бичиж өгөөд уугаарай гэсэн.
Т -Чи тэгээд эмнэлгээр явсан хүн байна даа. Ямархуу санагдав сэтгэдэл санаагаа хэлээ ч хөө.
З -Би ч...одоо ингээд сайдтай таарсандаа баяртай байна. Зурагтаар л харж байсан одоо уулзаж ярьж үзэхээр сонин байна. ... Анх түрүүн суугаад нэг таньдагч хүн шиг харагдсан, юу билээ манай Дундговийнх ч билүү гэж бодоод.
.
Ингээд бид гурав бөмбөгөр ороод ирлээ. Манай залуу ч төв сайхан хөдөөний багш хүн юм. Би хэчнээн хатгаад ч эмнэлэгтэй холбоотой хувийн амин зүйл сайдаас гуйж далим авсангүй. Бүх юм “Ок” байгаа гэсээр л буулаа даа. Ард сэтгүүлч бас ээрээд л байгаа харагдлаа, хөөрхий залууг.
.
За ингээд 4 замын уулзвар луу таг бөглөрсөн тул би өөрийн зүгээс хэдэн асуулт тавьж цаг хожлоо. За сайд нараас хамгийн эхэлж миний таксинд тоож суусан хүн бол та боллоо. Зарим хүн асуулт дайсан, Имрай гэнэ үү нэг аппарат улсын эмнэлэгт ховор байна гэж ярих юм аа.
.
У -Имрай улсын эмнэлэгт хэд байгаа. Өрхийн эмнэлгүүдэд ч байгаа. Дахиад нэмж тавихаар бид бас ярьж байгаа. Ер нь улс орнууд том эмнэлгээ аппаратаар шийдэх биш урьдчилан сэргийлэхэд их хүч хөрөнгө хаях хэрэгтэй юм. Хүн одоо өдөрт нэг хэсэг алхчихдаг, стрессгүй байхад олон өвчнөөр өвчлөхгүй байх магадлал 40-60 хувиар байна.
Т -Тэгээд алхая гэхэд манай ахуй хүнд байна шүү дээ, одоо та хардаа гадаа утаа бөөгнөрөл стресс.
У -Гэхдээ энэ урьдчилан сэргийлэх чиглэл рүү төрийн бодлого тусаад ирэхээр өөр л дөө. Одоо ирэх жил манай яам түлэнхий болоод гэмлийн хэвтэлтийг 30 хувь бууруулна гэж зорилт тавьж байна. Яаж үүнд хүрэх вэ гэж асуулт байна. Түлэнхийд хэвтэж байгаа хүмүүсийн 40-өөд хувь нь хүүхдүүд. Ахуйн хоол цайндаа, зуухандаа түлэгдсэн гээд. Тэгэхээр энийг бид сэргийлж барьчих юм бол боломжтой. Эцэг эхчүүдийн хараа хяналтын асуудлыг сайн тавих хэрэгтэй.
Бас манай улс чинь хүүхдийн эндэгдэл их өндөр орон байсан. Хуучин чинь хатгаагаар хүүхдээ их алддаг байсан. Шингэн алдаж их нас бардаг байсан. Одоо бол осол гэмтлээс их нас бараад байна. Үүн дээр анхаараад эцэг эхчүүдтэй нийлээд сэргийлж чадахад өөр болоод явчихна, буурна. Би эрүүл мэндийн сайдын хувьд одоо байгаа эмнэлэгт суурилсан бодлогыг урьдчилан сэргийлэхэд чиглэсэн бодлого руу оруулах гэж байгаа юм. Жишээ нь, ирэх жил бид нар элэгний хорт хавдрыг илрүүлэх үзлэгийг нийт хүн амын дунд хийх гэж байна. Монгол улс чинь энэ өвчлөлөөр их дээгүүр орж байгаа шүү дээ.
Т -Ойр ойрхон хэн нэг нь ямар нэг хавдартай гэдэг муу мэдээ дасал болох гээд байгаа шүү.
У -Аймшигтай. Манайд дандаа хожуу оношлогддог. Найдваргүй болсон байдаг. Тэгэхээр энэ зовлонгоос иргэд олноо холтгохын тулд бүх нийтийг илрүүлэх шинжилгээнд хамруулья гэж байгаа юм.
Т -Та одоо урьдчилан сэргийлэх стрессгүй амьдрах тухай яриад байна. Ингэхэд та өөрөө эрүүл мэндээ яаж хамгаалдаг вэ дээ, стресс бол овоо л байдаг байх даа.
У -Би бол стрессээ тайлаад сурчихсан хүн. Хүн чинь уур уцаар гаргаснаар стресс нь илрээд байдаг. Хүмүүс тэсэртлээ уурладаг, зарим нь дотогшоо уурладаг, бас эрүүл саруулаар уурладаг. Би бол гурав дахь нь. Харин чи хоовон яаж уурладаг уу.
Т -Би ч... шууд л тэр дороо дүрс гээд л тэгээд мартчихдаг юм доо. Алинд нь орох юм бэ дээ.
У -Стресст орно гэдэг ямар нэг асуудал байгаа, тэгэхээр тэрэнд хандах хандлагаа хүмүүс өөрчлөх ёстой юм билээ. Тэгэхгүй бол энэ их ачаалал дарамтыг давахын аргагүй юм болно шүү дээ, тэ. Ядаж цусны даралт нь ихсэнэ шүү дээ. Надад тийм даралт хөдөлнө гэж байдаггүй ш тээ.
Т -Аан мэдэхгүй таны тухай зарим хэвлэлээр гарч байгаа юмыг уншихад даралт байтугай л юм хөдөлмөөр юм шиг.
У -Тийм юманд бол бухимдаад яахав, би өөрөө мэдэж байгаа юм л даа. Хар буруу мэдээний улс төр л явж байгаа гэж мэдэж байгаа болохоор... Гэхдээ энэ байдлыг одоо зогсоох хэрэгтэй л дээ. Одоо ийм худал гүтгэлэг мэдээнд анализ хийж зарлана гэж бодож байгаа. Ядаж бусаддаа буян больё л доо. Гүтгүүлж дайруулж байгаа зөндөө л хүмүүс байна. Ард түмний тархи оюуныг хар худал мэдээллээр байнга булж байна шүү дээ. Намайг яахав, эрүүл мэндийн энэ том салбарт олон жил зүтгээд яваад ирсэн, өдий төдийн хүн рүү л дайраад байж болохгүй.
Т -Танд ер нь ингэж хэл амтай явахаар зүгээр гэрийн эзэгтэй жирийн хүнээр байя гэж бодогддоггүй юм уу, би бол ингэж элдвийн юм сонсохоор буцаад таксигаа барья гэх байх даа.
У -Үгүй, би тэр тусам нь хурцлагдагддаг юм. Энэ нь намайг улам хурцалдаг.
Т -Би бас таныг миний таксинд суухыг зөвшөөрсөн болохоор бас ойрын сонин хэвлэл сайтаар таны тухай гарсан юм хумыг түүвэрлэж харсан. Ээ дээ ихэнх нь л хар талдаа л юм байх шиг санагдсан.
У -Намайг тэгж элдвээр оролдох яахав гол нь эмнэлгийн энэ салбарын асуудал ил болж байна. Олны анхааралд орж байна гэж баярлаад байгаа шүү.
Т -Би бол жирийн хүний хувьд л асуулт тавиад байгаа юм. Хүмүүс эмнэлгээс их энгийн зүйл хүсээд байгаа л даа. Би эмнэлэг явж үзүүлнэ гэхэд дараалал оочергүй, хүнд суртал чирэгдэлгүй төлөвлөсөн цагтаа өдрөө амжуулаад үзүүлчихдэг, шинжилгээгээ өгчихдөг тэгээд шаардлагатай хэвт гэвэл тэр ор нь сар жилээр хүлээлгэж оочерлуулдаггүй байх. За больё наад зах нь алагчлалгүй эмчилгээ үйлчилгээ авч болдог байх гэх ч юм уу.
Миний таксинд нэг хүүхэн суугаад хүүхдийнхээ цагаан хорхойны шинжилгээний бичгийг авах хэрэгтэй байна гээд эмнэлэг рүү явсан байхгүй юу. Цэцэрлэг нь тэр шинжилгээ авчрахгүй бол хүүхдийг нь авахгүй, шалгалт ирэх гээд байна гээд шахсан юм байна л даа. Тэгсэн сайдаа, авч байгаа арга нь ямар байна инээдтэй. Нэг эмч рүү яриад манай эгч хэлүүлсэн юм. Нэг шинжилгээний бичиг авах гэсэн гэхээр нөгөө эмч нь аан за бэлдчихсэн байгаа гээд тэгээд хэдэн төгрөг өгөөд аваад гараад ирж байгаа юм. Хүүхэд бол гэртээ байгаа, шинжилгээ өгөөгүй. Энийг ингэж аргалаад аваад ирдгийг багш нь ч мэдэж байгаа. Тэгээд нэг ийм бие биенээ хуурсан юм л хийгээд байгаа харагддаг юм. Тэр чинь эмнэлэгт хүүхдээ хөтөлж ирээд тэр шинжилгээг өгөх хэцүү чирэгдэлтэй л байгаа учраас танил талдаа хандаад байгаа хэрэг гэж би ойлгоод байгаа юм.
У -Энэ бол ёстой гээндээ ч бий гоондоо ч бий гэдэг шиг танил талаараа яриулж таван төгрөг өгчих гээд манайхан бас их буруу зүйл хийгээд байдаг юм. Ерөөсөө манайхан чинь бүх юмыг хүссэн цагтаа шууд авах гэдэг. Арван хүн байхад би эхлээд л орох ёстой гэж боддог нь бас хэцүү. Тэгээд бас энэ талаасаа ирсэн үед л шууд үзээгүй бол эмнэлэг муухай муу гэдэг л дээ. Эмнэлэгт ч бас харах зүйл байгаа энийг өөрчлөх ёстой. Засч залруулах зөндөө юм бий.
Т -За таныг ингээд ярихаар уншигчид бас таатай хандахгүй л байх л даа. Та нар ингэж сургаад байна гэх ч юм уу тэ. Ер нь та сайд байхдаа энэ талын эмнэлгийн үйлчилгээ тусламжийг нь хөнгөн, чирэгдэлгүй болгох гэдэг ч юм уу яг юу хийж үлдээх гээд байна аа.
У -Ноднин 8 сард би сайд болсон, тэгээд 12 сард нь эрүүл мэндийн шинэчлэлийн асуудлаар бодлогоо тодорхойлсон. Эрүүл мэндийн суурь шинэчлэл хийе гэсэн. Хүлээгдэлийг бууруулья. Эхлээд хаана ямар асуудлаас хүлээлт үүсээд байна уу, багаж тоног төхөөрөмж хангалтгүй байна уу, хүнд суртал байна уу гэж авч үзнэ. Тэгээд тэр асуудлыг нь шийдэхээр хүлээгдэл багасна. Хүн их ачаалал өндөр байвал хоёр танхимд үз гэдэг ч юм уу. Одоо ингээд ажиллаад хүлээгдлийг багасгаад эхлэхээр энэ оны эхний 10 сарын байдлаар 7000 хүн эмнэлэгт илүү хэвтсэн байдаг юм. За дараа нь чирэгдэл байна. Эмнэлгүүд хоорондоо ёстой явуулж өгч байна. Нааш нь цааш нь. Одоо тэгэхээр хүнд өвчтөнүүдийг шинжилгээ онош нь тодорч дараагийн шатны эмчилгээ эхэлтэл эмнэлэгт хэвтүүлэх яаралтай тусламжийн тасгуудыг байгуулах шийдвэр гарсан. Нэлээд газар нь байгуулсан. Тэгээд энэ шийдвэрийг чинь тухайн ажил хариуцсан хүнээс, даргаас шалтгаалж бас янз бүр яваад байна. Тэгээд чанар аюулгүй байдал гэдгийг анхаарья. Эрсдэлгүй хүмүүсийг гомдоохгүй байх гээд, сэтгэлд нийцсэн 8 үйлчилгээ хэвшүүлье гэж олон зүйл байна л даа.
Т -За тийм байдаг байж сайхан сонсогдож байна. Та яг ажил болгох л хэрэгтэй байх. Хүмүүст мэдрэгдтэл тэ.
У -Хийнээ хөө, хоовоон.
Т -За ингээд бүх л монголын эрүүл мэндийн асуудлыг энэ таксинд ярина гэвэл томдох биз ккк, миний тархины бяр ч хүрэхгүй.
Нэг юм харин асуумаар байна аа. Улс төржихгүй хариулна шүү ккк, нөгөө сайд нарын 2-р эмнэлэгт одоо хоригдлууд эмчлүүлж байгаа хэвээрээ юу?
У -Аан ккк, наадах чинь улс төржих гэж ерөөсөө хориход байгаа олон хоригдол манай харьяаллын эмнэлгүүдээр тусламж эмчилгээ авч байна. Нэг, хоёр, гурав дугаар эмнэлгүүд, гэмтэл гээд мэс засал хийлгэх нарийн мэргэжлийн тусламж авах гээд олон хоригдол хэвтэн эмчлүүлж байна. Тэд нар эмчлүүлэхэд ямар ч тор хаалт байхгүй. Хоёр сайдын хамтарсан тушаалаар эмчилгээ аваад явж байгаа. Ганцхан Н.Энхбаяр даргын хэвтэх тохиолдолд тор тусгаарлалт хийсэн нь цаанаа бас учир шалтгаантай, тийм ээ. Н.Энхбаяр даргыг 2-р эмнэлэгт хэвтүүлсэн нь бол учир үндэслэл бий. Ерөнхийлөгчийн ажлаас чөлөөлөгдөхөд нь Засгийн газрын тогтоол гарсан юм байна лээ. Энэ хүнийг бол төрийн хамгаалалтад 4 жил байлгана. Насан туршид нь 2-р эмнэлгээр үйлчлүүлнээ гэж. Тэрэнд нь шоронд орчихвол 2-р эмнэлгээр үйлчлүүлэхгүй гэсэн юм байхгүй учраас бид нар тэр шийдвэрийг дагаад хэвтүүлнэ гэсэн. Тэгээд энийг чинь мушгиад Энхбаярын сайд уу, Эрүүл мэндийн сайд уу гээд л эхэлсэн дээ. Би бол бүх хүний л эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй. Сайд биш ч байсан энэ хүний өмнө хүлээсэн үүрэг амлалтаа төр биелүүлэх хэрэгтэй, эрүүл мэндэд нь анхаарах хэрэгтэй гэж дуугарч шаардах л байсан. Хүн чанар бас байх ёстой.
.
За ингээд бид хоёр улс төрчих шахаад больж нэгэн зорчигч авлаа. Гэхдээ энэ хүргээд өндөрлөе. Дараагийн дугаартаа хэдэн яриа хөөрөө инээд ханиад үлдээлээ. Тэрийг баасан гарагт адал явдалдтайгаа нийлүүлж буулгая. Н.Удвал сайд надад сайд биш, зүгээр л хүнийхээ хувьд нэлээд зүйл ярьсан. Дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу үед бид даатгалаас гадна эмнэлэг эмч нараа гэдэг. Ийм салбарыг толгойлж даргалж байгаа хүн болохоороо бидний амьдрал, анхааралд хамгийн их орж, хэл ам дуулж янз бүрээр л хэлүүлж байгаа харагддаг цөөхөн эмэгтэй улстөрчийн нэг сайдтай нь ийнхүү зэрэгцэж суугаад “халтуур” хийж буу халж үзлээ. Нам хүчин Н.Энхбаяр энэ тэр талаас нь бус Н.Удвал гэдэг энэ төрийн сайд эмэгтэйн жирийн хүнийх нь санаа хүсэл зорилго ил харагдсан байгаасай л гэж бодлоо. Таксинд ярьсан болохоор миний асуулт тавьсан бас яриаг буулгасан байдал тааруу байсан бол уучилж болгоогоорой, манайхаан.
Үргэлжлэл бий...
Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч-Таксич Хоовон хөх