Зайны оношлогооны төхөөрөмж хүлээлгэн өгнө
2013-11-14

Азийн хөгжлийн банк “Ядуурлыг бууруулах Японы сан”-ийн хамтарсан төслийн хүрээнд “Телемедициний технологи, тоног  төхөөрөмж, эмч, эмнэлгийн мэргэжилтний лицензийн шалгалтын програм хангамжийг Эрүүл мэндийн хөгжлийн төвд хүлээлгэн өгөх үйл ажиллагаа өнөөдөр 16.00 цагт тус төвийн хурлын зааланд болно.

Тус үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Н.Удвал,  Япон улсаас Монгол улсад суугаа бүрэн эрхт элчин сайд, болон холбогдох төлөөлөгчид оролцоно.

Манай улсын Засгийн газрын 2008-2012 болон 2012-2016 оны үйл ажиллагааны үндсэн чиглэлд телемедицин буюу мэдээллийн технологийг ашиглан өвчтөнд зайнаас зөвлөгөө өгөх, оношилгоо, эмчилгээний тусламж үзүүлэх шинэ технолгийг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар тусгайлан тусгажээ.

Телемедицинийг ашиглан хөдөө орон нутгийн иргэдийн эрүүл мэндийг хамгаалахын тулд хүн амын өвчин, эмгэгийг оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх, мөн орон нутгийн эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулсан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт, эрдэм шинжилгээний ажлыг дэмжих үйлчилгээ нь манай улсын нөхцөлд тохиромжтой тусламж үйлчилгээний нэг төрөл болон хөгжиж байгаа аж.

Одоогийн байдлаар ЭМЯ-ны харъяа тусгай мэргэжлийн төвүүд, БОЭ-ний таван төв, 17 аймгийн нэгдсэн эмнэлэг телемедициний үндэсний сүлжээнд холбогдон мэдээллийн технологи ашиглан алслагдсан орон нутгийн иргэдэд оношилгоо, эмчилгээний тусламж үйлчилгээг хүргэх боломж бүрджээ.

Үүнээс гадна эмч, эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалт болон мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахимжуулж ил тод нээлттэй, хүндрэлгүйгээр зохион байгуулахаар програмчилсаныг өнөөдөр хүлээлгэн өгөх юм байна.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин