Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр тодруулдаг Монгол Улсын “ТОП 100 аж ахуйн нэгж”-ийн шалгаруулалтад ХААН Банк гуравдугаарт эрэмбэлэгдлээ.
Энэхүү нэр хүндтэй шалгаруулалтыг зарласнаас хойш 20 гаруй жилийн турш ХААН Банк тэргүүлэгчдийн эгнээнд тогтмол нэрлэгдэж ирсэн бөгөөд энэ жил амжилтаа бататган “ТОП 100 аж ахуйн нэгж”-ийн гуравдугаарт шалгараад байна.
“ТОП 100 аж ахуйн нэгж”-ийг шалгаруулахдаа ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн таван үзүүлэлтийг чухалчилдаг төдийгүй харьяа яам, холбогдох төр засгийн байгууллагын статистик мэдээлэлд үндэслэдэг. Тиймээс улсын татварын орлогын дийлэнхийг нуруундаа үүрдэг эдгээр 100 аж ахуйн нэгжийг Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч хэмээн зүй ёсоор нэрлэдэг билээ.
ХААН Банк орон даяар 544 салбар нэгж, 6000 орчим ажилтантай үндэсний хэмжээний тэргүүлэгч арилжааны банк бөгөөд Монгол Улсын нийт хүн амын 82 хувьд буюу 2.9 сая харилцагчид банк санхүүгийн цогц үйлчилгээг хүргэн ажиллаж байна. 2023 онд улсын төсөвт нийт 275.0 тэрбум төгрөгийн татвар төлж, “Шилдэг татвар төлөгч ААН”-ээр шалгарч байсан бол 2024 оны эхний 10 сарын байдлаар нийт 270.0 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлж, Монгол Улсын төсвийн орлого бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулаад буй.
ХААН Банк үүсэн байгуулагдсанаас хойших 33 жилийн хугацаанд санхүүгийн хүчирхэг үзүүлэлт, найдвартай ганхашгүй байдлаараа харилцагчдынхаа итгэлийг бүрэн хүлээж чадсанаас гадна цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хэдийд ч хаанаас ч зайнаас авах боломжтой цахим бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд анхлан нэвтрүүлж, цахим шилжилтэд түүчээлж байна.
Түүнчлэн нийгмийн сайн сайханд чиглэсэн цогц төсөл, хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлж буйгаас “Хавдрын эсрэг үндэсний аян”, “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”, ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр, ХААН Банкны ой, аймаг бүрт байгуулж өгсөн “3х3 сагсан бөмбөгийн талбай зэрэг нь олны талархлыг хамгийн их хүлээгээд байна.
ХААН Банкны найдвартай тогтвортой үйл ажиллагаа, санхүүгийн хүчирхэг үзүүлэлтүүд, шуурхай үйлчилгээ, дэвшилтэт технологид суурилсан цахим банк, улс орон нийгмийн төлөө хийж буй ажлуудыг үнэлэн “Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгж”-ийн жагсаалтад эхний байруудад тогтмол нэрлэж ирснээс гадна олон улсад нэр хүндтэй “The Banker”, “Euromoney”, “Asiamoney”, “Global Finance”, “FinanceAsia”, “Global Banking and Finance Review” сэтгүүлүүд “Монгол Улсын шилдэг банк”, “Шилдэг цахим банк”, “ЖДБ-ийг дэмжигч шилдэг банк”-аар удаа дараа шалгаруулаад буй.
ХААН Банканд итгэл хүлээлгэн хамтран ажилладаг нийт харилцагчид, түншүүддээ баярлалаа.
Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк