Такси № 31
2013-11-01

Үргэлжлэл. эхлэл нь Такси № 30-д

 .

Найрсаг зантай, яриа хөөрөөтэй бүсгүй бууж С.Ганбаатар гишүүн бид хоёр буцаад хотын төв рүү явав.

.

Бид хоёр Зайсан орчмын айлууд, тэр хавийн орчны тухай яриа хөөрөө өрнүүлж Солонгосын зарим хороололтой төстэй барилгууд их баригдах болсон талаар ярьж эхэлтэл гишүүн гэнэт “хөөш, хойд машин руугаа утастчих, хэдүүлээ ерөөсөө нэг сайхан Солонгос хоолонд орьё. Гишүүн бас нэрээ бодноо. Гуанзанд бас арай ч хаашаа юм тэ” гэж зоримог дуугарч байна. Хуушуурын арай дээгүүр зүтгэнээ хөө, замд байгаа нэг гайгүй газар олоод бүгдээрээ инээж ханиалдаад сайхан “самгибсалдья” гэж надад, бас давхар өөртөө ч хэлэх шиг болов.

.

Бөглөрөө бага, юу юугүй энхтайвны гүүр даваад ирсэн тул би ч шууд чигээрээ зүтгэн 4-р дэлгүүрийн уулзварын урд байх Солонго гэдэг солонгос хоолны газрыг зорилоо. Манай нэг барилгын компанитай найз намайг тэнд нэг хоолонд урьж байсан юм. Гишүүн хоолны газар сонгох бүх эрх мэдлийг надад нэг мөр өгсөн болохоор би өөрт нь ч хэлж, асуусангүй шууд явлаа.

.

Замд С.Ганбаатар гишүүн дуугүй явсангүй, нөгөө валютын зөрөөнөөс иргэд хохирч байгаа талаар тэмцэх ажлаа шуудруулна гэснээ “би ер нь чамд бас ганц нэг юмаа ний нуугүй ярих уу” гэлээ.

.

Г -Би ер нь их зөөлөн хүн шүү дээ уг нь, гэхдээ хөөш эр зориг гэж баатарлаг байхын тулд гардаггүй юм аа. Уярам зөөлөн, хайр сэтгэлээс гардаг юм аа гэж байгаа юм. Би чинь тэр нэг муу нохойг өрөвдөөд байдаг чинь багын зөөлөн юм маань алга болоогүй л байгаа хэрэг шүү дээ. Тэр ядарсан эмээ, өвөө нар хөөрхийчүүдийг л өмгөөлж туслах гэж би чинь гарч ирсэн шүү дээ. Тэгээд би зүгээр, ер нь юу хэлэх гээд байна гэхээр өнөөдөр би сурчихсан байгаа, мэдчихсэн байгаа юмаа нэгтгээд, улс төр гэж юмыг зөв хийх хэрэгтэй юм байна аа гэдгийг энэ улс төрд орох гээд байгаа хүүдүүдэд зааж өгмөөр санагдаад байгаа юм. Одоо энэ улстөрчид бол тэр хүүхдүүдийг хордуулж байна шүү дээ.

Т -Нэг том хүн дагаад гутлыг нь сайхан тосолж өгөөд байхад тэгээд улс төрд орчихож байгаа юм биш үү, айн гишүүнээ? 

Г -Бараг тийм, цүнхийг нь барьж 3 жил нохой шиг нэг хүн дагах ч юм уу, тэгж байгаад дээшээ явчихдаг гэсэн ойлголтыг өгч тэр хүүхдүүдийн оюун санааг хордуулж байна шүү дээ. Тэгээд өнөө төөрсөн хэдэн хүүхдүүдийг мань мэтийн хатуу яриатай хүмүүс чинь бөгс долоогч молоогч гээд алаад өгч байгаа юм чинь... хахаха. Би цэвэр ард түмний төлөө зүтгэдэг, өөрийгөө золиосолдог хүмүүсийг бэлдмээр байгаа байхгүй юу. Миний нэг мөрөөдөл бол улс төрийн сургууль байгуулахсан гэдэг. Би одоо улс төрийг сонгодог утгаар нь хийх гээд байна л даа. Яг үнэн утгаар нь. Сонгодог тиймээ, ямар нэг партий улс төр биш, албан тушаалын төлөө улс төр биш. Ингэж хийвэл ард түмэн өөрсдөө хүрээлж, эднүүсийн одоо нөгөө мөрөөдөөд байдаг юм руу чинь хөтөлж аваачдаг. Одоо та нар өнөөдөр, за алив Ганбаа ахыг дуудаад суулгачихья гэдэг чинь итгэл байна. Бидэнтэй адил нэг Баагий байгаа алив тэрийг суулгая гээд өөрсдөө над руу ирж байна. Энэ чинь аймаар том итгэл, нэг үгээр бол классик улс төр гэдэг чинь болоод байгаа байхгүй юу. Энэ классик политик гэдгийн үлгэр жишээ болох гэж яваа ухаантай хүн байна л даа би. Энийгээ би олон хүүхдүүдэд үлдээмээр байна, сургамаар байна л даа. 76 дотор ганц биш, хэд хэдэн ард түмний дэмжлэгийг авсан зөв сэтгэлтэн хорь, гуч бүр 50 байвал ямар проблем бидэнд байна. Чёрт, ямар проблем бидэнд байх уу ... Тэгээд би нөгөө улс төрийн сургалт гээд нэг юм яриад орчихвол бүр таг болоод тэрэндээ дарагдаад, ардуур нөгөө Оюутолгой дээр найрлаад алга болж өгнө. Бас би чинь биеэ тоогоод, энэ дуугарч байгаа маань хэрэгтэй гэж бодоод яваад байна шүү дээ.

Т -Тэгвэл цаад Оюутолгойнхон чинь ерөөсөө Ганбаатарт хоёр том сургууль үнэгүй бариад өгчих тэгээд амыг нь хаа гэх байх даа, ккк.

Г -Аан тэгж магадгүй, тэгээд би нөгөө гоё юмаа яриад явж байтал нөгөө хүүхдүүд маань бас Рэнже ровер унамаар байна гээд тарж алга болвол тэ, яах уу хахаха. Гэхдээ би чинь бас цайсан дурак биш, бас үр хүүхдээ бодоод Канад руу явж байхаар, Канад шиг монголд амьдраасай л гэж хүсэж байгаа шүү дээ. Миний дүү нар байна. Би одоо 7 хүүхэдтэй айлын том нь, доороо 6 дүүтэй. Манай бүх дүү баруунд сургууль төгссөн. Мэдээж би тусалсан. Одоо тэр дүү нар маань миний хүүхдүүдийг сургаж гадаад дотоод аваад явах байлгүй дээ, одоо бодвол. Би тусалсан нь л үнэн. Гэхдээ одоо хүний чанар муудсан үедээ.... гэхдээ ард түмэн надад хайртай, тэрийг мэдрэх сайхан. Интернет энэ тэрээр намайг алдаг л даа. Тэр Оюутолгойгоос их мөнгө авч байгаа захиалгат нийтлэлчид бол ёстой супер гарууд байгаа. Зүгээр сайхан мэргэжлийн алуурчид байхгүй юу, пооох... Намайг гэхдээ хамаагүй бичвэл ард түмэн бас өмгөөлчих гээд байхаар аан за байж бай, болгоомжтой аяархан үзнэ шүү гээд ккк, надаар удаан алгуур оролдоод байхгүй юу. Сая нөгөө АТГ-т Үйлдвэрчний эвлэлийн байр сав гээд ярьсан шүү дээ.

Т -Таныг чинь нээрээ идсэн уусан гэл үү яалаа, санадаггүй ээ, нэг юм дуулдсаан.

Г -Би чинь тэнд замын цагдаагийн хажууд 140 айлыг орон сууцанд оруулчихсан, том менежер байхгүй юу. Түүхэндээ үйлдвэрчнийхэн хөөрхий олуулаа байранд орж үзээгүй байхгүй юу. Тэгэхэд миний удирдаж байсан 6 жилд 140 айл байранд орж байгаа юм. Би, ах нь тэрүүгээрээ өөрөө бахархдаг байхгүй юу. Тэгээд 12 давхар зочид буудлыг Үйлдвэрчний эвлэлдээ үнэгүй авч өгч үйлдвэрчний тэр газраас, би чинь өөрөө бизнесийн сургууль төгссөн хүн шүү дээ. Тэр гэрээг нь би ч хийдэг юм биш. Ийм гэрээ байвал гээд санал болгоод манай 60-д хүнтэй удирдах зөвлөл гэдэг байгууллага шийдвэр гаргадаг байхгүй юу. Би биш. Тэд 3 жил хэлэлцэж байж гаргаж байгаа юм. Дундаас нь гонио монио хийх ямар ч сонирхол, тэнхээ ч байхгүй ккк. Тэгээд АТГ пөөх ийм шударга хийсэн юм уу гээд намайг тэр байцаагч нь хүндэлсэн ш тээ.

Т -Тэгээд таныг яг хэн нь АТГ-д өгчихсөн юм бэ?

Г -Тэр газрыг авчихсан байсан тэгээд манайд буцаагаад өгчихсөн одоо тэд нарынхаар бол алдчихсан гэх юм уу тэ. Алдчихсан байсан аягүй олон газрыг нь би буцаагаад авч байгаа байхгүй юу. Алдчихсан хүмүүс нь хэн гээч, урд нь ерөнхийлөгч байсан хүмүүс. Манай үйлдвэрчний эвлэлийн хууччуул, хүүхэд энэ тэрдээ аваад өгчихсөн байсан.

Т -Та тэгээд бүгдийг нь буцааж аваад байшин барьчихсан юм уу?

Г -Би тэрийг нь буцааж аваад эргэлдүүлээд байшин бариад хүмүүс оруулж байгаа байхгүй юу. Энэ гоё биз дээ. Алдчихсан байсан юмыг буцааж авчраад ашигтай наймаа хийлээ гэж л бухимдаад байгаа юм даа. Би тэрүүгээрээ бахархдаг л даа.

Бид хоёр ийн тасралтгүй ярьсаар төв талбайнхаа хажуугаар гарч явтал нэг их харсан хүн хэдэн эмэгтэйчүүд, хүүхнүүдтэй явж байгаа харагдлаа.

Намайг тийш хараад байгааг гишүүн анзаарав бололтой, дагуулж харснаа “өө Лүндаа дарга явж байна ккк. Өвөрхангайнхаа хэдэн төлөөлөгчийг тархидаж яваа бололтой. Хөөш та нар миний хэлснээр гараа өргөнө шүү, би эргэж очно шүү гээд л айн, хахаха яг даа. Нээрээ намынх нь хурал болж байгаа юм байна шүү дээ” гэж хөгжилтэй инээв.

Эд нар чинь харин өнөөдөр ордноо тойроод сүрхий алхаад байх чинь. Ер нь манай хэд чинь төрөхдөө л машинд төрчихсөн юм шиг. Машингүй байна гэдэг аймшиг юм шиг байгаа юм. Би бол хар багаасаа гудамжинд тоглож өссөн, одоо ч алхаж л байна. Тэр алхах маань маш давуу тал шүү дээ. Их сайхан байдаг юм. Авгай л машинаар хүүхдүүд зөөж байна. Миний хүүхдүүд бүгд улсын сургууль, улсын цэцэрлэгт шүү дээ.

Ингээд зорьсон газраа ирлээ. Очоод манай хэд бууж түрүүлж орлоо. Би машинаа байрлуулах газар олох гэсээр нэлээн хоцорч орлоо. Манай хэд нэг өрөнд ороод суугаад авчээ. Би самгибсал захиаллаа. Гэтэл гишүүн энэ ганц хоол явахгүй ээ, нэмээд шөл авчихья л гэж байна. Би ч дуугүй л байлаа. Дагалдагсад мөн дуугүй, гишүүн “за Хоовон олон хүн дундаа уучихдаг шөл захиал” гэлээ. Тэгээд кимчитэй шөл авлаа. Би ч хальт тоооцоог багцаалбал зуун мянга лав гараад явчихлаа.

Ингээд бид элдэв дээдийг ярин зоогоо барилаа даа.

“... Би ер нь энэ солонгос кино драм үзэх тал дээр гэртээ их сөрөг байр суурьтай хүндээ. ...инээдтэй нэг гэртээ ирээд, миний хүү юу хийж байна гэсэн чинь, өс хонзонгийн цэцэг үзэж байна гэж байгаа юм чинь ккк, би гэртээ ганц хэрүүл хийдэг юм нь Солонгос кино үзүүлэхгүй гэж. Яахав дээ тэр зохиол хийц, эвлүүлэг, өнгө дуу сайн, сайн бүтээлүүд. Монгол хүн бол тэрийг их үзээд ирэхээр өөрөө монгол мэдрэмжээ их алдаж байгаа байхгүй юу. Хүүхдүүд гэхэд сүүлдээ тэр Солонгосын соёлыг шүтэж өсч байна шүү дээ. Тэгэхэд монголын ямар сайхан хаадууд, ямар гоё ёс заншил, философи, тэнүүн тал нутаг байгаа билээ тээ” гэлээ.

Хоолон дээр өрнөсөн энэ түгээмэл ярианд бүгд л оролцож үг саналаа нэмэрлэлээ.

Гишүүний баруу гар үг нэмж “Хөгжилтэй орнууд бол босго хувь тогтоочихсон байдаг юм билээ шүү дээ. Нийт цаг программын төдөн хувиас илүүгүй гадаад кино байна” гээд гэсэнд сэтгүүлч “Монгол, Вьетнам, Индонези юу ч билээ азийн хэдэн хөгжил тааруу байгаа орнуудад драм аа ингэж үнэгүй өгч гаргуулаад байдаг юм билээ” гэлээ. Гишүүн “киноны ард нь тэгээд энэ хоол кимчи гээд хэдүүлээ авчихсан сууж байгаа биз дээ хахаха” гэв.

Г -Би нэг жишээ ярих дуртай. Английн new castle гээд нэг алдартай хөлбөмбөгийн баг байдаг тээ. Тэрний эзэн нь уурхайтай, аймаар баян. Тэгээд яахав мөнгөөр зодоод баахан одуудыг багтаа авчихсан. Гэтэл баг нь нэг л сайн тоглодоггүй. 16-аас хасагдчих гээд байдаг. Нөгөөдөх сэтгэлээр унаад Английг дэлхийн аварга болгосон Боби гээд нэг дасгалжуулагч руу залгаад, гуйсан байгаа юм. Настай болсон өвгөн байгаа шүү дээ. Та нэг аргалаач, би нээрээ гутарч байна аа даанч дээ гээд. Тэгсэн нөгөөдөх нь “Давай би орьё” гээд. Ороод хэдхэн сарын дотор 6-р байранд авчирахгүй юу, нөгөөдүүл бүр гайхаад ... тэгээд Бобигоос “та яаж ингэж чадав аа гайхалтай байна, та нууцаа хэлээч” гэсэнд Боби “өө би настай хүн нууц энэ тэр байхгүй хэлье” гээд “орой болгон л эд нарыг пивоны газар руу дагуулж явдаг, суудаг байлаа” гэсэн гэж байгаа юм ккк. Тэгсэн яахав их энгийн, одууд чинь орой тэгээд нэг суухаараа тоглолтоо л голдуу яриад чи ингэ л дээ, пас хая л даа битгий хувийн тоглолт хийгээд бай, амиа бодоод энэ тэр гээд хамаг юм аа хамаагүй яриад, нөхөрлөөд сүүлдээ нарийн юмнуудаа гаргаж яриад амжилт гаргаж эхэлсэн байгаа юм ...

За манайхан дайраад байна шүү, Хоовон яасан мах шараад өөрөө идэж чадалгүй үлдэв ээ. Нөгөө Баянаа аварга шиг. Бөхчүүд нөгөө бэлтгэлд гардаг, тэгээд хоолоо идэхээр Баянаа аваргад далаа өгдөг. Тэгээд нөгөө далийг нь хувааж байтал нөгөө мах нь доогуураа дуусчих гээд байдаг. Тэгээд дараа нь хоол идэх болсонд Аварга “одоо би дал авахгүй шүү” гэсэн гэдэг хахаха.

Т -За би ч гэсэн одоо мах шарахаа больмоор байна аа.

Г -Хоёулаа түрүүн хоол хаана идэх үү гэдэг дээр том “discuss” хийлээ шүү тээ. Уг нь хуушуураас дээгүүр гэж байсан. Тэгээд тэр Зайсан гараад баячуудын хороолол ороод л хөөрөөд доргичихлоо доо тэ, Хоовон ккк.

Хоолонд дээр хөгжилтэй юм ярих сайхан шүү. Сайн оточид бол идэх хоол олдохгүй байж мэднэ. Бүх хоолыг мэднэ. Тэгээд сайн зурхайчид идэх хоол олддоггүй, сайн зурхайчид гарах зүг олддоггүй гэж айхтар үг байгаа юм.

Т -Бүр сайн оточ бол яах уу?

Г -Өө тэр чинь учиртай, бүр сайн оточ бол ямар ч хоолыг иднэ. Яагаад гэвэл хорыг ч хоол болгож чадна. Харин сайн зурхайч бол ямарч үед хаашаа ч гарч болно. Яагаад гэвэл заслыг нь мэддэг учраас ...нарийн байгаа биз.

Т -Одоо тэгээд гишүүн нөгөө азийн бусад орныхон шиг хоолны даруулга 100 грм энэ тэр гарахгүй биз дээ, дүү нь жолоо барьж байгаа шүү.

Г -Оо тэр болохгүй. Сая нээрээ энэ солонгосууд өөрсдөө зохион байгуулж архины эсрэг том хурал хийлээ. Ер нь солонгосууд бол их залдаг нөхдүүд юм шиг билээ шүү. Эрдэнэчимэг гишүүн бид хоёр ч одоо нөгөө архины эсрэг хуулиа бариад л, гаргах гээд байгаа. Амьдралд нэг арай ойрхон байдаг болохоороо Эрдэнэчимэг гишүүн бид хоёр чинь нийлээд ажиллаад байгаа. Одоо тэр хүүхэд харах үйлчилгээний хууль бас байна, явж байгаа. Архиар чинь одоо тэр африк чиг рүү аймаар гэдэг рүүгээ орж байгаа юм байна. Солонгос бас аймаар, манайх ч бас аймаар гэдэгт орох гээд байна шүү...

Хоолны төгсгөлд мань эр бидэнд нэг нөхөрсөг зөвлөгөө өглөө.

Г -Та нар дараа ингэж хүн суулгавал өглөө хоол идэлгүй гарч ирээрэй гээд хэлчих. Цаадах чинь өдөр нь өлсөөд тэгээд хоолонд цуг орно шүү дээ, ккк.

Ингээд солонгос хоол идэнгээ улс төрөөс ангид бараг бүх сэдвээр буу халж сууцгаагаад гарч, такинд явах үндсэн ажилдаа орлоо.

16 цаг дөхөж байгаа тул хүмүүс бас хөдөлгөөнд орж эхэлсэн бололтой санагдлаа. Чигээрээ хойшоо хөдлөөд уулзвараар баруун гар руугаа эргэтэл хүүхэн залуу хоёр гар өргөлөө. Бараг бид хоёроос ч илүү яриа зочид таардаг байна. Эхлээд суунгуутаа гишүүнийг анзаарсангүй бололтой, надтай цаг агаар тогтуун байгаа талаар яриа өдөв. Тэгсэн гишүүн ярианд орж ирэхэд сая анзаарч гайхасхийн байснаа таньж “өө ямар сонин юм бэ, энэ чинь та Ганбаатар гуай байх шив дээ” гэж залуу нь олзуурхлаа. Хүүхэн нь “өө мөн байна ш тээ юун сонин юм бэ” гэв.

Манай хоёр СУИС-ийг нэг нь төгссөн, нөгөө нь сурч байгаа гэнэ. Лхагваа, Осоржамаа нар.

Г -өө за за Хоовон, ингээд найруулга нэвтрүүлгийг чинь засах мэргэжлийн баг ороод ирсэн байна шүү дээ хахаха, за за тэгээд төгсөх ангид сурч байна уу?

З/залуу/ -Тийн.

Г -За урлагийн чигийн улс таарсан нь бас зүгээр л байна ярьж хөөрөхөд амар. Тэгэхгүй бол хүмүүс бас зурагт сонинд гарах нь гээд пар хийгээд алга болчихоод хэцүү шүү.

Х/хүүхэн/ -Нээрээ таныг ингээд явж байна гэж хүн яаж бодохов дээ гайхна л даа.

Т -Өө ах нь өнөөдөр халтууранд хоёулаа явья гэж гишүүнийг гуйгаад. Тэгээд хоёулаа хэдэн төгрөг хийх гээд тойроод байна. Хүн бага байна шүү.

Г -За дүү нар амьдрал дажгүй юу, ажил хэр урагштай байна. Уран бүтээл хийж байна уу?

З -Өө яахав. Манайд чинь төгсөж байгаа оюутнууд их, ажил тийм элбэг биш. Ялангуяа урлагийн сургуулийн төгсөгчид чинь ажил бэлэн байхгүй, соёлтой үзэгч болоод л төгсч байна шүү дээ, ккк.

Г -Миний дүү нар гол нь мэргэжилтэй болоод, болж байна. Одоо Монголоо сайхан болгохын төлөө хэдүүлээ л зүтгэнэ шүү дээ. Баруунд нэг ийм яриа байдаг юм байна. Би француудаас өөрөө сонслоо. Яагаад залуучууд нь ингээд тэмцээд дуугараад орилоод, нийгмээ шинэчилье гээд зүтгээд  байдаг юм бэ гэсэн. Их сонин. Тэгсэн баруунд одоо хорьтой, гучтай залуус өнөөдрийн энэ болохгүй байгаа юмны хор үр дагавар нуруун дээр нь ирэхийг мэддэг учраас зүтгэдэг тэмцдэг. Дөч, тавь гарсан нөхдүүд бол энэ бол тэртээ тэргүй бидэнд хүрэхгүй, амьд байх хугацаандаа бид үзэхгүй гэж боддог гэнэ ээ. Энэ муу юм бол надгүйгээр учраа олно, би үзэхгүй юм чинь гээд айн ккк, хувиа бодсон байгаа биз. Гэтэл оюутнууд нь энэ өнөөдрийн болохгүй байгаа буруу шийдвэр, ажил надад ажилгүйдэл болж ирнэ ээ гэж үздэг болохоор тэмцдэг гэж ... Яахав урлагийн та нарт энийг хэлж байгаа юм. Бас өөрөөр сэтгэж, тэр урлагийн бүтээлдээ санааг нь харуулж магадгүй

Х -Миний нэг бодддог юм байдаг юм. Сурахад оройтдоггүй гэж, залуус хорин хэдэн нас гарчихаараа сурахад оройтчихлоо гэж бодоод байх шиг байдаг юм. Би таван жилийн өмнө сурчихгүй яав аа гэдэг ч юм уу, харамсаад орхичихдог тэ. Хүн ер нь харамсахгүй амьдарвал гоё байхгүй юу. Тэгэхээр жоохон оройтсон байсан ч яахав. Гэхдээ өнөөдөр дахиад оройтохгүй сурах ёстой гэвэл болно ш тээ.  Миний ирээдүй өнөөдрөөс эхэлнэ гээд, би ч өөрөө бас хөгшин оюутан л доо ккк.

Г -Яг амьдралын нарийн юм хэлэхэд, 10 төгсөөд их дээд сургуульд орох бол бас муу. Орост намайг сурч байхад цэрэгт яваад нэг бол сангийн аж ахуйд ажиллаж байгаад сургуульд орж ирэх нь их байдаг байсан. Дандаа ажиллаж байгаад орсон хүмүүс. Хөгшин оюутан байна гэдэг чинь бас давуу тал их бий шүү.

З -Найруулагчийн мэргэжил чинь бас их онцлогтой. Урьд социализмийн үед чинь 35 хүрч байж найруулагч хийнэ гэдэг ч юм уу, хязгаар байсан юм билээ. Одоо тэгэхэд шууд төгсөөд найруулагч болно гэдэг бол бас л хэцүү л дээ.

Г -Тийм байна. Бодлоготой хязгаарладаг байж. Тэгээд наана чинь тэр хүүхэд бас цаг мөнгөөрөө хохироод байгаа байхгүй юу. Амьдралын туршлага дээр тулгуурлаж хийдэг ажил мэргэжил гэж бас байна, тийм ээ. Би гэхэд чинь инженер хүн, тэгэхэд миний хамгийн анхны ажил слесарийн ажил байсан. Би нөгөө сургуульдаа сурч чадаагүй Германы бэлтгэлээсээ гарчихсан байхгүй юу. Тэгээд явж байгаад дараа нь эдийн засагч болсон. Одоо та нар ингээд ажиглах юм бол, яг эдийн засгийн талын яриа энэ тэр хийлээ гэхэд хүмүүс намайг их сонсдог. Яагаад гэвэл би амьдралд их ойрхон ярьдаг. Ажилгүйдэл гэхэд би өөрөө яг хүүхдээ тэврээд явж байсан байхгүй юу. Орон байргүй явж л байсан. Эдийн засаг улс төр гэж юмны тусгалыг яг амьдралаас хүн ойлгодог. Тэгэхээр дүү нарыг давуу талтай байна л гэж хэлэх гээд энийг хэлж байгаа юм шүү.

З -Аанхан, ахаа тэр Цоглог гээд дэлгүүрийн тэнд зогсчихоорой.

Г -Дүү нарын ажил үйлс нь өөдрөг байгаасай гэж хэлье. Ах нь ингээд мөнгийг нь аргална аа, за амжилт баяртай.

Үг хэл уралдуулан ярих найруулагч зорчигчид маань бууж, яаруухан алхаж булан тойрлоо.

Зорчигчид буусан тул миний ярих ээлж боллоо.

Т -Та нэг ийм яриа сонсоно уу? Хүү төрвөл яах уу гэсэнд “Өө бөх болго, манайд бөх л сайхан амьдарч байна” гэдэг. Тэгвэл охин төрвөл яах уу “Өө мисс болго, тэгвэл сайхан амьдарна” гэсэн. Аан тэгвэл хоёр ихэр төрвөл яах уу гэсэнд “Өө ёстой сайхан зохиолын дууны дуэт, дуучин болго” гэж ккк ,ажилтай мэргэжилтэй болго гэдэггүй гэсэн.

Г -Манай нэг найз ярьсан санагдчихлаа. Нөгөө Сүрэнжав гуай нэг тэгсэн гэсэн. Хүн таараад сонин сайхан юу байна гэхэд “...өө юу байхав дээ, явж л байна даа, Монголоор ганц л сонин байна даа” гэж. Ямар гэхэд нь “Нүцгэн хүүхэн л сайхан амьдарч байна” гэж ...ккк тэр нь юу гэсэн үг вэ гэвэл “өө яахав бидний яруу найраг гэж хөөцөлддөг өнгөрсөн байна даа, бөх, мисс хоёр л сайхан амьдрах юм байна” гэсэн хэрэг байж.

Т -Та ингэхэд энд тэндгүй гадаад орноор сайн явсан хүн юм аа даа?

Г -Өө явсан явсан, Лондонд бол 8 жил амьдарсан. Германд ч нэг жил орчим л бэлтгэлд байсан юм. Лондонд чинь эхлээд хэлний бэлтгэлд яваад тэгээд дараа нь харин ёстой өөрийхөө хүч чадлаар эдийн засгийн сургууль, инженерийн сургуулийг төгссөн. Тэрнийхээ хүчинд л хүнтэй ярих жоохон мэдлэг тэнхээтэй. Ямар ч сайдтай бол юм ярина. Ер нь боловсрол хүнд юу өгдгийн гээч, ерөөсөө өөртөө итгэх итгэлийг л өгч байгаа юм.

Т -Сайхан үг байна.

Г -Өөр юу ч биш, сэтгүүлч боллоо гээд зураглаач боллоо гээд хэдэн жилийн дараа юу илүү болсон. Өөртөө итгэх итгэлтэй л болсон байгаа. Чи таксинд явж байна энэ бол маш том туршлага.

Т -Өнөөдөр нээрээ хүн бага байна аа. Манай нэг нөхөр яриад байна лээ. Хүмүүс ер нь бага гарч дэмий явахгүй байна гэж. Тэр чинь бол тансаг газар энд тэнд сууж хоол унд иддэг нөхөр шүү дээ. Тэгэхэд ер нь хүмүүс багасчихсан байна. Эдийн засгийн уналт нөлөөлөөд байна гээд байсан.

Спортын ордны урдуур урагшаа чиглэн явж байтал нэг хүүхэн гар өргөлөө. Зогсоод авлаа. Нэг залуутай цуг явсан ба залуу үлдэж хүүхэн ганцаараа суулаа.

Г -За миний дүү хаа хүрэх билээ. Ах нь үнэгүй хүргээд өгье.

Х -Өө... сайн байна уу та.

Т -За гишүүн мөнгийг нь төлнө. Үнэгүй такси гэж хэлж болно, миний дүү хаа хүрэх билээ?

Х -Баянзүрх дүүргийн тийшээгээ явна.

Т -Нэгэнт үнэгүй болохоор өөр холхон чиглэд явбал явааарай, Налайх зүг рүү ч болно шүү дээ ккк.

Х - ............... /инээвхийлэв/

Т -Чи нэг итгэж ядаад байна уу даа, нээрээ шүү ?

Ингээд дуу цөөтэй байрын бүсгүйд гишүүн аяллын зорилгоо танилцуулж тайлбарлалаа. Бүсгүй Говь-Алтай аймгаас ирсэн. Нөхрийгөө эмнэлэгт хэвтүүлэх хэрэг зоригтой яваагаа хэллээ. Ингээд ярилцаж эхэлтэл хүүхний төрсөн нутаг нь Баянхонгор аймаг ба Ганбаатар гишүүн ч мөн тус нутгийн уугуул байсан тул тэр хоёр тэрүүхэндээ “булагнаж” жаал нутгаа ярив.

Г -Миний дүү тэгээд аль эмнэлгээр явав. Эмнэлэг бас нэг тиймэрхүү, хүнд байна уу, гайгүй юу.

Х -Өө хэцүү юм байна аа,  аймаг шиг тэгж өдөртөө үзүүлдэг юм байдаггүй юм байна.

Г -Хүнд суртал байгаа байгаа, тэр алга болох ёстой, нөхөр нь яасан юу нь өвдсөн?

Х -Нуруу нь өвдөөд, тэрнээсээ нөлөөлөөд хөл нь хөдлөхөө болих гээд.

Г -Аа тэгвэл нөгөө мэдрэлийн судал нь гэмтэж дээ. Тэр их ноцтой шүү.

Т -Ийм өвчин их байдаг болжээ. Би лав хоёр гурав дахиа сонсч байна.

Г -Аваар осолд орж байсан уу?

Х -Үгүй ээ цагдаа хийдэг юм.

Г -Аан тэр чинь бас суувал суудаг л ажил даа. Би Говь-Алтайн нэг найзыгаа алдсан. Өнгөрдөг жил.

Т -Тэгээд эмчилгээний чиг хаашаа гарч байна?

Х -Яг тэр энэ гэсэн юм алга л байна. Ямар ч байсан хэвтэнэ гэсэн. Эмнэлэг дээр тэр “имрай” гэж юманд ороод.

Г -Аан тэр ёстой бөөн оочер дарамт байгаа л даа.

Х -Гурван өдрийн дараа оочер бичүүлж байж орлоо шүү дээ.

Г -Ах нь энэ эмнэлэг тойрсон асуудлаар их шаналж дуугардаг юм. Энэ хүмүүсээ нэг халамжилж, хамгаалахгүй бол хэцүү болоод байна. Төөрсөн төлөг шиг.

Х -Ер нь л бүтэхгүй юм байна аа, мөнгө ч их орох юм. Одоо ирээд долоо хонож байна. 2 сая гаран төгрөг гараад л явчихаад байна. Нэг эмчид үзүүлнэ, зургаа авахуул, тэгээд дараа нь хорин мянган төгрөгөөр зургаа уншуулна гээд.

Г -Балайр, тэгээд байгаа юм. Онгоцоор ирсэн үү, аймаар үнэтэй байгаа даа.

Х -Нэг талдаа нэг хүн 232 мянга.

Т -Өө за за, зардал нь сая гараад явчихаж байгаа юм байна.

Х -180 мянга гэдэг байсан нэмэгдчихсэн. Одоо мөнгө явж өгч байна ккк, тэгээд яах учраа олохоо байчихаад л.

Г -Эмч нар нэг юм хэлнэ дээ, яаж эмчилье, яана гэж байна?

Х -3-р эмнэлгийн эмч мэдрэлийн тасагт хэвтүүлье тэгээд нугаснаас ус авах байх гэсэн.

Г -Тэгвэл их ноцтой байна даа. Гэхдээ сайн хүмүүсээс асууж, бодож байж эмчилгээ хийлгээрэй, тэр нугасны ус авах бол осолтой шүү. Хамаагүй болохгүй гэдэг юм билээ. Ах нь сайн мэдэхгүй байна, гэхдээ олон хүнээс асуугаарай.

Х -Харин тийн, нугасны ус авна гэхээр айгаад гайхаад л байгаа.

Г -Татлага матлага хийгээд нэмэргүй гэж байна уу?

Х -Тийм юм байдаг юм уу?

Г -Нуруу нь суугаад мэдрэлийн судсаа дарчихаад байгаа гэсэн үг. Тэгэхээр нь уг нь татдаг юм билээ дээ. Эрүүнд нь юм хийгээд татдаг гээд гишүүний нүд нь сэргэн нээрээ тэр их сайн гэсэн шүү гэлээ. Би бас “ардын эмнэлэг, уламжлалт эмчилгээ ч бас сайн гэсэн шүү” гэж хошуу нэмлээ.

Х -Харин ирэнгүүтээ солонгос эмчтэй хувийн эмнэлэгт зүү тавиулж эмчилгээ хийлгэж хэд хоносон өөрчлөлт гарахгүй байна оо.

Г -Би ч сайн мэдэхгүй болохоор одоо юу гэхэв, гэхдээ сайн асуугаарай олон түмнээс.

Т -Хөдөө юу хийж байна, ажил хийдэг үү?

Х -Хэдэн малтай, төвд зах дээр суудаг.

Г -Чи чинь бэр буугаад Говь-Алтай явсан хүн үү?

Х -Тийн, би Баянхонгорын Баянцагаан сумынх. Говь-Алтайд анагаахад сураад, тэгээд ккк тэндээсээ нөхөрт гараад Говь-Алтайн хүн болчихсон.

Г -Харин тэгсэн байна л даа. Нутгийн охин байна. Хэн багшийн анги билээ?

Х -Алтангэрэл багш.

Г -Хэдэн хүүхэдтэй?

Х -Хоёр хүүхэдтэй, аав ээжтэй орхиод ирсэн.

Т -Хөдөө улс орны амьдралын талаар юу гэж ярьж байна даа?

Х -Өө өдөр болгон л ийм тийм юмны үнэ өслөө л гэж ярих юм байна шүү дээ.

Г -Нутгийн дүүтэй таараад ах нь сэтгэл өндөр байна. Миний дүүгийн ажил гайгүй байх аа, сайхан сэтгэж явахад болно доо ...

 :

Баянзүрх дүүргийн хажуугаар уруудаад гэр хороолол руу нэлээн явж бараг урд талд зах явдаг зам нийлэх дөхөөд нэг гудманд хүүхэн буулаа.

Цаг 17 дөхөж гишүүнийг гэрээс нь атаман охин нь дуудаж эхэллээ. Амралтын өдөр болохоор эрт харьж салхинд гарна гэж гэрийнхэнтэйгээ ярилцсан байсан гэнэ.

Би одоо таныг гэр рүү чинь дөхүүлнэ ээ гэсэн ч бас нэг хүн авчихаж магадгүй гэж бодоод Захын урд зам руу орлоо. Ёстой таг бөглөө гэдэг рүү орчихож. Бараг цаг бөглөрсөн. Тэгээд Нарантуул захын төв хаалга өнгөрөөд гэлдэрч байтал нэг бондгор бор залуу дохилоо. Суу суу л гэлээ.

Залууг ард суунгуут ямар нэг тайлбар оршил ч хэлсэнгүй гишүүн шууд л “за дүү зах дээрээс ажлаасаа бууж явна уу “гэж асуулт хариултаа эхлүүллээ.

.

З -Өө тийн, бууж явна. Би энэ өргөтгөл дээр гоо сайхны бараа зардаг юм.

Г -Нөгөө шатдаг дотор байсан уу, үгүй юу?

З -Үгүй ээ, өргөтгөл болохоор зүгээр. Нөгөө шатдаг чинь дотор тэр байшин шүү дээ гишүүн ээ. Та чинь арай мэдэхгүй байгаа юм биш биз дээ. Орж үзээгүй юм уу, өргөтгөл чинь тэр цаана нөгөө талдаа.

Г -Аан мэдэлгүй яахав. Манай гэр чинь энэ хажууд байдаг, би чинь эхнэртэйгээ энд ирж ойр зуурын юмаа цуглуулдаг. Машинаас харсан төөрөөд байна шүү. Тэр шатдаг дотор хүнс ломбард нэлээн олон  лангуу байсан байх аа.

З -Өө тийн гоо сайхан чинь тэгээд шаталт ихтэй шүү. Нэг хайрцаг үнэртэй ус байлаа гэхэд л үнэ нь сая төгрөг болоод явчихна шүү дээ. Овор багатай ч үнэ ихтэй. Хүмүүс их шатсан, баларсан. Харин ломбардууд азтай, сейфэн дэх мөнгө алт монет нь ихэнх нь бүрэн шатаагүй байсан гэсэн. Гоо сайхан бол үнэхээр аймаар шатсан.

Г -Одоо тэгээд дахиад зах барина гэж байна уу. Эртээр тэгж ярьж байх шиг байсан.

З -Барина ш тээ. Одоо өөр яах юм. Баахан хүн амьдралгүй болоод байна шүү дээ. Одоо энэ зах шатахад л 30 мянган хүн хоолгүй хоцорч байна шүү дээ. Нэг лангуун дээр чинь бараанаас өөр их юм бий. Би чинь гэхэд хоёр туслахтай байдаг, тэд нарыгаа цалинжуулж байгаа шүү дээ.

Г -Тэгнэ дээ, тэр цаана нь бас олон хүний амьдрал орлого явж байгаа л даа.

З -Өө тэгээд Сайхансамбуу гуай нэг юм барьчих байлгүй дээ. Хуучин нь хоёр давхар байсан шүү дээ. Их юм байсан шүү. Үсчин, хүнс, ломбард гээд. Одоо тэгээд сая бүх түрээсээ нэмээд хаячихлаа шүү дээ.

Т -Бүх түрээсээ юу? Байшингийн мөнгөө гаргаж авах нь уу?

З -Тийн, өөр яахав. Урьд нь квадрат нь 10 мянга байсан бол одоо 15 болгоод, тэгээд нөгөө тээш бий ш тээ, тэрийгээ бас нэмээд хаячихлаа.

Г -Би чинь хааяа эхнэрийг дагаж ирнэ. Уйтгартай, хүнс цуглуулах. Харин эртээр нэг хөдөө гарах гээд эмээлийн мод харах гэж ирээд, хөдөө гарахаар би чинь морь унах дуртай.

З -Та аль аймаг вэ?

Г -Би Баянхонгорынх, хадам талынх болохоор Архангайн Чулуут хавийн хүмүүс.

Залуу гэнэт тороо ухан би сая нэг гутал авсан юм, нээрээ бурууг нь авчихвуу яав ... гээд нэг гутал гаргаад ирлээ.

Гишүүн ч эргэн харж наад гутал аа, алив би үзье гэлээ.

Харвал нөгөө гадуураа арьсаар бүрсэн өвлийн гутал байлаа. Яагаав манай нөгөө нэг бичлэгээр ордог Exсel гутал гээд би нэг бичсэн дээ, хөдөөний хүүхнүүд их захиж авахуулдаг. Exсel машины үнэтэй болохоор хөдөө Exсel гутал гэдэг болсон гээд, тэр гутал дүрээрээ мөн.

Г -Алив өгдөө, энэ нөгөө манайхан хийдэг нь мөн үү?

З -Биш ээ оросынх нь, 600 мянгаар авлаа шүү дээ

Би ч энэ мундаг гутлын талаар сонсч бичиж байсан болохоор үнэн дээр нь нэг их цочсонгүй. Гишүүн харин нэлээн анхаарч нүд амаа эргэлдүүлэн үзлээ.

Г -Чи нээрээ тун зүгээр гутал авчихсан байна шүү, энийг ямар хүн зардгийн, яг орос уу?

З -Тийн, хойшоо захиж авчруулсан юм. Хоёрыг авчирсан байна лээ.

Г -Хөөш чи дүү, тэр гутал авсан хүнийхээ утсыг ахдаа өгөөч.

З -Та хэдэн размер хараад байгаа юм. Энэ хоёр бол 38 размер байна шүү дээ. Би авгайдаа авсан байхгүй юу.

Г -Би... өөртөө авах гээд хараад байна. Би хөл их даардаг юм.

Залуу тороо цааш ахиулан ухаж та тэгвэл энийг нэг өмсөөд үз дээ гээд бас нэг гутал гаргаад ирлээ. Аргагүй л наймааны хүн юм. Гишүүн энэ тэгээд яг ориг нь мөн биз, манайхан дуурайж хийгээд байгаа гэсэн шүү гэж хаширлалаа. Залуу “ээ ориг нь байлгүй яахав вэ, хүнд бүр захиж байж авгайдаа авчруулж байхад чинь. Авгайдаа хулхи юм авчрахгүй шүү дээ тэ ккк” гэж над руу дэмжлэг эрэн харлаа. Би ч энэ гэнэтийн наймаа хэлцэлд төвийг сахисан байр суурьтай байж толгой дохисхийлээ. Гишүүн нөгөө гутлыг хөлдөө хийх гэж үзлээ. Гэтэл боомоороо орсонгүй. Гацлаа.

Г -Аан энэ мундаг гутал мөн байна аа. Гэхдээ энэ надад орохгүй нь л дээ.

З -Бид нарт бол ийм гутал тохирохгүй ш тээ. Гадаа зогсдог болохоор чинь памбагар цагаан л сайхан шүү дээ

Г -Памбагар цагаан мундаг уу?

З -Мундаг, номер нэг шүү дээ.

Г -Гэхдээ дотор нь жийрэг оймс энэ тэр нэлээн давхарлах байх даа тэ?

З -Юу гэж дээ, хийхгүй шүү дээ. Тоногтой памбагар цагаан бол зүгээр л нэг давхар оймстойгоо өмсөөд л гарна шүү дээ. Өвлийн хүйтэн хасах 40 хэмд гоё шүү дээ, дулаахан.

Г -Би ч багадаа аав өвөөгийнхөө өмсч байсныг харахад их нимгэхэн санагдаад байдаг даа.

Т -Харин тийн, харахад бол нимгэхэн эсгий гутал мөн биз дээ.

Г -Энэ хэдэн разтер 38 билүү, энэ надад орохгүй нь л дээ арай том нь байна уу.

З -Байхгүй ээ, хоёрхон ирсэн.

Г -Би ч өвөл хөл их даардаг байхгүй юу.

З -За та одоо энэнээс захи, ав би утсыг нь танд өгье.

Г -За за миний дүү гоё гутал харуулж санаа өглөө шүү. Би өчигдөр юу авсийн, авсан гэж аавтай цуг яваад нэг гутал үзээд голоод больсон юм.

З -Энэ бол нээрээ хамгийн гоё гутал шүү. Зах дээр бол 700 мянга гээд хөдлөхгүй.

Г -За ах нь бодно оо.

З -Үгүй  нээрээ та чинь харин амар хүн үү ингээд таксинд явж байдаг. Хүргүүлж яваа юм уу, тэгээд намайг давхар авчихсан юм уу?

Г -Өө энэ Хоовон таксич намайг уриад хамт мөнгө хийе гээд ккк, нээрээ тэгээд ард олны яриаг сонсч, амьдралын байдал төрхийг нэг дотроос нь харж явж байгаа юм. Дүүгээс таксиний мөнгө авахгүй. Зүгээр хүргээд өгчихнө.

З -Өө юу гэж дээ, мөнгөө өгнө шүү дээ.

Г -Үгүй ээ, өнөөдрийн суусан бүх хүмүүсээ үнэгүй хүргэж өгч байгаа. Санаа зоволтгүй, та нартай ярьж хөөрөөд сайхан байна, өнөөдөр.

Бид хоёр замын цагдаа руу явдаг замаар явж байгаад хойшоо 1-р төрөхийн зам руу эргэлээ. Манай залуу Спортын ордны хойно бууна гэсэн юм. Гэтэл дөнгөж эргэтэл замын хажууд барьж байгаа хоёр байрыг харж гишүүний нүд сэргэн “өө хоовон, энэ нөгөө намайг АТГ-д дуудуулдаг байр чинь байна даа” гээд залуу руу эргэн харж “ах нь энд ҮЭ-ийнхэндээ байр бариулж 140 хүнийг оруулсан юм. Тэгээд АТГ-д дуудагдаж байлаа. Хүн шударга л байх ёстой. Мэдээж гүтгэлэг доромжлол хаана ч таарна” гэж сэтгэл догдлон хэллээ.

Т -Дүү тэгээд захаас гараад өөр юм хийвэл одоо хэцүү байх даа тэ? Чи хэдэн жил зогсч байна.

З -15 жил л болж байна даа.

Г -Хөөш ах нь энэ хавьд буугаад алхчих уу, хүүхдүүд хүлээгээд байгаа байх шүү.

Т -Аан таныг манай хэд спортын ордон дээр хүлээж байгаа ш тээ.

Г -Аан за тэгвэл тэд нартай уулзчихаад яаравчлая даа.

З -Гишүүнээ, энэ юмны үнэ болохоо байлаа шүү. Одоо миний мэдэхээр 2 дахин нэмэгдчихлээ шүү дээ. Хүнс, гоо сайхан бүгд. Миний 240 төгрөгөөр бөөнддөг байсан нойлын цаас гэхэд 290 төгрөг болчихоод байна. Цаанаасаа доллар өссөн гээд нэмэгдээд ирэхээр бид бас түрээсээ бодоод хэдэн төгрөг нэмж л байна.

Г -Одоо тэгээд дэлгүүртээ 1000 гараад явчихаж байгаа юм. Намайг чинь одоо ингээд тэтгэвэр цалинг бас нэм гээд тэмцэх гэхээр юмны үнэ хөөрөгдлөө гээд загнана шүү дээ. Гэхдээ дуугүй яваад байж болохгүй. Тэмцэх л хэрэгтэй.

З -Та гэхдээ нэг хэсэг гоё явсан шүү тээ. Одоо харин нэг л сул болчихлоо доо.

Г -Ах нь одоо Оюутолгой дээр хамаг юмаа зангидаад тэмцээд байна. Та нар нэг сайхан дэмжээд өг л дөө... Чи найз нөхөддөө хэлээрэй, дэмжээрэй гэж. Ганцхан орилдог амьтантай, тэрийгээ нэг зрителд байгаа юм шиг хараад суугаад байх юм. Тэр чинь бас цуцна шүү дээ тэ, ккк. Ахыгаа дэмжиж хэлж өгнө шүү. Ах нь та нараас дэмжлэг хүсч, гуйх ёстой биз дээ...

 .

Бид спортын ордны хүзүүвчээр орж ирээд зогслоо. Залуу “Ах та бид хоёрын зургийг энэ дээр дараад өгөөч, дурсгалтай, нээрээ азтай байна шүү” гэлээ.

Тэгээд гишүүнд хандан “за танд баярлалаа, ажлаа сайн туйлбартай хийгээрэй өөр юу хэлэхэв” гээд надтай мөн гар барьж буулаа. Манай аппаратанд зургаа даруулчих гэсэнд би аймаар хиртэй ажлын хувцастай байна яахийн гэж цааргалав. Араас сурвалжлагч баг ирж бид цугларлаа.

 .

Ийнхүү нэг өдрийн таксины тусгай аялал өндөрлөсөн юм. Би ч бас л явж шалиагүй байж их л ядарсан байсан шүү. Дараа бодсон, аргагүй юм билээ. Өдөр 12 цагаас эхлээд 17 цаг хүртэл тасралтгүй ярьсан байна лээ ккк. Тэгээд төвөөр машин барих ямар билээ дээ, манайхан. Гэхдээ уйдахааргүй явсан. Төгсгөлд нь С.Ганбаатар гишүүн манай таксинд нэг өдрийн орлого хавьцаа 50.000 төгрөг хандивлая гэлээ. Тэгээд яахав, би ер нь бодоод яваад байгаа юм. Хааяа ингэж сонирхолтой хүмүүсийг урьж, буу халж амьдрал үнэртүүлж явья гэж. Тэгээд нөхдүүд энэ мэт хааяа нэг өдрийн орлого хандив өгөх бол ядарсан хүмүүсийг унаагаар эмнэлэг үйлчилгээнд зөөж өгч, буяны гэх үү сайн үйлсийн гэх үү, нэг өдрийн явалт хийж байя гэж бодлоо. Та бүхэндээ ч бичих, ярих юм ихтэй болно. Бас ядарсан нэг хүнд ч тус болно. Нэг ядарсан хөгшинд, нэг гэр бүлд хүйтэн хахир энэ цагт унаагаар тусалж, мод түлээг нь багаар ч гэсэн ойртуулаад өгчихсөн ч яахав дээ тиймээ, том л тус болно доо. Гэхдээ ингэж зочин залж явах ч бас төвөгтэй юм байна. Хэрвээ Горгаз компанийнхан түлш спонсорлоогүй бол 20 литр түлш 25 мянга, тэгээд орлого гээд хөөрхий, би бол бас сандрах л юм байна. Энэ явалт гэхдээ сайхан боллоо. Эд мөнгөөр хэмжээд яахав, та бүхэнд сонирхолтой бас цаагуураа “юм хум” бодуулсан байвал тэгээд л “ОК” шүү дээ.

.

С.Ганбаатар гишүүнд баярлалаа. Ер нь хөгжилтэй эр байна лээ. “Худлаа тодрох гэж байгаа хүмүүс ороод ирвэл би ч зүгээр бушуухан зайгаа тавьж өгөөд, өөрөө бүдгэрээд алга болдог байхгүй юу”  гэж нөгөө хэдээ явуулж байна лээ, ккк.

Энэ нь цаагуураа их философитой үг юм байгаа биз дээ. Та бүхэн ойлгож байгаа биз.

За тэгээд Чингис өвөөгийн төрсөн өдрөө сайхан тэмдэглэж, сайхан амраарай манайхаан.

 .

Үргэлжлэл бий.

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч-Таксич Хоовон хөх

Shuud.mn
Сонин хачин
уншигч:
ганбаатарыг дэмждэг шүү,энд түүнийг муулаад байгаа хүмүүс нөгөө захиалгат хүмүүс үү ,нэр хүнд өсчих вий гээд хаана бичигдэнэ түүний дор *ны ялаа аятай шавах юм өөр газраас хоол олж идэл дээ хоовонд баярлалаа бас хөөрхөн бизнес сэтгэлтэй эрээ дээ чи амжилт аз жаргал хүсье
2013-11-06
ganzorig:
ganbaatartai yawsan bichleg taalagdahgui bn. demii yum bn hudlaa hiimel bolson bna , umnu ganbaatar gishuuniig ih demjdeg baisan. suuldee uih d orood uuriin medehgui medleg hurehgui yum ruu sarvalzaad taalagdahgui bolson. uildverchnii evleliin ajil ni yag taarch baisan yum.
2013-11-05
халагдсан нөхөр :
ганбаатар нэг хүний хувийн тоглолт хийж улс орныг сүйрүүлж байна даа. оюу толгойг тас хөдөлгөхгүй гацаалаа. баахан хүнийг ажилгүй болголоо. арай ч дээ. одоо болно шдээ. би ажилдаа ормоор байна.
2013-11-05
будда:
таалагдаж байна....
2013-11-05
buglan:
dotor muuhai orgiv, *ing ganbaatariin pr hiigeed yavahgyu dee
2013-11-03
soniuchhan:
hoobon hoh zaluuhan turanhai dund zergiin nuruutai hun bnaa. bitgii il garch irerei.taavar bval bur sonirholtoi bn shuu. ooriigoo sain nuugaarai!
2013-11-03
ooroo:
hoobongiin gantsaarangiin bichleg taalagdaj bnaa.demii ym bn.ooroo l ybdagara ybval goe ym bn.
2013-11-03
niitleliin muruur :
mash ih ta*agdlaa yarih yum *ga, harin zarim humuus yagaad durgui baigaa n oilgomjtoi shuu dee. tand amjilt husie. odoo sonin deer ter huuhen tuuntei yasan iisen gesen medee unshij baihaar ene harin ih sonirholtoi yum.
2013-11-02
hoovon huh:
баярл*аа манайхан. сайхан амарч, тайван баярлаарай ккк, би нэг дхд х*туурт гарахгүй амарна, сайхаан.. чингис өвөөгийн буян, баярлаж байна шүү
2013-11-02
hulguu.:
goe goe ganbaatar gishvvnd ajiliin amjilt hvsie. ahiad uur olon sonirholtoi zochin urij oroltsuulaarai. amjilt hvsie.
2013-11-02
nnnnnnn:
goe goe goe
2013-11-02
nnnnnnn:
goe goe goe
2013-11-02
эрдэнэ:
хоовон гуай танд баярл*аа. тохирсон хүмүүсээс тохирсон ярилцлагыг хийгээрэй. амжилт хүсье ээ
2013-11-02
сссс:
ёстой гоё зөв нүдээ олсон ажил байна шүү хоовоон. амжилт. тэр ардын намын нөхдүүдийг оруулв* орохгүй л байх даа. машинд багтахгүй юм бол уу. жижиг тэрэгэнд сууж ч чадахгүй байлгүй дээ чихэлдээд. худлаа хүн битгий оруулаарай. худлаа бүлтрээд байна. юм хийж байгаа хүн оруулаарай.
2013-11-02
irgen:
bugdig unshlaa zuv shuu.daraach.n dugaar huleele amjilt
2013-11-02
uu boliyoo:
taxi odoo ingeed zahi*gat bichleg hiideg bolo shivdee. bolildoo, odoo taxi-g unshih sonirholgui bolchihloo. tertei tergui zahi*gat bichleg ym chin gej bodogdoh ym baina.
2013-11-02
mundag:
sain bna ardiinhaa dundaas garsan hvmvvs ardtaigaa l bail daa amidr* dund ni hamt l bail daa goyo ajil bn hamtrah yumsan daa hoowoon odoo martagdaj bsan sergej bgaa mergejliin bolowsroliin t*aar yaria huuruu hundul duu sanjmitaw saidtai
2013-11-02
Батэрдэнэ :
Фенг Шу ганц чаддаг популизмаа л хийсэн байх шив дээ. Чамаас болж Монгол улс баларч байна даа.
2013-11-02
энэхоовон уу??:
Энэ хоовон их адтай золиг юмаа.Дараа нь эрүүл мэндийн сайдаа аваад эмнэлэг бараад явбал жинхэнэ нүдийг нь нээнэ дээ
2013-11-01
зочин:
уншиж яваад унтах шахлаа.хоовон ганцаараа яваад хүмүүстэй ярилцдаг чинь илүү сонирхолтой юмаа.
2013-11-01
12hj:
goe boljee dahiad
2013-11-01
aagii:
zugeer ymaa. unshlaa ard tumnii jiriin amidrald orj uzdeg bas uur gishuud baih bolov uu gej bodloo.
2013-11-01
амжаад уншчихлаа:
ерөнхийд нь гадарлаж байсан сэдэв ч гэсэн шимтэн уншлаа дараа дараагийн дугаарыг хүлээж байна
2013-11-01
lol lol:
soliorol , populizm, fengshu , henshuu
2013-11-01
zochin:
daraagiin eeljind batuuliig uriarai.arai l uur untsguus yrih baih.ih sonirholtoi bolno gedegt itgeitei baina. hoovon chamd amjilt
2013-11-01
aaaa:
okey :D aaaaaaaaaaaaa
2013-11-01