За, юун түрүүнд энэ өдрийн мэнд.
6
Сонссон байлгүй дээ. Нөгөө гишүүн С.Ганбаатар чинь “мужик”, худлаа ярьсангүй. Хэлсэндээ хүрч цуг халтуур хийлээ. Хээгүй нөхөр билээ. Урьд өдөр нь би ажил хэрэгч хандан цаг нараа тохирхоор туслахтай нь ярих гээд, Өлзийбат гээд аятайхан ааштай залуу байсан, тэр рүү яриад байсан утас нь салсан байдаг юм байна. Дотроо бас түгшээд л явчихлаа. Гэтэл орой нь мессеж бичсэн байна. “Гишүүн бид хоёр хөдөө яваад хотод ирж байна. Өдөр 12 цаг гээд явах уу” гэсэн байсан. Тэгээд нэг уужирч жоохон тойрч, хэдэн яриа хөөрөө, мянган төгрөг эргүүлж байгаад харьсан. Тэгсэн газ дундарчихаж.
6
Тэгээд өглөө нь бүтэн сайнд эртхэн босоод Өргөөгийн урдаас эхлээд газ олж авахаар гарсан. Ёстой байдаггүй дээ. Гэмтлийн урд Дашваанжилд очлоо бас байдаггүй. Азаа үзээд таван шар орсон чинь ЮниГаз дээр яг дуусч байна, “дарга нар 40 хувиа авч үлдээрэй” гэсэн гээд шахдаг хошуугаа хураачихлаа. Ёстой аргаа барлаа. Сураг сонсвол Оросоос ачих газ нь тасалдаад нөөцгүй болоод яасан ийсэн гэлээ, мөд газны бараа харахааргүй л юм ярьсан.
5
Тэгээд сэтгэж “Горгаз”-ийн менежер Буяа гэдэг танил руугаа ярилаа. Гэтэл манай хүн бас газ олж ирэх асуудлаараа Хятадад очоод Замын Үүд дээр байна гэж байна. Учраа хэллээ. Өнөө муу гишүүний нэрийг барих гэж үзлээ. Гэхдээ тэгсэн тэгээгүй газ байвал туслах, хүн сайтай улс л даа. Тэгээд нөгөөдөх эргээд ярья гэлээ. Би хүлээлээ. Гэтэл 9911... дугаараас дуудлага ороод ирлээ. Цаг харвал 11:30 ...бодлоо “За нөгөө гишүүн нь ирчихээд одоо цаг нар гээд шавдуулах нь дээ” гэж халгас хийгээд аваатахсан чинь “Сайн байна уу” гээд нэг эмэгтэй хүн ярьж байна. Тэр нь “Горгаз”-ийн захирал байж. “Манай менежер ярьсан, танд туслаач гэсэн юм. Та хаана байна, болвол хурдан ирээд газаа авах уу. Манай газ дуусах гээд байна гэсэн шүү” гэлээ. Баярлах сандрах зэрэгцэн, би одоо гишүүнийг авчихаад л очихгүй бол болохгүй гэж учирлаад шууд хөдөллөө.
5
Замдаа бас асуудалтай. Орос элчингийн хойно 1-р эгнээгээр явдаг давуу эрхээ эдэлмээр болоод явж байтал нэг хүн гар өргөөд, тэрийг аваад хөдлөх гэтэл нэг тролейбус дээрэлхэж сигналдаж шахаад. Би гэж хүн замын хашлага брожур давах шахаж харайгаад, дугуй хага. Буугаад харвал бүүр дор юм болж, нөгөө хайлшин обуд нь үзүүр хэсэгтээ хага үсэрчихэж. Газар дээрээ обудтай нэг дугуйгаараа шатчихлаа. Дор хаяж тавин мянга даа. Запас дугуйгүй болдог доо. За гэхдээ их хэргийн ард энэ зэрэгч дүүрч, болох л байлгүй гээд асуудлыг өөдрөгөөр авч үзэн хөдөлсөн дөө. Тэгээд “Шууд” сайтын гадаа гишүүнийг хүлээтэл өнөө туслах залуу ярьж байна. Бид хоёр алхаад очиж байна, хаана байна та гэлээ. Тэгтэл өнөөдөх Ганбаатар гуай чинь хар ноосон малгай, хар пальто өмсчихсөн над шиг баарагдуу нөхөр ирж явна. Өө би ч зурагтаар зөндөө л харсан болохоор танимхайраад газ олдохгүй балрах шахсанаа яриад авлаа. Дугуйныхаа тухай яримаар байсан ч хэлээ хазаад тэсээд өнгөрлөө.
6
Ингээд гишүүнийг нэг суулгаж аваад газаа дуусахаас өмнө амжихаар “Горгаз”-ийн зүг хөдөллөө. Урдуур нарны замаар яваад Нарантуул явдаг замд “Горгаз”-ийн нэг салбар байдаг юм. Овоо бөглөрч байж очтол газ арай дуусаагүй байж байна. Би ч арын хаалганы том хүн царайлаад ухарч орон, учраа хэлтэл түгээгч охин мэдэж байна. “Өө хэлсэн” гээд миний машин руу газ шахлаа. Хэдэн төгрөг, хэдэн литр билээ гэтэл өнөөх түгээгч охин “30 литрийг хийгээд өгчихөөрэй гэсэн, мөнгө аваад хэрэггүй гэсэн” гэж намайг ёстой ангайтал баярлуулдаг байгаа. Анх удаагаа газ үнэгүй авч байгаа нь энэ л дээ. Олны буян яахав, нэг удаа ч гэсэн. Би уг нь энэ өдөр хүмүүсийг үнэгүй хүргэж өгөөд тэгээд гишүүний “ёндоог” харья гэж бодож байсан юм. Орлого гээд хэдэн төгрөг өгөх байлгүй гэсэн юм бодоод явж байсан л даа. Нэгэнт энэ аяллыг “Горгаз” ивээн тэтгэсэн болохоор өнөөдөр таарсан хүмүүсээ үнэгүй хүргэж буян хийе дээ гэж шуударлаа.
5
Жоохон нуршуу оршил болсон бол хүлцэл өчье. Газ ховордоод, хийн түлштэй машинтай таксичдийн амьдрал хүндрээд байгааг л завсарт хэлэх гэсэн юм.
5
Ингээд түлшний асуудлаа шийдсэн би гишүүнийг урдаа суулгаж аван захын баруун талаар зүүн дөрвөн замыг чиглэснээр бид хоёрын амралтын өдрийн халтуур эхэллээ.
6
Яриа эхлээд би “Та ер нь яагаад л Оюутолгой гэж дандаа ярьдаг юм бэ дээ, өөр асуудал их байна шүү дээ” гэсэн нэлээн том асуултаа тавилаа даа.
6
Ганбаатар -Бид энэ орноо нэг хамгаалж хайрлаж хармалмаар л байна. Мэдэрмээр байна л даа энэ сайхан орноо. Нэг үнэ цэнэгүй юм шиг. Миний бол одоо амны улиг болсон. Оюутолгой бол бидэнд юу ч өгөхгүй, та нар минь одоо яана. Монгол хүн бүхэн одоо дотроо уйлж байгаа болов уу л гэж бодож байна. Гэхдээ энийг яагаад гаргаж харуулахгүй байна. Ярьдаг нэг хэдэн дурактай боллоо. Нөгөөдүүлээ ярихаар нь баална. Чи бод доо. Одоо бид 450 тэрбум төгрөг Оюутолгойгоос авч чадахгүй төсөвтөө хийж чадахгүй, тэгээд дээр нь хамгийн балайр юм нь болохоор 250 сая долларын өрийн дарамт нь болохоор одоо энэ жилээс ороод ирчихсэн. Бид энэ жилээс төлж эхэлнэ. Ер нь бол бид супер гоё хулхидуулж байна. Би хэзээ нэгэн цагт “би та нарт хэлээгүй юу” гэж ам асуух цагийг хүлээгээд байж чадахгүй. Би энийг яаж засах вэ гэж бодож байна. Үр хүүхэд маань биднийг харж байгаа. Бидний үр хүүхэд бүгдээрээ ижилхэн. Ирээдүйд зовбол адилхан зовно, өрийн дарамтад орно. Ухаж ч амжаагүй байж өрөнд орчихсон. 30 жилийн дараа мөнгө авна гэж юу гэсэн гэрээ вэ ...чёрт
Т -30 жил гэдэг чинь, одоо маний нэг үеийнхний ид амьдралтай дуусна гэсэн үг байна даа.
Г -Би үнэхээр энэ улс төрд хоёр л юманд зорьж орж ирсэн. Хүмүүс эмнэлэгт очиж үзүүлэхдээ юм гуйж байгаа гуйлгачин шиг царай алдаж, алпен голд барьж очдог хөгийн юмыг шат шатанд, салбар салбарт нь зогсоох хэрэгтэй. Нөгөөдөх нь энэ Оюутолгойг зөв зам, номонд нь оруулах. Тэгэх юм бол уул уурхайн бусад салбар ч дагаад номондоо орох юм. Тэгээд үйлдвэртэй болно, ажлын байр бий болно. Тэрнээс ямар улаан номертой, тусгай хамгаалалттай машин унах гэж ямар УИХ-д орох биш гээд мань хүн санаа алдав. Гэхдээ юм сайхан болно доо... Монголын заяа их дээ, тэгээд.
Т -Хүмүүс гэхдээ ер нь дийлэнх нь гутранги талдаа байх шиг санагдаад байгаа юм.
Т -Хамгийн гол нь өөр оронд ийм аймаар гэрээ хийгдэж хэл ам гарсан бол дэрхийтэл босч ирнэ. Хэн ч дуугардаггүй бол бас өөр, тэгэхэд яахав болсон болоогүй хэдэн хүн дуугараад л байна л даа. Тэгэхэд л ...чёрт.
Т -Би заримдаа таксинд суусан хүмүүсээс асуухаар Оюутолгой ч бид мэдэхээ байсан, одоо өнгөрсөн байхаа л гэх юм байна ш тээ.
Г -Чин үнэндээ бол хүмүүс маань амьдралаа хариуцмаар байна шүү дээ. Хэн нэг хүн юм уу, гадаадын нөхдүүд ирж амьдрал сайхан болгоно гэх шахуу хараад байна шүү дээ. Нэг бол хэн нэг улстөрч гарч ирж биднийг сайхан амьдруулна гэж хараад байна л даа. Үгүй. Ямарч сайн улстөрч гарсан ч биднийг сайхан амьдруулах хүртэл ажиллуулж шахдаг. Өөрөө хэлбэл, бид нар иргэд тийм мэдлэгтэй шаардлагатай баймаар байгаа юм. Тиймээ, өнөөдөр хүмүүсийн амьдрал үнэндээ хэцүү байна л даа. Хувь хувийнхаа ажлыг, хувийн таксиныхаа тоолуурыг хараад л давхиад байгаа юм. Хажууд нь Монгол улсын таксины тоолуур ажил бодлого нь унаад байна. Уг нь бол Монголын тоолуур унаж, ажил нь нурахад бидний өнөөдрийн хувийн ажил хэчнээн бүтээд ч хэтдээ нэмэргүй гэдгийг бид өнөөдөр ойлгомоор байна. Би ерөөсөө хүмүүсийг буруутгах ёсгүй хүн. Зүгээр, яагаад бид энэ луйварчдад боломж өгөөд байгаа юм бэ гэж. Эйнштейний нэг гоё үг байдаг.
Муу улстөрчид байгаа болохоор манай улс ийм дорой байгаа юм биш, муу улстөрчдийг шахах талаар жирийн иргэд бид юу ч хийхгүй байгаа болохоор манай орон ийм бөөлжис зутгамаар байгаа юм аа гэж. Энэ өнөөдөр манайд ойролцоо байгаа биз. Бид иргэн болгон өнөөдөр нийтийн эрх ашгийн төлөө санаа зовдог, нэг өдрийн таксиний орлогоо золиослоод санаа зоригоо илэрхийлчихдэг хэмжээний байх юм бол, эд нар ингэж галзуурахгүй шүү дээ.
Т -Нэг хүн суугаад хэлж байсан юм. Энэ Ганбаатар гишүүн хамаагүй зоригтой хэлж байна аа. Ингэж байгаад эвгүйтэх бий дээ. Эх оронч байсан Дашбалбар, Зэнээ энэ тэр нь яалаа даа. Ингээд дуугараад байгаа хүнийг амыг нь барьчихдаг цаг болсон шүү дээ. Өөрөө мэдэж л байдаг байх даа гэж байсан шүү. Та ер нь айдаггүй юм уу?
Г -Тийм, маш аюултай л даа. Өнөөдүүлийн асар их мөнгөний ашиг сонирхлыг би хааж байна гэсэн үг шүү дээ. Үндсэндээ Рио Тинто орж ирснээрээ Монголыг бас хоёр хуваагаад байгаа байхгүй юу. Тэнд Оюутолгойд бараагаа шахдаг, авгай хүүхдээ ажилд оруулдаг бүх л бүтэн элитүүдийн давхарга бий болчихсон. Үгээгүй ядуус нь бид, ажилд орж чадахгүй байгаа болоод тэрнийхээ төлөө дуугардаг нь нэг хэсэг гээд. Энэ бол аюултай. Би эв нэгдлийг эрхэмлэж явдаг. Би хэнийг ч буруутгахыг хүсдэггүй. Ганцхан бидний хамтын эрх ашиг, бас түмэн олны хайр хишиг тэр л намайг ингэж хамгаалж яваа шүү дээ. Тэрнээс нөгөөдүүлийн арга бол бүр нарийсчихсан шүү. Гэхдээ би элдэв хэлбэргүй, чин сэтгэлээсэээ дуугараад л явж байгаа. Одоо надад буцах зам байхгүй. Үр дүн гараасай гээд эцсээ хүртэл явна. Юманд бас чин сэтгэл байх ёстой.
Т -Хүмүүст Оюутолгойг их зүйл өгнө гэж горьдож байсан даа. Гэхдээ одоо нэг л сайн үр өгөөж мэдрэгдэхгүй л байх шиг.
Г -Бид харин энэ Оюутолгойн юмыг олж харахгүй, харамсалтай нь. Яг гэрээ байгуулахдаа юу гэлээ. Одоо ингээд гэрээ байгуулангуут сая таван зууг өгнө өө, байгуулангуут жил бүр ашиг өгнө өө, 10000 ажлын байр бий болно оо гэсэн. Тэгснээ наад танай талынхан гацаагаад байна аа, одоо баялгаа гаргаад зөөгөөд эхэлбэл хачин болноо гэсэн. Зөөчихлөө. Баялгийн орлого ороод ирвэл болноо, хүлээ гэсэн. Ороод ирчихлээ. Миний тооцоогоор бол 2 тэрбум орчим ам.доллар ороод ирчихсэн байх ёстой. Одоо яав гэсэн. Нэмэлт хөрөнгө оруулалт хэрэг болчихлоо энийг зөвшөөрчих л юм бол... даанч танайхан гацаагаад байна гээд ярьж байна. Гэхдээ энийг нь зөвшөөрчих л юм бол манай баялаг гараад явчихлаа гэсэн үг. Би тэгвэл дахиж ярихгүй. Надад дахиж ярих шаардлагагүй болно. Надад итгэл найдвар байгаа учраас би яриад л байна. Итгэл найдвар байна. Одоо эд нар барьцаа ахиулж газар нутгийг маань гадаадын 16 банкинд барьцаанд тавина. Тэгээд 2 тэрбум долларын зээлэнд тавина. Бид нар юу ч үгүй л хоцорно.
Т -Монголын юмыг л барьцаанд тавьж байна гэсэн үг үү?
Г -Мөнгө босгоод зээл авна. Тэр 2 тэрбум доллар нь хүүтэйгээ 50 тэрбум болно. За тэгээд үндсэндээ бид юм авахгүй гэсэн үг. Энэ бол Монгол хүн бүрийн харамсан уйлах юм байхгүй юу. Бидний үр хүүхэд бидэнд гомдоно шүү дээ. Тэднийхээ өмнө хариуцлагатай байх ёстой. 2073 он гэхэд Монголын бүх баялаг дуусна. 60 жилийн дараа бид яаж амьдрах нь тодорхойгүй.
Т -Аан хэцүү л сонсогдож байна шүү. Та нөгөө халз мэтгэлцээд байсан С.Баярцогт гишүүнтэй одоо миний таксинд таарвал ямар яриа болох бол?
Г -Би бол Баярцогт гэдэг хувь хүн рүү нь дайрахгүй. Тэр миний онцлог. Тэр маань намайг зөөлөн, нэг бол мохоо харагдуулсан байх. Гэхдээ би улс төрд орж ирээд хэн нэг хүн ялах гэхгүй. Энэ бол миний зарчим. Ямар ч хүн намайг доромжилсон түүнийх нь хариуг барих гэхгүй. Би бол өөрөө Монголын математикийн олимпиадийн аварга хүн. Тэр 2000 хувьсагч байна уу, өгөгдөхүүн байна уу, би мэднэ. Хөөрхий тэрийг л андуурч ярьсан байх. Гэхдээ бурхан тэнгэр гэж байдаг. Дараа нь тэр нууц данс энэ тэр гээд л ил боллоо л доо. Тэр үед нэг үнээ, энэ нэг золигийн үнээ байна ч гэл үү, энийг саахын тулд баахан хөрөнгө оруулалт өвс энэ тэр хэрэгтэй гээд л ярьсан. Гол нь тэр үнээ ямар үнэтэй болоод байна вэ, энийг л болиоч ээ гэдэг дээр ярьсан. Хүмүүс гэхдээ аягүй ухаантай.
Би тэнд маргалдаад ялах ч гэдэг юм уу яривал их юм ярина л даа. ..ийн ам халан ярьж явсан гишүүн гэнэт замын хажуу руу харснаа “Энэ нохойг хар даа зайлуул, нүд нь яачихаа вэ. Хав хар нохой час улаан нүдтэй болчихсон байна ш тээ зайлуул” гэж хадуурав. Тэгээд цааш нь “Би багадаа нохой их тэжээдэг байсан, нохойнд бас хайртай. Энэ нь одоо ч тавигдахгүй, хүйтэнд нэг муу гөлөг харахаар өрөвдөөд ккк, энэ надаас салахгүй юм шиг байгаа юм” хэмээгээд “Тэгээд яахав гол хэлэх гээд байсан зүйл бол нэгнийгээ олон хүний өмнө муухай тэнэг харагдуулах гээгүй” гэснээр бид хоёрын яриа Оюутолгой гэсэн том сэдэв рүү эргэлтгүй орж явчихлаа. Би ч бас тийм өндөр Ай Кү-тэй биш болохоор зарим яриаг ухаж ойлгож чадмааргүй санагдсан тул зүгээр л миний энэ таксин дээр жишээ татаад нэг товч хэлээд өгөөч гэж хүслээ. Гишүүн ч намайг өхөөрдөнгүй хараад дараах яриаг эхлүүллээ.
Г -Жишээ нь, энэ миний такси. Гэхдээ надад энэ таксийг гадна дотроос нь будах тордох өнгө үзэмжтэй болгох засвар хийх, үйлчилгээнд явж мөнгө олохоор болгох зардлын мөнгө байхгүй. Тийм үү. Тэгээд нөгөө мөнгөтэй хүнтэй ингэж тохирно. Энэ такси ингээд яваад хүн зөөгөөд олсон орлогын 34 хувийг би буюу таксиний эзэн авна. Энийг менеж хийгээд унаад явж байгаа чи 66 хувийг авна. Гэхдээ 34 хувиа өгөхдөө чи энэ таксиг унаад явж байгаа хүнд, будаг энэ тэр хийнэ, бензин шатахуун хийнэ, суудлын бүрээс авч хийнэ, солино бас энэ таксинаасаа ээлжийн жолооч доо, өөртөө цалин өгнө гээд энэ бүх зардлын 6 хувиа чи надаас дахиад авна. Тийм болохоор энэ таксиг менежмент хийгээд унаад явж байгаа чи их зардал гараасай гэж бодно. Ашигтай хэмнэлттэй байгаасай гэж бодохгүй. Их л зардал гарвал тэрний 6 хувь гээд чиний авах мөнгө ихсэнэ. Тэгэхээр чи хамгийн үнэтэй угаалгын газар аваачиж угаалгана. Нэг бол ах дээрээ очиж угаалгаад аймаар үнэтэй баримт авчихаж болно. Бас хамгийн үнэтэй бензин авна. Чи хэдэн литр бензин авна, би мэдэхгүй зардал нь өссөн л байна гэж ойлгоно. Хянаж чадахгүй.
Т -Тийм бол надад сайхан л байна. Зардал өсгөх амархан биз дээ.
Г -Тийн, чи их л зардал гаргаад байвал 6 хувь чинь өснө. Тийм болохоор чи хамгийн өндөр үнэтэй гуанзанд хоолонд орох ёстой. Ийм л гэрээ болоод байгаа юм. Зүй нь бол цэвэр ашгийн 20 хувь, олон улсын жишиг байдаг. Одоо 2-р юмыг нь би чамд хэлье. Би дээр хэлсэн ашгийн 34 гэж чамд хэлсэн. Тэгэхээр цэвэр ашиг гэхээр чи олж байгаа орлогоосоо зардлаа хасч бодно шүү дээ. Гэтэл зарлагаа чи өөрөө мэднэ. Өндөр байлгах сонирхолтой. Тэгэхээр чи зардал их, ашиг багатай ажиллалаа гээд 100 төгрөгийн ашигтай байсан гэж хэлбэл би чамаас 34 төгрөг л авна. Чи нэг зардлаа хасаад нэг долларын ашигтай ажилласан гэж надад хэлбэл би 34 цент л авна. Ийм гэрээ хийчихсэн байхгүй юу.
Т -За наадах чинь нэлээн сонин болоод явчихлаа даа, гишүүнээ. Би танд бага ашиг харуулахын тулд зардлаа худлаа өсгөөд тайлагнаад байхад л болох болж байна уу?
Г -34 хувь гэж сонин болоод байгаа. Би бол олж байгаа орлогынх нь 15-20 хувийг л ав гэж. Жишээ нь, чиний энэ таксинд тоолуур тавиад хянаад, тодорхой нэг орлого олно шүү дээ, ямар зардал гаргаад, яаж олно уу хамаагүй. Цэвэр ашгийн чинь 20 хувийг л авна. Энэ бол шударга биз дээ. Одоо манайх Оюутолгойгоос 5 хувь авч байна. Тэрийг нөгөө хүүндээ өгч байна. Тэрийгээ 20 хувь болгочихоо л гэж би гуйж байсан байхгүй юу. Маш энгийн байгаа биз дээ. Тэгвэл чи энэ таксигаа яана уу, засвар бараа бүтээгдэхүүнээ өндөр үнээр аваад байна уу, өөр өөртөө өндөр үнэтэй шатахуун шахаад байна уу, хамаа алга. Би хувиа л авна. Одоо бол юугаа өндөр үнээр аваад бие биендээ шахаад байна уу, надад хамаатай. Яагаад гэвэл зарлага өндөр гаргасан тайлан гарч ирээд байвал миний энэ таксинаасаа авах 34 хувь багасч хасагдана.
Тэгэхээр зардал их гарсан гээд алдагдалтай гараад байвал би 34 хувиа бүтэн авч чадахгүй. Тэд нар чинь алдагдалтай гаргахыгаа сайн мэднэ. Надад ямар ч хяналт байхгүй. За ойлгомжтой байна уу
Т -Ойлгогдож л байна л даа. Гэхдээ ийм алдаатай гэрээ хийх үү дээ, манайхан.
Г -Би бол яахав тэмцэгч хүн болохоороо үр дүн гаргана л гэж бодно. Хэдэн жил ч чадлаараа тэмцэж болно. Тэрний дараа өөр хүчтэй тэмцэгч гарч ирнэ, тэр үед нь хүлээлгэж өгөөд бууж магадгүй.
Т -Одоо ч гэхдээ тэмцээд нэмэр байна уу даа, гишүүнээ, ганцаараа бүтэхгүй биш үү?
Г: Би одоо больё доо гэж хэлж болно. Тэр амархан санагдаж болно. Гэхдээ тэгвэл надад найдаж байгаа намайг дэмжсэн мянга мянган Монголчуудын галыг би мөхөөнө шүү дээ. Надад олон хүн итгэж, би тэдний итгэлээр амьдарч байгаа шүү дээ. Гэхдээ миний бяр хүрэхгүй юм байгаа л даа. Миний гол бяр бол хүмүүсийн итгэл шүү дээ.
Бид хоёрын дунд нэг хэсэг ийм Оюутолгой гэдэг том сэдвийн талаар яриа өрнөлөө. Энэ хэсэгт мань гишүүн нэлээн ууртай болж ирж байгаа нь мэдрэгдэж байлаа. Үг бүр нь цаанаасаа, зүйрлэвэл би нэг заримдаа найз нартаа амьдралынхаа зөрчлөө ярьж эхнэрээ буруутай гэж итгүүлэх гэж улайрахдаа нэг иймэрхүү л болдог байх гэж санагдлаа.
Г -Чи нэг газартай, би чиний газар дээр 100 давхар байшин барилаа. 34 давхар нь чинийх, 66 нь минийх болно. Гэхдээ чи газрын эзэн мөртлөө энэ 34 давхраа надаас худалдаж авах ёстой. Ойлгож байна уу? Тийм гэрээ. Чиний газрыг би үнэгүй авчихаад, дахиад 34 давхрыг чинь чамд зарна. Тэгээд энэ 100 давхар байшинг би 5 тэрбум доллароор баринаа гэж бид хоёр анх гэрээ хийсэн. Тэгсэн гэнэт сая энэ 24 тэрбум доллар болчихлоо, уучлаарай гэж байна. 100 давхрыгаа 300 давхар болгоё, дахиад 24 тэрбум доллар хэрэг боллоо гэвэл, би за тэгье гэж болно. Гэтэл 100 давхар хэвээрээ. Чиний нөгөө 34 хувийн ойролцоо гаргах 1.5 тэрбум чинь 7 тэрбум болчихно. Би яагаад зардлаа өсгөв, энэ тэр бол чамд хамаагүй. Чи тэрийг хянах аргагүй. Ийм л юм шүү дээ.
Би гэхдээ гарцгүй шүүмжилдэггүй ш тээ. Зөрүүлээд ямар санал тавьж байсан гэхээр “Өвгөөн би газраа өгье, чи 100 давхар байшингаа барь, юугаараа барих нь хамаагүй. Хөгшин чинь 20 давхрыг нь л авья болж байна уу гэж” ... Ямар ч өр зээл энээ тэрээ байхгүй. Захын нэг лицензтэй залуу л нэг хужаад тодорхой хэлнэ шүү дээ. Чи тэр эксковатор техник машинаа гарга, би лиценз газраа гаргая, гарах шорооны тавин хувийг би авья, үлдсэнийг нь чи ав гэсэнтэй л адил, ойлгомжтой зүйл шүү дээ. Гэхдээ одоо манай энэ Айвенхоу яасан гэсэн чинь “хөгшин чи тэр буу муу техникээ аваад ир манай газрыг ух, найз нь гарч ирсэн шорооныхоо 34 хувийг нь чамаас худалдаж авья” гэсэн яриа болж байгаа юм.
Би гэхдээ одоо энийг найман жилийн өмнө ярьж байсан юм даа. Би одоо ойлгуулж чадахгүй байгаа юм уу... Хоёулаа гуляш хийе 100 доллароор зарья, надад мах байна. чиний гамбанз, тогоо түрээс энэ тэр гээд 20 доллар гарч байна, тэрийг хасаад 80 долларын цэвэр ашиг байна. Тэрийг л хуваагаад авчихья гэж. Тэр миний махгүйгээр Канаддаа гуляш хийж чадахгүй шүү дээ. Энийг хамгийн анх би жишээ болгож байсан юм. Энэ чамд ойлгогдож байна уу?
Т -Энийг ч би ойлгож л байна. Гэрээ хийхдээ энийг манайхан ойлгоогүй гэж үү, яагаад?
Г -Яагаад гэвэл тэд нарт бас хүүхдээ Канад явуулж сургах, тэнд ирээдүйд амьдрах энэ тэр сонирхол илүү байна шүү дээ. Тэр муу хэдэд минь бас амьдрал байна ш тээ. Одоо би тэр хэдийгээ өрөвддөг болоод байна шүү дээ. Одоо би тэд нартаа хэлж байгаа юм. Өвгөөн чи одоо энэ шар толгойт нартай нөхөрлөөд хүүхдээ Канад явуулах гэж байгаад чинь баяр хүргэе. Өвгөөн оронд нь харин Монголоо Канад шиг болгоё л доо зөвшөөрчих дөө өвгөөн, Тэгж чадвал чи Монголдоо хүүхэдтэйгээ Канадад байгаа юм шиг амьдарна ш тээ... зөвшөөрчих л дөө гэж, мэдэхгүй би буруу ойлгуулаад байна уу ...
Т -Гэхдээ та ингээд ганцаараа мянга дуугараад амжилт олох уу даа?
Г -Үгүй ээ, хүн бүр дуугараад яриад, тойрог руугаа явахдаа ч яриад байвал өөр шүү дээ. Өнгөрсөн сонгуулиар Оюутолгойг буцаагаад ард түмэндээ авч өгнө өө, шийдүүлнэ ээ гэсэн хүмүүс л ялж гарсан биз дээ. Тэгэхээр нь сонгоод гаргаж өгөөд ард түмэн ажлаа хийж байна ш тээ. Тэгтэл гарсан нь хар даа, одоо таг. Би харин Оюутолгой яриагүй шүү. Намайг сонгоно уу, би хөдөлмөрийн хуулиа ярина аа гэсэн. Одоо би хөдөлмөрийн хуулиа өргөн барьж байгаа. Би хөдөлмөрийн хууль, эрүүл мэндийн хууль батлуулнаа л гэсэн тэрийгээ бариад л явж байна. Өнөөдүүл Оюутолгойг завсаргүй ярихаар нь, би одоо хүнтэй барьцаад яахав гээд яриагүй. Тэгсэн гараад ирсэн өнөөдүүл таг хэн ч ярихгүй болохоор шаварт унасан шарын эзэн яахав, ярихаас өөр аргагүй. Ёстой инээдтэй.
Т -Таны гэр бүлийнхэн одоо таныг ингэж хамаагүй яриад байхаар санаа нь зовж боль энэ тэр гэж байна уу?
Г -Миний хань санаа нь зовноо зовно. Саяхан би ханьдаа хэлж байсан. За одоо би дахиад нэг 10 гаран жил хүний төлөө зүтгэе. Тэгээд дараа нь хоёулаа Архангайн Чулуутад хэдэн үхэр аваад сайхан тайван амьдарнаа гэсэн чинь “тийм олон жил үү” гэсэн ш тээ ккк. Наана чинь зам хаачихсан байна даа.
Т -аан энэ нөгөө миний гудамж миний нутаг бил үү юу билээ, нэг арга хэмжээ шоу болж байгаа гэсэн байх, тэгээд хаачихжээ дээ.
Г -Ард түмнийг шоугаар л амьдруулж байна даа. Гэхдээ манай ард түмэн улс төр гэдгээ ойлгоод эхэлж байна. Улс төр гэдэг бол надад 25 кг будаа өгөх явдал биш гэдгийг сайн ойлгосон шүү дээ. Хөгжиж байна. Улс төр гэдэг бол Оюутолгой дээр сайн шийдвэр гаргадаг байх. Улс төр гэдэг бол өнөөдрийнх шиг ийм авилгалгүй байх, улс төр гэдэг бол бидэнд ажлын байр өгөх, үйлдвэр барих гээд хүмүүс асар их мэдлэгтэй мэдээлэлтэй болсон байна. Тэд намайг дэмжиж байна. Тийм болохоор л би асар их эрсдэлтэй ч дуугарч л байна. Энэ бол үнэндээ маш эрсдэлтэй л дээ. Гүтгэнэ, доромжилно, хордуулна, буудна балайр шүү. Гэхдээ түмний төлөө өөрийгөө золиослох хөвгүүдгүй ард түмэн үргэлж боолоороо байдаг гэж үг байдаг. Тийм болохоор тэмцэх хэрэгтэй.
Т -Би ч уг нь тэр хөвгүүдийнх нь нэг нь больё гэж бодож л явдгийн, гэтэл ингээд такси бариад явж байна даа.
Г -Кк тийм хөвгүүн болох боломж бүх хүнд байгаа л даа. Миний шүтдэг Манлай баатар Дамдинсүрэн гуай бол тийм хөвгүүдийн нэг байсан даа. Ард Аюуш байна. Төрийн ажлыг амьд хүмүүс явуулдаг ч гэсэн, цаанаа төрийн төлөө үхсэн хүмүүсийн яс чөмөг дээр тогтож байдгийн гэж хэлсэн байдаг юм. Тэр үед манай ноёдууд их урваж байсан юм билээ. Тэгэхээр нь сэтгэлээр унаж, архи ууж байсан юм билээ, зайлуул. Тэгээд тэр 50 гарсан хүн чинь Ховдыг чөлөөлөх дайнд явж байсан шүү дээ. Үнэхээр эх оронч байсан.
Т -За та өөр сайхан гоё хэлсэн үг байвал надад хэлж өг л дөө, хааяа энэ тэнд иш татаж байя л даа зүгээр юм байна.
Г -Австралийн шинэ сайд анх сайд болоод хэлсэн нэг үг байна. Тэр орон чинь бас манайх шиг байгалийн баялаг ихтэй улс шүү дээ. Юу гэсэн гэхээр “Бид өвөг дээдсээсээ баялаг өвлөж аваад яаж ашиглах уу гэдэг тухай ярьж байгаа улс биш ээ. Харин хойч үеэсээ уул уурхайн баялаг эрдсээ зээлж аваад яаж буцааж өгөх үү гэдэг тухай ярьж байна” гэсэн байгаа юм. Ккк, энийг нь би одоо нөгөө манайхан шар хүн хэлсэн үг их чухал гэж сонсдог болохоор нь хэлж байгаа юм ...Ганбаатар ингэж хэлсэн гэвэл сул сонсогдож магадгүй. Гэхдээ манайх яаж байна. Маргааш дэлхий сөнөх гэж байгаа юм шиг уул усаа ухаж, зөөж байна. Үр хойчгүй юм шиг л цөлмөх байдлаар ашиглаж байна. Бид тийм аминчхан арчаагүй ард түмэн биш шүү дээ. Улстөрчид маань л ийм аминчхан байж болно л доо. Гэхдээ ийм байдлаас гартал нь бид шахаж шаарддаг байх ёстой л гэж боддог юм.
Т -Танай ангийн 76 нөхдүүд гэвэл одоо ингэж дуугардаг нэг гэвэл 75/1 болж байна. Өөр 75/10 гэдэг ч юм уу, өөр адил бодолтой гишүүн байгаа юу?
Г -Байгаа байгаа. Би бол хүн худлаа магтах дургүй гэхдээ манай Даваасүрэн гишүүн байна, Болорчулуун гишүүн байна, маш эх оронч. Цаана нь Бат-Эрдэнэ аварга байна. Аварга урт нэртэй хууль гээд л яриад байна, би тэрийг нь дэмжиж зүтгэж байгаа. Ирэх долоо хоногоос бүх сумын засаг дарга нарт голынхоо тэр усны эх, ай савыг хамгаалалтандаа авья гэдэг уриалга гаргах гэж бодож байна. Тэр ай сав чинь биднийг хамгаална.
6
Дэлэнт дээшээгээ, уутад доошоогоо гэж монголын ард түмэн хэлсэн шүү дээ, Хоовон минь. Дэлэнт малынхаа дэлэнг шувтрахад бид хэдэн жилээр ч амьд оршоод байгаад байна. Уутад уруугаа гэдэг чинь ууттай арвайн гурилаасаа атга атгаар аваад идээд байхаар нэг өдөр уутаа доош харуулж гүвдэг биз дээ. Тэрэн шиг, энэ алт ашигт малтмал дуусч 2073 онд юм уу, хэзээ нэг цагт уутаа гөвнөө гэдгийг ард түмэн мэдээд, хэлээд байна шүү дээ. Дэлэнт дээшээгээ, уутат уруугаа гэж. Уул уурхайг бол барж иднэ гэж байгаа юм. Ойлгож байна уу хөө, энийг Ганбаатар ярьсангүй шүү, ард түмэн хэлээд ирсэн байгаа биз.
6
Бид хоёр ийн ярьсаар би ч Оюутолгой, ашигт малтмалын талаар овоо л тархиа цэнэглэлээ. Харин бид хоёрт гар өргөх хүн олддоггүй дээ. Бүтэн сайн болоод тэгсэн л байх. Гэхдээ гишүүн энийг өөр өнцгөөс харж, ер нь л хүмүүсийн амьжиргаа хүндрээд, мөнгөндөө харам болоод байгаагийн нэг төрх байдалдаа гэж байлаа. За тэгэхээр нь сайн мэдрэмжтэй таксичин болохоо гишүүнд харуулмаар санагдсан тул Бөмбөгөрийн зүг жолоо эргүүллээ. Хөөрхий бөмбөгөрийн алтан зогсоол намайг гомдоосонгүй, хүүхдээ тэргэнд түрсэн залуухан ээж гараа өргөлөө. Буудлын төгсгөл “карма” таарсан тул би ч шууд тулж зогсон, үсэрч буун тэргийг нь эвхэж багаждаа хийгээд бүсгүйг хойноо суулгаад авлаа.
6
Хаа хүрэх вэ гэвэл “ТБД, тэнд очьё” гэж өнөөх ээж даруухан дуугарлаа. Суугаад л хүүхдээ хөхүүлж эхэлсэн тул би эргэж харж яриа өдөхөө түр азналаа. Машинд эхийн сүүний үнэр, хүүхдийн даахь сэвлэгийн үнэр сэнхийгээд л сайхан санагдав. Тэгсгээд би яриа эхлүүллээ.
Т -Дүү, чи их сонин таксинд суусан даа. Онцгой нөхцөлтэй гэх үү, шуудхан хэлэхэд, үнэгүй таксинд суусан байна даа.
Өнөөх бүсгүй гайхсан байртай харж хүүхдээ хөхүүлэхээ түр зогсоолоо. Гэтэл гишүүн эргэж харж “за сайн байна уу, миний дүү” гэлээ. Охин бүр нүд нь том болж ирснээ биеэ хянаж, “сайн, сайн байна уу та” гэж гишүүнийг танимхайрав.
Т -Аа ах нь өнөөдөр Ганбаатар гишүүнийг уриад хамт халтууранд явж байгаа юм. Бид хоёр болзолтой, таарсан гар өргөсөн хүний км-ийн мөнгийг гишүүн төлнө гэсэн. Тэгэхээр чамаас би мөнгө авахгүй ээ гэсэн үг.
Э/ээж/ -аан , ... за баярлалаа.
Г -За миний дүү маамаа нь хэдэн настай вэ, хэн гэдгийн?
Э -Өө хоёр ойтой гэж хүү рүүгээ хайр дүүрэн нүдээр харж үнсээд “Энхнайдвар гэдэг юм” гэж хэллээ.
Энэ өвөрмөц содон нэрийг сонссон би ч хөөрөн “өө гишүүнээ сайхан билэг дэмбэрэлтэй нэр байна шүү, тээ” гэлээ.
Г -Харин тийн байна. Монголын нэг найдвар, баатар байна даа.
Т -Миний дүү хүүхдээ хараад гэртээ сууж байгаа юу? Одоо биеэ барих юм байхгүй дээ, Ганбаатар гишүүнтэй буу халж юм асууж болно шүү дээ. Ах нь бүр хээгээ алдчихсан явж байгаа биз дээ.
Г -Энэ хүүхдээ харах цэцэрлэг гэсэн асуудлыг шийдчихвэл тиймээ, миний дүү наад зах нь ажил хийж болно шүү дээ.
Э -аанхан тийн, тэгвэл уг нь зүгээр байна. Хүүхэд харах хүнгүй болохоор чинь гэрт л байж байна. Нөхөр ажил хийж байгаа.
Г -Ах нь тэр хүүхэд харах үйлчилгээний хуулиа энэ намартаа батлуулчих санаатай байгаа.
Э -Тэр уг нь их хэрэгтэй байна даа. Гэхдээ зарим нарийн юмыг нь бол сайн ойлгохгүй байгаа л даа.
Г -Хүүхэд харах үйлчилгээний хууль гэдэг чинь ийм. Хүүхдээ цэцэрлэгт өгөх гээд чадахгүй байгаа улс их байгаа. Тэр дундаа гэр хороололд бүр цэцэрлэг ховор байгаа байхгүй юу. Тэгэхээр цэцэрлэг олноор нь шинээр барих бидэнд одоо хэцүү байна шүү дээ, мөнгө байхгүй гээд. Тэгэхээр хоёр ч юм уу, гурван өрөө байртай, цэцэрлэгийн орчин бүрдүүлчихээр, тэр хавьдаа ойр, айл байвал түрээсийн байр байж ч болно. Албан газар байсан ч болно. Албан өрөөнөөсөө шаардлага хангасан байр өрөө гаргаад ирвэл багшийнх нь цалин хүүхдийнх нь хоолны мөнгийг улсаас өгье л гэж байгаа байхгүй юу. Нэг, хоёр хүн ажлын байртай болно. Ээж та нар ажил хийнэ, амьдралаа дээшлүүлнэ. Хүүхдүүд хамгаалалт асаргаатай, хоолтой болж хүмүүжлийн хөтөлбөрт хамрагдана. Тэгэхгүй бол бид нар удахгүй цэцэрлэг барина, хүүхдүүдээ та нар хүүхэд хэвээрээ жоохон хүлээж бай л даа гэж хэлэх үү, хүүхдүүд өснө... ээж бид хоёр инээлдэв. Тийм хууль байгаа юм, бүтэж батлагдчих байх аа гэж бодоод байна.
Э -Зүгээр л юм байна. Бид нар ч гэсэн хүүхдийнхээ хоолонд мөнгө өгсөн ч болно ш тээ, хүүхэддээ хоол унд нь хүрэлцээтэй байгаасай л гэж бодно шүү дээ гэж бүсгүй даруухан хэвээр хэллээ. Би ч төрөхийхөө өмнө сурч байсан л даа. Гэхдээ одоо ажил хийнэ л дээ. Би тэр модны хоёрын ард нэг Христийн сүмд явж, сурч байсан юм.
Г -Өө тийм үү, хүн бүр өөрийн идеалаараа явах нь зөв. Хүүхэд яасан унтчихсан уу, би ч бас нэг жоохонтой ш тээ, 3 настай. Тэрэн дээрээ очих гээд л орой яарна шүү. Бид нар бүгд л адилхан эцэг эхчүүд нялхуудаа л гэнэ.
Т -Танай нөхөр ямар ажил эрхэлж байна даа ?
Э -Нэг машин засварын газар.
Г -Өө болж байна. Хамгийн гол нь залуучууд хөдөлмөрлөх ёстой. Мэдээж хэцүү байгаа ч гэсэн.
Т -Байр сууц тусдаа байна уу?
Э -Ээж, тэгээд дөрвүүлээ амьдарч байгаа, энэ байрандаа байна оо.
Г -Байр залуу хүмүүст маш чухал шүү. Би ч айлын карма өрөө хөлсөлж явсан, зовлонг нь мэднэ. Хэцүү байсан.
Т -Тэр үеийн карма өрөө чинь гайгүй байсан биз дээ, арай хямд.
Г -Гайгүй л дээ, гэхдээ л карма өрөө л юм чинь хэцүү шүү дээ.
Т -Одоо тэр түрээсийн байр мөнгөө бөөнөөрөө нь авна гэдэг чинь хэцүү дарамт болоод байна шүү. Гар дээрээ 3-4 сая төгрөгтэй байж л нэг юманд орох болоод хэцүү юм билээ.
Бид гурав ийнхүү ойр зуур аж амьдралын сэдвээр буу халсаар... Отгонсүрэнгийн гэрийн гадаа ирлээ.
Т -Миний дүү манай сэтгүүлч нарт нэг яриа өгч сэтгэгдлээ хэлж өгөөрэй, цаана чинь ирж явах шиг байна.
Г -Ах нь бас л хиймортой явж байна. Анхны зорчигч маань их сайхан нэртэй хүү таарлаа. Энхнайдвар гээд. Энэ чинь ерөөл шүү. Би нээрээ их баяртай байна. Ярьж хөөрсөн дүүдээ их баярлалаа. Ах нь сайн сайхныг л хүсье дээ. Сайхан амьдарч хүүгээ эх орондоо хайртай, сайн хүн болгон өсгөж хүмүүжүүлээрэй гэж ерөөе дөө.
Ингээд бид хоёр анхны зорчигчоо сэтгэл өндөр үдлээ. Хөдлөөд толинд харвал бид хоёрыг дагаж яваа нөгөө хэдэн сэтгүүлч зураглаач нар өнөө ээж хүү хоёрыг нөмрөөд л авч байгаа харагдлаа. Хэл амыг нь нэлээн сугалсан байх аа.
За тэндээс хөдлөөд хүүгийн нэрний талаар дахин нэг бэлэгшээн хөрөлдөөд би Вокзал руу хүн харсхийгээд эргэлээ.
Ингээд цаг хартал бид хөдлөөд 2 цаг шахам явж байгаа санагдлаа. Гэтэл манай гишүүн “За Хоовон ингэсгээд ажлаа жоохон нугалж байгаад нэг хэр таарсан аятайхан газар хоол идэх үү. Би бас баярласнаа хэлээд дүү нараа хоолоор дайлья. Гэхдээ чи бас намайг бодоорой, би мөнгө тийм сайтай биш. Ахыгаа нэг их хүндрүүлэхээргүй, гэхдээ бас нэг тийм таарсан айн кк , тийм газар бодоорой тэгээд нэг хоол идэцгээе, аан тэгэх үү” гэлээ.
Би ч уриалгахан хүлээн авч, өөрийн мэдэх хэр тааруу аятайхан цайны газруудаа гүйлгэн саналаа.
Г -Би ер нь машингүй хүн шүү дээ, миний хань нэг машинтай Rav 4-тэй. Хүүхдээ сургууль цэцэрлэгт зөөнө гээд. Би бол байнга л алхадгийн, нэг бол автобусанд сууна, тэгэхэд их гоё шүү дээ. Ийм жоохон зайтай хотод ийм олуулаа машин бариад яахав дээ бид. Тэрний оронд чам шиг таксчдад боломж олгосон нь зөв байхгүй юу.
Би нээрээ тайлангаа тавиад эфирт гарсан цагуудаа бүгдийг нь бичсэн чинь хө, 100 хэд ч билээ. Тэгээд тэрийгээ манайхан 24 цагт хуваасан чинь яг таван өдөр, шөнө би эфирт хоносон гэсэн үг байхгүй юу ккк. Би нээрээ бас л овоо ярьж хөдөлмөрлөж байгаа юм шүү, тэгээд байхад л хүмүүс Оюутолгойг минь нэг сайн ойлгохгүй байна л гээд байгаа юм даа ккк. Нээрээ мөн цуцтал ярьж байна. Өөр яахав дээ очоод алгадаад авах эрх байх биш, харин алгадсан юм шиг хэлэх эрх бол надад байна шүү дээ. Тайлангаа ер нь байнга тэгж тавьж байна гэж бодож байгаа. Тэгээд харахаар хөөрхий гэрийнхэндээ, хүүхдүүддээ би үнэхээр бага цаг гаргах юм аа. Голдуу л шөнөдөө 11, 12 гээд гэртээ ордгийн, заримдаа ккк, инээдтэй 6, 7 гээд гэртээ орчихоор сонин. Ажлаа таслаад ирчихсэн ч юм шиг санагдаад хахаха, гарч гүйчих гээд ерөөсөө, эвгүй оргиод хахаха.... тийм л байгаа юм даа. Бид хоёр ийн инээлдэн буу халж яваад өнөө хүн авах үндсэн ажлаа мартах шахлаа.
6
Нэг хүн гар өргөснийг нь анзааралгүй өнгөрчихөв.
6
Вокзал руу эргэдэг тойруу руу ортол 2 хүүхэд дагуулсан цүнх ачаа болсон нэг залуухан хүүхэн гар өргөлөө. Би зогсч суухыг хүлээсэн боловч урд суух гишүүн рүү нэг том харснаа цааш харж гар өргөлөө. Ганбаатар гишүүн урд шилээ буулгаж “Миний дүү хаа хүрэхийн манай такси хүргээд өгнө шүү” гэлээ. Хүүхэн гайхасхийснээ “нээрээ явж байгаа юм уу” гээд инээмсэглэлээ. Би наад талаас нь бууж “за суу суу, цүнхээ ийшээ хийчих” гээд багажаа онгойлгож ачааг нь хойноо хийлээ. Хүүхэн жаахан гайхасхийсэн боловч хүүхдүүдээ хөтлөн ард суулаа.
6
Хүүхнийг суунгуут л бид хоёр ч ээлжлэн асуултаар бөмбөгдөж өглөө.
Г -За дүү хаа хүрэхийн?
Х -Зайсан.
Т -Хаа хүрээд ирж байгаа юм?
Х -Эрдэнэт орчихоод л ирж байна.
Г -Өө за за тэндээс чинь одоо бас таксинууд сүнгэнээд байна уу?
Х -Тийн байнга явдаг юм.
Г -Ахад нь нэг хэдэн төгрөг хэрэг болоод өнөөдөр халтуур хийж байгаа юм шүү, миний дүү, зөв ойлгоорой.
Х /инээв/ -за за.
Г -Нээрээ, хоёр дахь хүнээ авсан дахиад л хүүхэдтэй хүн таарлаа билэгшээгээд л байна.
Т -Гишүүн харин хамт нэг хоёр тойроодхоё гээд кк.
Х -кк Би сая гайхлаа, энд буугаад өөр тийшээ явах гэж байгаа юм болов уу гээд. Хараад байсан буудаггүй, гайхаад.
Г -За яахав муу дүүгээ хүүхдүүтэй нь хүргэж өгнө өө... Ахыг нь халтуур хийхэд таарсан энэ хүүхдүүд аягүй бол тэмцэгч хүмүүс болж магадгүй дээ.
Х -ккк, Би ч азтай байна даа, нээрээ гайхсан шүү. Тэгээд такси барьж яваа юм болов уу, дуудлагын такси л гэж бодлоо шүү дээ.
Г -Би ч чамайг цаашаа хараад зогсчихоор нь надтай хамт суухгүй л гэж байгаа юм байлгүй гэж бодоод ккк, дүү Эрдэнэтийн хүн үү?
Х -Үгүй ээ, хотынх тэнд байсан юм. Та нээрээ наад талд Дарханых билүү?
Г -Тийн, гэхдээ төрсөн нутаг бол Баянхонгор л доо.
Х -Би чинь хотод төрсөн, Эрдэнэт амьдраад тэгээд хотод ирээд 3 жил болж байна.
Т -Манай таксинд дуугүй явах хориотой шүү, дуугүй яваад байвал км-ийн үнэ өснө өө гэж.
Г -кк , Хөөе чи номоороо тарифаар явна шүү, нээрээ тайлбарлаарай.
Яриа хөөрөөтэй бас нэлээн нээлттэй бүсгүй таарч, би ч яагаад гишүүн манай машинд яваа учрыг тайлбарлан, санаа зорилгоо ойлгуулсны дараа бидний яриа аж амьдралын тухай нээлттэй болж ирлээ.
Г- Тэгээд амьдрал хэр байна даа. Юмны үнэ өсөөд нөлөөлж байна уу?
Х -Яах вэ нэг их ...нөлөөлж байгаа байх аа. Бид нар ч яахав бас нэг юм хийгээд байгаа болохоор гайгүй, учиртай байна аа. Хэцүү газраа хэцүү л байгаа даа.
Г -Хүүхдүүд бүгд энд сургуульд сурч байна уу?
Х -Том нь , манай энэний дээр нэг байгаа хүү, тэр энд сургуульд.
Т -Өө за за, чи тэгвэл сүүлд нь шахуухан хоёрыг гаргачихсан юмаа даа?
Х -ккк Өө одоо 4 болох гээд байна оо.
Г -Өө за баяр хүргэе, боломжтой бол гаргаад байх хэрэгтэй.
Хүү -Ээж хаана ямар бичлэг хийгээд байгаа юм бэ?
Т -Өө энэ арын машинд л бичээд байгаа байх, манай машинд бол камер энэ тэр байхгүй.
Г -Нээрээ яриандаа халаад дүү нараа мартчихсан байна шүү дээ, хэн билээ.
Х -Энэ бага нь Энхмаа, ах нь Энхсайхан гээд л.
Г -Түрүүн Энхнайдвар гэж хүүтэй таарсан. Одоо Энхмаа, Энхүүд л орж ирээд байна шүү, Энхсайхан ямар хичээлдээ дуртай вэ?
Хүү -Биеийн тамир.
Г -Өө за за, спорт сайхаан.
Т -Эрдэнэтэд бизнестэй юу чи?
Х -Үгүй ээ, хотод, гол нь бүх хүүхдүүд, сургууль цэцэрлэг гээд л шилжээд ирсэн. Эрдэнэт сайхан тайван хот гэхдээ сургууль тийм сонголт сайтай биш ээ.
Т -Өнөөдөр бол гишүүн хамаагүй ярьж байгаа шүү, микрофонгүй, зангиагүй уулзаж байгаа шүү, асуух юм байвал асуугаарай.
Х -Өө би ч улс төр энэ тэрийг ойлгохоо больсон, бие биенээ үгүйсгэсэн юм л их ярих юм. Ер нь бол мөнгөний урсгал багасаад их хүнд байх шиг байна аа.
Г -Амьдрал хүндэрч байна аа, үнэн.
Х -Тэр мөнгө нь одоо хаачаад байна аа, их мөнгө орж ирлээ л гээд байдаг.
Г -Энд нөгөө юу л даа, гол нь хятад руу бид чинь нүүрс энэ тэрээ гаргаж мөнгө олдог байсан маань буураад. Тэгээд бас өөр олон зүйл бий л дээ, мөнгөний урсгал үнэхээр багасаад байгаа. Өнөөдөр тэгэв үү, ер нь хүмүүс такси нэг их барихгүй байна шүү.
Х -Амралтын өдөр болохоор бас тэгсэн байх л даа.
Г -Тийн. Гэхдээ энэ бол эдийн засаг удааширч байгаатай холбогдсон нэг жижигхэн ч гэсэн шинж тэмдэг мөн л дөө.
Т -Чамд тэгээд дээд хэдийг нэг шүүмжилчих, сайн загначих юм байвал хэл ээ зүгээр.
Г -Та нарын ийм шууд хэлсэн үг л их хэрэгтэй шүү, бидэнд.
Х -Одоо энэ долларын үнэ л өсөөд байгаа болохоор юмны үнэ өсөөд байгаа байхгүй юу. Би ч одоо бас доллартай нэлээн харьцаж ажилладаг болохоор. Долларын өсөлт бол амьдралд аягүй их нөлөөлж байна.
Г -Хэдэн жилийн өмнө доллар төд өд байна гээд төлөвлөөд зээл аваад, байраа тавиад энэ тэр бизнес хийж байгаа хүмүүст хүртэл хүнд тусч байна, хэрчүүлээд байна гэж ярьж байгаа хүмүүс ч байна л даа. Би ч олон хүнтэй уулзах юм доо.
Х -Одоо дахиад өсөөд эхэллээ дээ.
Т -Танай нөхөр бизнес хийдэг үү?
Х -Өө тийн, манай хүн замын салбарт ажилладаг.
Г -За одоо бид яахав, энэ манай Энхмаа одоо дуугаа хураагаад байна шүү, жоохон яриулья.
Т -Энхмаа нэг ая баривал ямар вэ гэж.
Х –За, Энхсайхан миний хүү нэг шүлэг уншаад өгчих.
Хүү -Бүрэнхий үдшээр гүйж явтаад бүдэрч унахдаа өвдөгөө шалбалаад, Өвдөг гэдэг тэсэхийн аргагүй өвдөж өөрийн эрхгүй уйлж гарав. Гэтэл харин булангийн цаанаас Тэмүүжин гээд ээж дуудав. Өвөг дээдсийн нэрээ сонсоод өчнөөн тэсэж нулимсаа арчив, нэр минь хүртэл Тэмүүжин юм чинь нээрээ би уйлахдаа яахав ээ... хүү шүлгээ мартсан бололтой ээж рүүгээ дэмжлэг эрэн харлаа.. /бид инээлдэв/
Г -Заа, янзын эх оронч шүлэг уншлаа даа баярлалаа, Энхсайхан хүү минь.
Х –За за, миний хүү эмээгээ уйлуулдаг шүлгээ уншаад өгчих.
Хүү -Аавыг өсгөсөн эмээ минь авралын тэнгэр гэж итгэдэг дээ, ээжийг өсгөсөн эмээгээ би энэрлийн нар гэж боддог доо. Намайг өсгөсөн эмээ минь намтар ихтэй бурхандаа, дахиад олдохгүй эмээгээ дагаад л явмаар санагдана даа.
Хүү ийнхүү биднийг хөгжөөж бүгдээрээ л нэрэлхүү гэрэвшүү байдлаа орхиж бүхээг ч зайтай болчих шиг оргиод явчихлаа.
Г -Энэ шүлгийг чинь эмээ нь битгий хэл би хажуунаас нь сонсоод огшиж байна шүү. Үнэхээр гоё шүлэг байна. Мундаг хүү байна.
Т -Ингэхэд ээжийн нэр хэн билээ?
Х -Сайхнаа.
Г -Энхмаа дуугаа хураачихлаа. Уг нь бол гэртээ том биз.
Х -Өө хоёр ахдаа томорно, сахилгагүй.
Г -Тэгнээ, манай бага л одоо тэр муу ажаа нараа бараг л цохиж унагаагаад байхад чинь. Би дэндүү эрхлүүлэхийн, сүүлдээ занг нь эвдчихвий гэж айгаад ...кк гэрийнхэн ч эрхлүүллээ гэж их шүүмжлэхийн, хүүхэд эвдлээ гээд.
Х -Та чинь нэг хүүхэдтэй гэж үү, гурав биш бил үү?
Г -Би 4 охинтой.
Х -Өө 4 охин юм уу, би чинь 3 хүү гэж сонсч байсан билүү, ккк зурагтаар нэг олон хүүхэд харагдсан шүү.
Г -Аан тийн одоо бага охиноо л ярихийн, 4 охинтой.
Х -Охидууд бол ч ерөөсөө л аав гэнэ.
Т -Нээрээ, би анх таксинд гишүүнийг уриад, тэгээд нөгөө бичдэг юман дээрээ мэдээллээд, гишүүнийг хаагуур авч явах уу гэж хүмүүсээс асуусан чинь гэр хорооллоор, бас Зайсангийн баячуудын хорооллоор авч яваарай гэж санал бичсэн байсан. Ямар ч байсан Зайсангаар бол нэг зочлоод гарах нь тодорхой боллоо шүү. Энэ хавийг чинь одоо жинхэнэ баячуудын хороолол гэдэг биз дээ?
Х -Яахав дээ, янз бүр ш тээ. Гэхдээ энд амьдардаг гэхээр л тасарсан баян, нөгөө юу билээ дээд давхарга гээд, бид бол хотод орж ирчихээд л утаа хор гээд тэрнээс дайжаад, арай гайгүй юм болов уу гээд. Хүүхдүүдээ бодоод ийшээ байранд орчихьё гээд л... байрны лизингтэй л байгаа шүү дээ. Тэгээд доллар өсчихөөд, байраа долларын лизингээр авчихсан.
Г -Тэгвэл долларын өсөлт чанга нөлөөлнө шүү.
Х -Тийн тэгсэн. Одоо сард мянган доллар гэдэг чинь төлөхөд аягүй чанга болчихож байгаа байхгүй юу. Бид чинь адилхан л хүн, хөдөлмөрлөөд, хөрөнгө мөнгө хуримтлуулаад сайхан амьдарчих л гээд бусдын л адил зүтгэж яваа шүү дээ.
Т -Ийшээ ч байр үнэтэй байх л даа.
Х -Баруун тийшээ эргээрэй, тэгээд бас ийшээ байрны сарын төлбөр гэдэг нь аягүй өндөр гардгийн. Тэгээд тэр бүрийг нугалах гээд тэмцээд л байгаа. Мэдээж гайгүй боломжтой айл олон, тэд нар маань асуудалгүй дараад төлөөд явчихаж байгаа л даа.
Тэгээд нэг удаа би энэ байрыг авсан хүндээ, танай байр аягүй их үнэтэй гарч байна, хэцүү байна гэсэн чинь, нөгөө хүн маань чи тэгээд өөрөө ажил хийхгүй юу гээд ккк. Би дөнгөж төрчихсөн байсан юм чинь. Тэгээд өөрөө ажил хийгээч ганцхан нөхрийгөө ажил хийлгэчихээд гэдэг байгаа, ккк.
Г -Бас л шулуухан ярьдаг нөхөр байжээ кк.
Х -Тийн, тэр үедээ бас л дургүй хүрээд бараг л танд ямар хамаатай юм гэчих гээд, одоо бодоод байх нь ээ, ер нь л хүн бүр тэмцэж зүтгэж байж л амьдарна л даа. Одоо тэгээд яахав болгох гээд хоёулаа зүтгээд л байна. Ер нь сайхан амьдарья л гэж байгаа бол хөдөлмөрлөх л хэрэгтэй болоод байгаа байхгүй юу, ерөөсөө.
Г -Аанхан, би тэр иргэний хуулийн 48-ийн 2-т билүү дээ, доллароор гэрээ хийсэн бол тэр ханшаар нь авах ёстой гэсэн заалт байгаа шүү. Би тэрийг нэг тусгаж, анхааруулж аминдаа л бас зарга хийх гээд зүтгээд, тэгээд найзуудтайгаа хуульчидтай ярьж байгаа. Аягүй олон хүн хохирчихсон байхгүй юу. Одоо ч ярьж байгаа. Одоохондоо би чинь Оюутолгой, эрүүл мэндийн даатгал гээд өөр юм руу бас завгүй, түүртээд байгаа. Гэхдээ ойрын үед тэр валюттай холбоотой асуудлыг нэг асууж дахиж тодруулья.
Х -Тийн, тухайн үед чинь доллар 1290 төгрөг гэж байсан. Одоо тэгсэн 1700 гэчихээр чинь бид нар чинь хүнд болоод явчихлаа, тэгээд эргээд одоо Монгол мөнгөнд шилжүүлээд ямар ч нэмэргүй болчихлоо. За тэгээд одоо нөгөө ипотектийн зээлээр шилжүүлье гэхээр чинь тэр чинь 80 метр квадрат байранд үйлчилдэг. Манайх болохоор чинь 132 метр квадрат байхгүй юу, тэгэхээр хамрагдахгүй болчихож байгаа.
Г -Харин тийн, том байр гэхээр амихандаа л тансаг зэрэглэл гэх гээд байгаа юм уу өнөөдүүл чинь, тэгж яриад байгаа юм.
Х -Гэхдээ одоо эргэж авч үзнэ гэж яригдаад байгаа гэсэн үнэн бол найман хувь гэдэг чинь бас зүгээр л байна.
Г -Тийн 8 хувь руу оруулах гэдэг дээр би байгаа. Тэрнээс гадна одоо иргэний хуулийн тэр нэг заалтыг барьж харах хэрэгтэй байна л даа... Би зүгээр та нарт нэг сонин юм хэлэх үү. Арилжааны банкуудын өнгөрсөн жилийн нийт ашиг гэхэд, арилжааны 16 банк байгаа гэж үзээд нийт ашиг нийлээд 50 тэрбумын ашигтай байсан бол энэ жил зөвхөн 3-р улирал гэхэд 60 тэрбум, 80 тэрбум гэж байгаа юм. Би 80-ийг бол яг харсан, цаана нь 200 тэрбум гэж бас сонсогдсон. Тийм их ашигтай ажилласан гэж, энэ долларын савалгааны цаана банкууд бол маш ашигтай, хожсон байгаа байхгүй юу, иргэд хохирсон. Тэгээд би чинь энэний эсрэг үзнэ гээд. Тэгээд олон юманд үзэх болоод, Оюутолгой дээрээ голлоод амжихгүй байна л даа.
Х -Та чинь тэгвэл тэмцэх олон салбар, сонголттой байгаа юм байна даа ккк.
Г -Тийн, ккк аягүй аз жаргалтай, аль салбартаа тэмцэх үү гэдгээ шийдэх гээд ккк, бусаддаа түүртэйд, гэхдээ энийг одоо ярих ёстой. Хүмүүс иргэд ямар ч буруу юм хийгээгүй байж байгаад хоёр дахин их үнэ төлдөг болоод байгаа юм. Иргэд л хохирч байна.
Х -Энд Зайсанд чинь ёстой боломжтой хүмүүс ч байгаа, яг амьдрал, орчноо дээшлүүлье гээд орсон хүмүүс ч байгаа байхгүй юу. Адилхан л Монголын маань нэг иргэн шүү дээ.
Г -Ах нь ямарч байсан энийг босгож яринаа. Урьд нь ч харж байсан. Гэхдээ одоо ингээд чамтай яриад улам их эрч түлхээс авлаа. Урьд нь бодоод ажиглаад яваад байсан бол яг ингээд хүнээс сонсохоор бүр их нөлөөлж, нийтээр дуугармаар болж байна л даа.
Х -Тэгээрэй та, энэний ард олон хүний амьдрал бас адилхан байгаа ш тээ.
6
Нуулгүй хэлэхэд, энэ яриаг сонсч би хэрэндээ их л маадгар явлаа. Ингэж л жирийн хүмүүсийнхээ үгийг сонсож, нэг ч гэсэн шийдвэр гаргах итгэл, санаа зорилготой болоосой гэж л эрхэм гишүүд томчуудыг суулгая гэж бодсон шүү дээ. Бага ч гэсэн энэ санаа минь биеллээ олох шинжтэй болсонд баяртай л байлаа.
6
Ингээд Зайсангийн зүүн талд байх Америк сургуулийн хажуу талын цэвэрхэн тохилог орон сууцнуудын гол талбайд ирж замын зочдоо буулгалаа. Гишүүн ачаа цүнхийг нь буулгалцаж гар барин инээд хөөртэй салцгаалаа. Яг тэр үед юу ярьсан, бүү мэд. Би тэр хооронд машинаа эргүүлж байсан юм.
6
С.Ганбаатар гишүүнтэй аяласан тэмдэглэл дөнгөж талдаа орж байтал бичлэг маань талийж өгчээ. 13 дахь хуудас руугаа орж явна. Цааш их бичвэл уншигч таныг залхааж мэднэ гэж найз сэтгүүлчдийн зөвлөсний дагуу эхний хэсгийг энд хүргээд өндөрлье гэж шийдлээ. Ирэх баасанд үргэлжлэлийг, өөр бусад адал явдлын хамт хүргэе. Уйдахааргүй хөгжилтэй яриа хөөрөө, тохироо наймаа бас болсоон. Дэлгэрэнгүйг дараагийн тэмдэглэлээс уншаарай та бүхэн.
6
Үргэжлэл бий...
Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч-Таксич Хоовон хөх