ОХУ АНУ-ЫН ДИПЛОМАТ ХАРИЛЦААГ ТОГТВОРЖУУЛАХ УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА

ОХУ-ын болон АНУ-ын хоорондын дипломат харилцааг тогтворжуулж, хоёр улсын Элчин сайдын яамд, консулын газруудын үйл ажиллагааг хэвийн горимд оруулах чиглэлээр хийж буй хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалт өнөөдөр Туркийн Истанбул хотноо эхэлж байна.
Талууд энэ удаад мөн хаалттай хэлбэрээр хуралдаж байгаа бөгөөд уулзалт нь дипломат үйл ажиллагаанд учирч буй хүндрэл, ялангуяа техникийн шинжтэй саад бэрхшээлийг арилгах зорилготой юм.
Өнгөрсөн хоёрдугаар сарын 27-нд АНУ болон ОХУ-ын зөвлөлдөх анхны уулзалт болсон бөгөөд зургаан цаг гаруй үргэлжилсэн юм. ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова энэ талаар мэдээлэхдээ, “Дипломат ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагаанд тулгарч буй олон талт хүндрэл, саад бэрхшээлийг бодитоор шийдвэрлэхэд чиглэсэн үйл явц тууштай үргэлжилж байна” хэмээн онцолжээ.
ОХУ-ын талаас уулзалтыг АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев ахалж оролцож байна. Тэрбээр өмнөх уулзалтын үеэр ГХЯ-ны Хойд Атлантын газрын захирлаар ажиллаж байсан бөгөөд өнөөг хүртэл энэ чиглэлд идэвхтэй оролцож буй дипломатч юм. Харин АНУ-ын төлөөлөгчдийг Төрийн департаментын Европ, Евроазийн асуудал хариуцсан орлогч нарийн бичгийн дарга Соната Култер ахлан оролцож байна. Тэрбээр мөн хоёрдугаар сарын уулзалтад АНУ-ын талын гол зохицуулагчаар ажилласан билээ. Яриа хэлэлцээний хувьд аль аль тал тэнцвэртэй байдлыг хадгалах зарчмыг баримтлаж байна. Анхны уулзалт Истанбул дахь АНУ-ын Ерөнхий консулын газарт болсон бол энэ удаагийн уулзалтыг ОХУ-ын Ерөнхий консулын газарт зохион байгуулж байгаа нь талуудын харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чиглэсэн алхам хэмээн ажиглагчид үзэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ