Х.Баттулгын цэвэрлэгээг Н.Учрал хийнэ гэж байх уу?

УИХ-ын гишүүн Х.Баттулгад өгсөн Н.Учралын 7 хоногийн хугацаа өчигдрөөр /2025.04.09/ дуусгавар болов. ‘’Төгрөг нуур’’ ордыг гадныханд зарсан бантангаа зохицуулах 7 хоногийн даалгаврынхаа хариуг тэрээр хэвлэл мэдээллээр дамжуулж уржигдар /2025.04.07/ өгсөн. Ингэхдээ ‘’Төгрөг нуур’’ орд өөртэй нь огт хамааралгүй бөгөөд хэрвээ Х.Баттулгынх гэж баталбал 100 хувь өгөхөд бэлэн байна гэв. Хэвлэлээр дамжуулж даалгаврынхаа хариуг сонссон ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Х.Баттулгыг хэлсэн үгэндээ эзэн болоорой гэх үг дайсан.
ЗГХЭГ-аас гаргасан баримтыг сонсвол Х.Баттулга шаггүй ‘’луйварчин’’ гэж харагдана. Тэрээр ‘’Төгрөг нуур’’ ордыг команиас компани руу шилжүүлж, оффшороос оффшор руу нуун далдалсан схем зуржээ.
Товчхондоо,
Х.Баттулга Я.Батсүх гэгч иргэнтэй анх хамтран байгуулсан Камекс ХХК нь ‘’Төгрөг нуур Энержи’’ ХХК-ийг 100 хувь эзэмшдэг байжээ. Үүний дараа Х.Баттулга өөрийн охин Б.Намуун, төрсөн эгч Х.Цэндбаяр нарт хувьцаагаа шилжүүлэн компаниас компани дамнасан, оффшороос оффшорт үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий үндэстэн дамнасан компаниудаар дамжуулан 250 сая ам.доллараар зарсныг Хонгконгийн хөрөнгийн биржийн бүртгэлтэй 00402 хувьцааны код бүхий нэр бүхий компанийн Хонгконгийн 507 нүүр баримт авагджээ.
Эдгээр баримтуудыг АТГ-т хүргүүлж, УИХ-ын гишүүн Х.Баттулгыг шалгуулах юм гэнэ.
Хэвлэлийнхэнд зориулж ширээн дээр хураасан баримтуудыг хүн дэлгэж, дүн шинжилгээ хийсэн гэхэд итгэл төрсөнгүй. Хуруу зүсэм цоо шинээрээ байсан нь Н.Учралын хэлээд байсан хууль, санхүүгийн мэргэжилтнүүд уг баримт дээр ажилласан гэж харагдсангүй.
‘’Төгрөг нуур’’-ыг стратегийн ордод бүртгэх ажлыг УУХҮ-ийн сайд Ц.Туваан хариуцаж, Засгийн газарт өргөн барина. Оффшор бүс дэх хууль хяналтын байгууллагуудтай ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл хамтарч ажиллах юм. Ц.Туваан, О.Алтангэрэл нар Х.Баттулгын хүмүүс. Улстөрд мацах замыг нь зассан ах нь. Н.Учрал танхимын хоёр сайддаа итгэнэ гэх ч Х.Баттулгыг тонгорч унагаана гэдэг хол хэвтэнэ.
Таамаг...
2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаагаа хэдийнэ эхлүүлсэн Х.Баттулга ‘’Хөх Монголын хөх туг’’ аян өрнүүлж яваа. С.Ганбаатарыг Ерөнхийлөгчийн сонгуульд сойх нь гэж харагдах ч өнөө улстөрд өрнөж буй сценар нь Н.Учрал Х.Баттулгын Ерөнхийлөгч болох замыг нь засаж байж болохоор ч юм шиг. УИХ-ын гишүүн Х.Баттулгад холбогдох ‘’Төгрөг нуур’’ ордтой холбоотой материалыг АТГ-д хүргүүлнэ. АТГ шалгаад өвсөн дотроос зүү эрэхдээ адил юм боллоо гэж мэднэ. УИХ-ын гишүүн Х.Баттулгын нэр цэвэр гэж үзэх нь цаг хугацааны асуудал байж мэдэх хувилбар.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ