Смарт сургуулийн захирал С.Уянга гэгч цуутай луйварчин оргосон уу?

Смарт сургуулийн ерөнхий захирал С.Уянга нь санаанд оромгүй луйварчин байжээ.
Тэрээр Смарт сургуулийн үл хөдлөхийг эзэмшигч Т.Баясгалан, Н.Лхамсүрэн нарыг луйвардаад зогсохгүй сургуулийнхаа сурагчид тэдгээрийн эцэг эхчүүд, багш, ажилтнуудыг залилж, хохироогоод одоо ор сураггүй оргон зайлсан.
С.Уянга гэгчийн зурсан луйврын схемийг товчлъё...
С.Уянга нь Т.Баясгалангаас 28 тэрбум төгрөгөөр барилга худалдаж авах гэрээ байгуулахдаа урьдчилгаа төлбөрийнхөө 10 хувьд хүрэхгүй мөнгийг шилжүүлж, үлдэгдлийг нь хоёр жилийн хугацаанд шаталсан байдлаар барагдуулна гэж тохироод худалдах, худалдан авах гэрээ хийсэн нь Т.Баясгалан С.Уянгад луйвардуулах эхлэл байжээ.
Тэрээр Т.Баясгалангаас луйвардаж авсан барилгадаа Смарт сургуулийг ажиллуулж буй бөгөөд уг барилга нь Т.Баясгалан, Н.Лхамсүрэнгийн нэр дээр одоо ч бүртгэлтэй.
Нийслэлийн Боловсролын газраас С.Уянгад өөрийн байр талбайгүй газар сургуулийн үйл ажиллагаа явуулж буй зөрчлөө арилгаж, үйл ажиллагаагаа зогсоо гэж удаа дараа албан бичиг хүргүүлж байжээ.
Өнгөрсөн хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гадна хуурамч мөнгөний баримт үзүүлж өнөө маргаашгүй өр төлбөрөө барагдуулна гэж цаг хугацаа хожихдоо Т.Баясгалан, Н.Лхамсүрэн нарын алдар хүндэд санаатай халдаж, хэвлэл мэдээллээр тэднийг залилагч мэтээр илтэд худал мэдээлэл цацуулж байжээ.
Т.Баясгаланг ятган үнэмшүүлж, худалдах худалдан авах гэрээ байгуулсаныг С.Уянга овжин ашиглаж, өөрийнх нь эсрэг ашиглаж буй ч бүх зүйл баримт нотолгоотой үлдсэн байдаг.
Гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан ч С.Уянга нь үл тоосон учир Т.Баясгалан байгуулсан гэрээгээ цуцалж барилгынхаа Б блокийг Н.Лхамсүрэнд зарсан байна. Ингэхдээ тэд С.Уянгатай биечлэн уулзаж, барилгын түрээсийн мөнгө болон төлбөр тооцоогоо гэрээнд заасны дагуу барагдуулаагүй учир гэрээгээ цуцлуулахыг хүсжээ. Гэтэл С.Уянга нь БНХАУ-аас 5 сая ам.доллар орж ирсэн, өнөөдөр, маргааш шилжүүлнэ гэж хэлээд нэг жил гаруй хугацаа өнгөрсөн байна.
Дээрх залилангийн хэрэг ХУД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгагдаж байгаа бөгөөд Шүүхийн шатанд сургуулийн байрыг чөлөөлж өгөх маргаан хянагдаж байна.
Өнгөрсөн хугацаанд С.Уянга эхлүүлсэн луйвраа үргэлжлүүлж, өөрт давуу байдал бий болгохоор улайрч анхны хийсэн гэрээг үндэслэл болгон залилан мэхлэх үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж байжээ.
Хохирогч Т.Баясгалан, Н.Лхамсүрэн нар төрийн байгууллага, хууль хяналтынханд хандаж, С.Уянга гэгч эмэгтэйн луйврын хэргийг шалгаж өгөхийг өнгөрсөн хугацаанд хэдэнтээ шаардсан ч уг маргааныг эцэслэж өгөхгүй өдий хүрч буй.
Энэ бүхний цаана Т.Баясгалан, Н.Лхамсүрэн нар эд хөрөнгө, алдар хүнд, цаг хугацаагаараа хохирч байгаа төдийгүй Смарт сургуулийн 500 гаруй сурагчдын эрх ашиг ноцтой зөрчигдөх хэмжээнд хүрээд байна.
Ингээд ч зогсохгүй С.Уянга нь Т.Баясгалан, Н.Лхамсүрэн нарыг Смарт сургуулийн барилга руу нэвтрүүлэхгүй байх шүүхийн шийдвэр гаргуулж чаджээ. Өөрөөр хэлбэл барилгын жинхэнэ эздийг өөрсдийнх нь эзэмшилд нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг шүүх ямар баримтад үндэслэж гаргасан нь ч анхаарал татна.
Харин дээрх шүүхийн захирамжийг Н.Лхамсүрэн цуцлуулахаар шүүхэд хандасны дагуу захирамжийг хүчингүй болгуулсан байна.
Энэ мэтээр бусдыг гаргууд луйварддаг этгээдүүд шингэх газаргүй, тулах цэггүй болмогцоо Монголоос оргон зайлдаг. Гэтэл Монголын хууль хяналтынхан хохирсон иргэдийнхээ төлөө хөдөлж өгөхгүй цаг хугацаа алдсаар буй...
СЭТГЭГДЭЛ БИЧИХ