КАЗАХСТАН 20 САЯ ТОНН НӨӨЦТЭЙ ХОВОР ЭЛЕМЕНТИЙН ШИНЭ ОРД НЭЭВ

КАЗАХСТАН 20 САЯ ТОНН НӨӨЦТЭЙ ХОВОР ЭЛЕМЕНТИЙН ШИНЭ ОРД НЭЭВ

Дэлхийн геополитик, өндөр технологийн хөгжлийг тодорхойлох газрын ховор элементийн төлөөх улс орнуудын өрсөлдөөн үргэлжилсээр. Дагаад хайгуул, олборлолт, боловсруулалтад чиглэсэн хөрөнгө оруулалт нэмэгдэж дэлхийн улс орнууд энэ салбарт баримтлах бодлогоо шинэчилж байна. Тиймээс дэлхийд газрын ховор элементийн шинэ ордууд шил дараалан илэрч байна.

ӨЧИГДӨР УРАНААР, ӨНӨӨДӨР ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТЭЭР...

Өнгөрсөн долоо хоногт Казахстан улс газрын ховор элементийн шинэ орд нээн илрүүлсэнээ зарлалаа. Казахстан улсын Караганда мужид орших “Шинэ Казахстан” ордоос неодим, церий, лантан, иттри зэрэг газрын ховор элементүүд илэрсэн нь тус улсын геополитикийн “шинэ зэвсэг” болж мэдэхээр байна. 20 сая тоннын нөөцтэй, тонн тутамдаа 700 грамм газрын ховор элемент агуулж буй “Шинэ Казахстан” орд нь тус улсын эдийн засагт шинэ хуудас нээж, нөөцийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлж эхлэх нь. АНУ-ын Геологийн албаны мэдээллээр Казахстан улс одоогоор газрын ховор элементийн нөөцийн албан ёсны жагсаалтад багтаагүй ч уг ордын баталгаажсан тоо баримт гармагц дэлхийн гурав дахь том тоглогч болох магадлалтай.

Ингэснээр Казахстаны улс дэлхий нийтийн анхаарлыг тэр дундаа Европын Холбооны сонирхлыг асар ихээр татаж эхэллээ.

ТӨВ АЗИ БА ЕВРОПЫН ХОЛБООНЫ ТҮНШЛЭЛ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Европын холбоо болон Төв Азийн таван улсын төр, засгийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалт Узбекстан улсын Самарканд хотноо болов. Уулзалтад оролцсон төлөөлөгчид эдийн засаг, байгаль орчин, эрчим хүчний аюулгүй байдлын асуудлаар чухал яриа хэлэлцээ өрнүүлж байсан ч цаагуураа илүү гүн, илүү нарийн сэдвийг хөндөж байсан нь газрын ховор элемент байсан юм. Европын Холбоо газрын ховор элементийн салбарт БНХАУ-аас 100 хувь хараат. Энэ хамаарлаа бууруулах зорилгоор Төв Азийн орнууд, тэр дундаа Казахстан улстай илүү ойр ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн нь Самаркандын уулзалтын гол шугам болж байлаа. Мөн энэхүү уулзалтаар газрын ховор элементийн салбарт шинэ эх үүсвэртэй болох Европын холбооны стратегийн зорилт хэрхэн өргөжиж байгаа нь харагдсан бөгөөд Төв Азийн байгалийн баялаг дэлхийн хүчний тэнцвэрийг өөрчлөх чухал дохио болов. Европын холбоо Казахстан улстай 2022 онд стратегийн түншлэлийн санамж бичиг байгуулсан бөгөөд 2025-2026 онд хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байдаг. Тэгвэл Самаркандын дээд хэмжээний уулзалтын үеэр энэ амлалтаа дахин баталгаажуулснаар талууд хөрөнгө оруулалт, дэд бүтэц, боловсруулалтын салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх нөхцөл бүрдлээ.

Казахстан улсын хувьд өмнө нь газрын ховор элементийн томоохон орд нээж, ашиглаж байсан туршлагагүй. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалт, өндөр түвшний инженерчлэл, хууль эрх зүйн орчны шинэчлэл зайлшгүй хийгдэх шаардлагатайХэрэв Европын холбоо Казахстаны ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалт хийвэл дэлхийн хэмжээнд "газрын ховор элементийн олон туйлт хангамжийн систем" буй болох эхлэл тавигдана. Энэ тохиолдолд БНХАУ-ын монополь байдал сулруулах, тус улсын эрх ашгийг хөндөнө. Тиймээс БНХАУ-ын хувьд Европын холбоо болоод Төв Азийн улс орнуудтай харилцах харилцаанд өөрчлөлт орж, геостратегийн шилжилт, хүчний тэнцвэрт нөлөөлөх нь "том тоглоом" өрнөх нь гэж шинжээчид харж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ