Х.Баттулгын Засгийн газрыг тонгорох тактик

Хаврын чуулган эхлээд хоёр долоо хоног өнгөрч буй. Төрийн ордон бужигнаантай ‘’халуун’’ үйл явдлууд шил даран өрнөж байна. Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын гишүүн Х.Баттулгын Хятадуудад зарсан Төгрөг нуурын ордын асуудал дахин олны анхааралд өртөв. Энэ орд бол стратегийн 39 ордод бүртгэж авах ёстой бүлэг орд бөгөөд Тавантолгойн талтай тэнцэх хэмжээтэй. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал юутай ч УИХ-ын гишүүн Х.Баттулгад зуурсан бантангаа өөрөө засах 7 хоногийн аман даалгаврыг хэвлэл мэдээллээр дамжуулж түүнд өгөв. Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Төгрөг нуурын ордод төрийн хувь эзэмшлийг тогтоох эсэх асуудал Х.Баттулгын дурын асуудал. Гуйж авч болохгүй, гуядаж ч авч болохгүй. Х.Баттулгын хөлд сөгдчихгүй ч хэлэлцээрийн ширээний ард суухгүй л бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар арбитрт дуудагдах асуудал өрнөнө.
ХЗДХ-ийн сайд асан өнөө УИХ-ын гишүүн Б.Энхбаяр байнгын хорооны хуралдаанд Б.Жавхланд хаяглаж хэлсэн үг олны анхааралд оров. Сангийн сайдыг 7.4 жилийн хорих ялтай авлигач Д.Батдөлтэй хамааралтай, тиймдээ ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төсвийг 2025 онд урд хожид байгаагүйгээр нэмэгдүүлж оруулж ирсэн гэх үг дайв. Д.Батдөл нь Төр хурхын амралтад ялаа ямба болгож буй нь Сангийн сайдтай ч холбоотой гэх давхар утга дайсан юм. Харин Сангийн сайд үүнд няцаалт өгсөн ч ШШГЕГ-ын дарга Д.Батдөлийг Төр хурхын амралтад галч хийж байсан бөгөөд одоо зоондоо ялаа эдэлж байгаа гэв. Болоочгүй хэвлэлийнхэнийг очиж үзэж болно гэж дайжигнав.
Төгрөг нуурын ордыг Засгийн газраас зүгээр ч нэг чулуудчихаагүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга хоёрын улстөрийн хамтрал дуусаж, Засгийн газрыг огцруулах хэмжээнд асуудал өрнөж буй.
Өнгөрөгч долоо хоногт Ерөнхий сайд Ч.Номин, Б.Жавхлан, Т.Мөнхсайхан нарыг сайдын албан тушаалаасаа сайн дураараа огцор гэх найрсаг шахалт үзүүлсэн гэх яриа төрийн ордонд хөлгүй тэнэв. Ч.Номин саналыг хүлээж авна гэсэн бол Т.Мөнхсайхан хар цагаан дуугүй өнгөрч, харин Б.Жавхлан ‘’Үгүй’’ гэж бухимдсан сурагтай. Ерөнхий сайдын үндэслэл нь Эдийн засаг улам хүндрэх төлөвтэй бөгөөд Засгийн газраа авч үлдэх золионы сайдаар дээрх гурвыг онилсон бололтой. Тиймдээ ч УИХ-ын гишүүн Б.Энхбаярын Сангийн сайд руу чиглүүлсэн хэл ам ийм учиртай бол УИХ-ын гишүүн Ө.Шижир Т.Доржхандыг сүү горьдсон гөлгөөр дуудаж, MCS группээс авсан ХҮН намын сонгуулийн хандивыг УИХ-ын чуулган дээр хэдэнтээ давтсан нь ч ийм учиртай. Харин Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга нарыг хайнааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар хагална.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ