“Тавантолгой төмөр зам” ТӨХХК гадаад, дотоод томилолтод ₮1.2 тэрбум зарцуулжээ

“Тавантолгой төмөр зам” ТӨХХК-ийн цалин урамшууллын нэмэгдэл тамтаггүй их
Төрийн өмчит “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Будбаяр 2024 оны 2 дугаар сарын 1-ний өдөр А/18 тоот тушаал гаргаж ажилтнууддаа “Сарын үр дүнгийн нэмэгдэл” гэгчийг олгохыг журмаар шийдвэрлэсэн. Шийдвэр гарсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх бүх дүнг харахад нэг жилийн дотор 7109 ажилтанд нийт 2.4 тэрбум төгрөг олгосон байгаа юм. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2024 оны 12 дугаар сарын тайлангаас нь харвал эднийх 911 ажилтантай, үүний 50 нь тэтгэвэр тогтоолгосон ажиллагч, 16 нь хүүхдээ асарч буй эх, гэрээгээр суралцагч, цэргийн алба хаагч, 845 нь цэвэр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамрагдагч ажээ.
Дээрх 845 ажилтны нэг сарын үндсэн цалин нь ба нэмэгдэл цалин нь 2 тэрбум болдог юм байна, албан тушаалын байдлаас шалтгаалан 2-15 сая төгрөгийн цалинтай. Үүн дээр Н.Будбаяр захирлын тушаалаар 15 хувийн нэмэгдлийг ээлжийн амралттай, эрүүл мэндийн шалтгаантай, цалинтай чөлөөтэй, тэр ч байтугай ачилтын вагоны дугаарыг буруу бичиж ажлын алдаа гаргасан, тээврийн хэмжээ багассантай холбоотой сул зогсолтын 60 хувийн олговор авсан байсан ч хамаагүй олгосон байгаа юм. Харин ростерт хувийн унаагаараа явсан бол 5 хувь, техникийн сургалтыг тасалсан бол 10 хувийн нэмэгдэл олгох гэх мэтээр, өөрөөр хэлбэл, ирц бүртгэх сахилгын арга хэмжээ шахуу болгон хувиргажээ. Захирлын тушаал дахь болзол нь тийм юм.
Тэгвэл 2025 оны 2 дугаар сарын байдлаар, өнөөдөр тус компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Б.Дүгэржав өөрөө сарын 18.9 сая төгрөгийн цалинтай, “15 хувийн нэмэгдэл-ийг санаачлагч, өгөөмөр захирал асан Н.Будбаяр өөрөө 6.6 сая төгрөгийн цалин авдаг юм байна. Эдгээр захирлуудад 15 хувийн нэмэгдэл хамаагүй, ТУЗ-ийн Ажлын алба болон хэлтсийн ажилтнуудын хүртдэг хишиг юм байна. Дээр нь тус компанийн 900 гаруй ажилтны нийгмийн даатгалын шимтгэлд ажил олгогч “Тавантолгой төмөр зам” компани сар бүр хагас тэрбум төгрөг төлдөг.
Жишээ нь нэг газрын даргын цалин сарын 7 сая төгрөг, сарын үр дүнгийн урамшууллын 15 хувийг, сар бүр бүрэн дүүрэн хүртээд нийтдээ сар бүр 8 сая төгрөг, дээр нь энэ дарга Соната-8 маркийн машиндаа АИ-92 шатахуун хийхэд 2024 онд 2.9 сая төгрөг төрийн өмчит компаниараа даалгасан.
Тайлбартаа, “шаардлагатай үед томилолтоор төслийн талбай руу явдаг учраас” гэнэ.
Шатахууны хангамжийн тухайд л нэмж дурдахад, Гүйцэтгэх захирал 18.9 сая төгрөгийн дизель түлш, 15.6 сая төгрөгийн АИ-92 шатахууныг тус тус хэрэглэсэн. Ерөнхий инженер 17.8 сая төгрөгийн дизель түлш, ТУЗ-ийн дарга болон бусад газрын дарга тус бүр 4 сая гаруй төгрөгийн шатахууныг нэг жилийн дотор хэрэглэсэн. “Тавантолгой төмөр зам” компани бүтэн жилийн дотор дарга нарынхаа албан хэрэгцээнд 82.2 сая төгрөгийн шатахууныг төрийн өмчит компаниасаа зарцуулжээ.
Дараагийн хангамж гадаад, дотоод томилолт.
2024 онд дотоод томилолтын зардал 995.8 сая төгрөг. Гадаад томилолтын зардал нь 221.7 сая төгрөг. Нийт нэг жилийн доторх томилолтын зардал нь 1.2 тэрбум төгрөг.
2024 оны 2 дугаар сарын 1-нд ийм тушаал гаргаж 15 хувиар сар бүр шагнаж 2.4 тэрбум төгрөг олгосон мөртлөө 2024 оны 12 дугаар сарын 11-нд A/212 тоот тушаал гаргаад нийт ажилтнууддаа “Засгийн газраас хэрэгжүүлж буй стратегийн ач холбогдолтой төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд болон тээвэрлэлтийн үйл ажиллагааг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан” гэдэг үндэслэлээр нэмэгдэл хөлс олгохоор шийдвэрлэв. Мөнөөх хэлтэс, ангийн даргаас эхлээд нийт 793 ажилтанд нийт 1.8 тэрбум төгрөгийн нэмэгдэл хөлсийг 2024 оны цалингийн зардлаасаа гаргаж өгчээ.
Эндээс харахад хэрэв “Тавантолгой төмөр зам” компанийн ажлын үр дүн өндөр байж, бүтэн жилийн дотор хоёр сая тонн ачаа тээвэрлэсэн, бусдад тайлан нь голдуу хурал, сургалтад хамрагдсан, удирдлагаас өгсөн даалгаврыг биелүүлсэн, бичиг цаас явуулсан, ажлын цаг бүрэн бүртгүүлсэн, ажлын байрны тодорхойлолтоо хангасан гэсэн байгаа нь ажилтнуудын буруу биш. Харин ажлын байрыг тодорхойлж буй менежментэд асуудал байна. Үр дүн нь компанийн хөгжил дэвшил, улсын эдийн засагт ямар нөлөөтэй вэ гээд бодохоор төсвөөс цалинждагаа “лусын хаан” болсонтой эндүүрч, цалин урамшуулалд дэндүү умбажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ