Гудамжны ‘’намчин’’ бүтээмжийн менежер хийж чадах уу?

''100 ямаанд 60 биш 100 ухна''
Саяхан АН-ын дарга, Эдийн засгийн хөгжлийн сайд Лу.Гантөмөр ‘’манай нам найман жил гудамжинд байлаа, одоо албан тушаал авч ажиллъя л даа’’ гэх байр сууриа илэрхийлэв.
Харин сайд Э.Одбаяр АН сөрөг хүчин биш гэж мэлзэв.
АН гудамжид гарсанд хэн буруутай гэж?
Сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадалгүй хамтарсан засгийн газарт орж, МАН-д тархиа базуулчихсан, АН-ын гудамжинд лааз өшиглөж явсан намчдад албан тушаал өгч, төсөвт дарамт учруулж буй.
Сард хамгийн багадаа 5-6 сая төгрөгийн цалинтай дээрх албан тушаалд 40 гаруй ‘’намчин’’ бүтээмж, хяналтын менежер нэрийн дор төрийн өмчит компаниудад талхилж явна.
Зөвхөн Эрдэнэс Монгол нэгдлийн харьяаны найман компанид нийт 16 бүтээмж, хяналтын менежер томилогдсон.
Эрдэнэс Монгол нэгдлээр ч хязгаарлагдахгүй Монголын төмөр зам ТӨХК, Тавантолгой төмөр зам ХХК, Хөгжлийн банк, Төрийн банк, МИАТ, Эрдэнэт компаниудад шил даран томилогдож буй.
Тэд тэгээд төрийн өмчит компанийн бүтээмжийг сайжруулж, хяналт тавих юм гэнэ.
Хөрөнгө, санхүү, зөвшөөрөл, хийгдэх ажил нь тодорхой газрууд өнөөдрийг хүртэл бүтээмжтэй ажиллаж чадаагүй байхад бүтээмж, хяналтын менежерийн албан тушаал бол хэзээ ч үр ашгаа өгөхгүй ‘’хоолны сав’’. Хуульд байхгүй албан тушаал гаргаж, төсөв үрж буйдаа эмзэглэх нь бүү хэл орлого, зарлагаа өөрөө олж буй компаниудад томилогдож байгаа учраас төсөвт дарамт болохгүй гэж Сангийн сайд нь хүүхэд хуурч буй мэт хариулж харагдсан.
УИХ-ын сонгуулийн өмнөхөн Д.Амарбаясгалан хүссэн нь биш, чадвартай нь төрийн албанд томилогдох учиртай гэж байсан ч одоо ТӨК-ууд намчдаар дүүрч, мерит зарчмыг ‘’нулимав’’
Улстөрийн албан тушаалын авлига буюу АН, МАН, ХҮН нэгэндээ хяналт тавих аргагүйд хүрч буй нь энэ.
Уг нь Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж, бүтээмжтэй ажиллуулах зорилготой төрийн захиргааны байгууллага.
Тэд л төрийн өмчит компаниудын бүтээмж, хяналтыг сайжруулж үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой. Тиймдээ ч өчигдөрхөн /2025.04.07/ “Төрийн байгууллагын төгөлдөршил, загвар байгууллагын төсөл” хамтран ажиллах гурван талт гэрээнд гарын үсэг зурсан. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа сайжирч, илүү үр дүнтэй, иргэдэд ээлтэй, ил тод болно гэсэн юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа үр ашгийн хэлтсийг Элон Маскаар удирдуулсан. Энэ хүрээнд төрийн бүх яам, агентлагийн төсвийг танаж, үргүй зардлыг багасгаж, цомхтголд оруулсан байдаг. Харин манай эрх баригчид Дональд Трампын дээрх бодлогыг хуулбарламар аядахдаа хөл, толгойнх нь байрыг сольчихов.
Төрийн өмчит компаниудын үр ашгийг сайжруулахдаа ч бус ‘’адилхан идэж, уулцаад дуусгая’’ гэсэн өлөн цөөвөр шиг Монгол даргын философиор хандаж буй нь нууц биш.
Үгүй бол уг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх агентлагийг татан буулгах эсвэл бүтээмж, хяналтын менежер нэртэй ‘’угжны хургануудыг’’ Монголын төрөөс ‘’зайлуулах’’ хэрэгтэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ