‘’Баялаг ашиглагчид’’ төртэй тохиролцоно

Өнөөдрийн /2025.04.09/ Засгийн газрын хуралдаанаар стратегийн 16 ордоос хил заагийг нь эцэслэн тогтоох шаардлагатай найман ордын асуудал орно.
ДНБ-ий 5 хувьтай тэнцэхуйц үнэлгээтэй буюу дөрвөн их наядын үнэлгээтэй ордыг стратегийн орд гэж үзэж буй.
Улсын төсвөөр хайгуул хийсэн бол 34-51 хувийг төр авна.
Гэхдээ хувийн хэвшилтэй төр хэлэлцээр хийхдээ АМНАТ-өөр орлуулж тооцох асуудал ч хөндөгдөж буй.
Стратегид бүртгэлгүй 39 ордоос 16 нь гадаадын хөрөнгө оруулалттай байна.
18 жил гацаасан 39 ордын тэргүүн эгнээнд Төгрөг нуурын орд яригдана. Өмнөх долоо хоногт ЗГХЭГ-ын дарга Н.Учрал УИХ-ын гишүүн Баттулгад 250 сая ам.доллараар зарсан ордын асуудлаа цэгцлэх долоо хоногийн хугацаа өгсөн. Эл хугацаа өнөөдөр /205.04.09/ дуусгавар болж буй.
Харин өчигдөр /2025.04.08/ Х.Баттулга дээрх орд өөртэй нь ямар ч хамааралгүй гэж мэлзэв. Гурван тэрбум тоннын хүрэн нүүрсний нөөцтэй, улсын төсвөөр хайгуулыг нь хийсэн ''Төгрөг нуурын орд'' өдгөө Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компанийн эзэмшилд орчихсон. Тиймээс төр уг ордод хувь эзэмшлээ тогтоох асуудал ээдрээтэй.
‘’Төгрөг нуурын орд’’-д төрийн хувь эзэмшлийг тогтоож чадах эсэх нь стратегийн орд эзэмшигчидтэй хэлэлцээр хийх төрийн ажил урагшлах эсэхийг ч шийднэ. Тиймдээ ч стратегийн ордод бүртгэж авсаны дараа төрийн хувь эзэмшлийг алагчилгүй тогтоох ёстой гэж барьцах нь тодорхой.
Анхнаасаа Засгийн газар стратегийн ордуудад төрийн хувь эзэмшлийг тогтоох асуудалдаа буруу чигтэй хандсан нь тэднийг ‘’хулгайч’’ мэтээр олон нийтэд ойлгуулсанд буй. Тиймдээ ч одоо ‘’Төгрөг нуурын орд’’-ыг хэрхэхээс бусадтайгаа тохиролцох өгөө авааны асуудал ч яригдана.
''Төгрөг нуурын орд''-ыг стратегид бүртгэж, төрийн хувь эзэмшлийг тогтоосны дараа УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатар болон түүний дүү нарын нэр холбогддог “Хотгор шанага”, МАК-ийн Б.Нямтайшираас Адуунчулууны нүүрсний орд, Хөөтийн хонхорын нүүрсний орд, Алагтогоогийн чулуун нүүрсний орд, Ширээ уулын гөлтгөнийн орд, "Голомт"-ын Д.Баясгалангаас Цайдам нуурын хүрэн нүүрсний орд, "Гачуурт"-ын Л.Чинбатаас Тэвшийн говийн хүрэн нүүрсний ордуудад төрийн хувь эзэмшлийг тогтоох асуудал хөвөрнө. Тэд төрийн хувь эзэмшлийг тогтоох гэхээсээ АМНАТ-өөр орлуулах хэлэлцээр хийх хүсэлтэй. Тиймдээ ч төрийн хувь эзэмшлийг тушиж, АМНАТ-өөр орлуулах хувилбар дээр төртэй тохироо хийнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ