ХУДАЛДААНЫ ДАЙН: АНУ БНХАУ-ЫГ ТАТВАРААР СҮРДҮҮЛЭВ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын бараа бүтээгдэхүүнд 50 хувийн татвар ногдуулахад бэлэн гэдгээ мэдэгдлээ. Дональд Трампын энэ мэдэгдэл дэлхийн хөрөнгийн зах зээлд хүчтэй цохилт болж, худалдааны дайн улам хурцдах дохио боллоо.
Дональд Трамп мэдэгдэлдээ “Хятад улс мягмар гараг гэхэд 34 хувийн хариу татвараа цуцлахгүй бол 50 хувийн нэмэлт тариф энэ долоо хоногийн дундуур хэрэгжиж эхэлнэ” хэмээн онцолжээ. Мөн Хятадын талаас тавьсан уулзалт хийх хүсэлтүүдийг цуцалж, харин бусад улс оронтой худалдааны асуудлаар нэн даруй хэлэлцээ эхлүүлнэ гэдгээ илэрхийлсэн байна.
Мөн Дональд Трамп өөрийн "Truth Social" цахим сүлжээнд дараах мэдэгдлийг нийтэлжээ:
“АНУ-ын эсрэг хариу арга хэмжээ авсан аливаа улсад нэн даруй шинэ, үлэмж өндөр тариф ногдуулна гэж мэдэгдсэнийг үл харгалзан Хятад улс өмнө нь байгаагүй өндөр тариф, шууд бус татвар тогтоож, компаниудад хууль бусаар татаас олгож, валютын манипуляци хийсээр ирсэн. Яг одоо дахин 34 хувийн хариу татвар ногдуулахаа мэдэгдэж байна. Тиймээс маргааш буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 8-ны дотор Хятад улс энэ шийдвэрээ цуцлахгүй бол АНУ дөрөвдүгээр сарын 9-нөөс эхлэн 50 хувийн нэмэлт тариф ногдуулна. Үүнээс гадна Хятадтай хийхээр төлөвлөж байсан бүх яриа хэлэлцээг цуцална. Харин бусад улстай нэн даруй хэлэлцээ эхэлнэ. Энэ асуудалд анхаарлаа хандуулсанд баярлалаа!” гэсэн юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп албан тушаалаа авсанаас хойш Хятадын бүх бараанд хоёр ч удаа 10 хувийн нэмэлт татвар ногдуулсан. Уг шийдвэр нь Хятадаас АНУ руу хууль бусаар нийлүүлэгдэж буй фентанилын урсгалыг зогсоох зорилготой байсан хэмээн Цагаан ордноос мэдэгдэж байв. Харин Дональд Трампын шийдвэрт Хятадын зүгээс өнгөрсөн долоо хоногт 34 хувийн хариу татвар ногдуулахаар болсон талаар мэдээлсэн юм.
Хэрэв Дональд Трампын 50 хувийн нэмэлт тариф бодитоор хэрэгжвэл, АНУ-д нийлүүлж буй Хятадын бараанд нийт 104 хувийн татвар ногдуулагдах тооцоо гарч байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ