МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ялалтаа зарлаж, мэдээлэл хийлээ. Тэрбээр “Монгол Улсын иргэд, эрхэм сонгогчид та бүхэндээ Монгол Улсын парламентыг бүрдүүлэх 9 дэх удаагийн сонгуульд маш идэвхтэй оролцож, саналаа өгч, эрхээ эдэлсэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шинэ 30 жилийг эхлүүлэх тухай улс төрийн намууд зөвшилцөж, тогтолцооны энэхүү өөрчлөлтийг хийж чадсан.
Парламент ард түмнээс хол харагддаг. Парламентад хоёр намаас өөр намууд, нийгмийн салбарын төлөөллүүд орж ирж чадахгүй 34 жил болсон байна. Өнөөдөр бид анх удаа 126 төлөөлөл бүхий шинэ парламентыг бүрдүүлж, салбар салбарын дуу хоолойны төлөөлөл болсон ард түмний парламент бий болж байна.
Мөн 34 жилийн түүхэнд анх удаа парламент 5-6 намын төлөөлөлтэй болж байна. Энэ нь ардчиллын мэтгэлцээнд шинэ хуудсыг нээж байна.
МАН 68-70 суудалтай болох урьдчилсан тооцоолол гарч, энэ сонгуульд ялалт байгуулж байна. Энэ бол МАН-ын ялалт гэхээсээ илүү ард түмний ялалт, ард түмний дуу хоолой парламентад орж ирж байгаа тогтолцооны реформ, цоо шинэ 30 жилийн эхлэл, үзэл санааны реформ болж байгаагаараа Монгол Улсын парламентын түүхэнд чухал хуудас болж байна.
Одоо бид шинэ 30 жилийнхээ тогтолцоонд дасах ёстой. Парламентын намууд илүү бодлогын нам болно.
1990 онд монголчууд ардчилалд сэтгэл хангалуун байдлаар сонгуульд идэвхтэй оролцож, өндөр ирцийг бүрдүүлж, саналаа өгсөн. Ардчилсан хувьсгал анхдагч үнэт зүйл дээрээ эргэн очих ард түмний дуу хоолойны ялалт болж байна.
Сонгуулийн сурталчилгаанд оролцсон намын гишүүд дэмжигчдэдээ, биднийг дэмжсэн ард иргэддээ чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.
Мөн үзэл бодлоороо өрсөлдсөн нам, эвсэл, бие даагчдад, бидэнд саналаа өгөөгүй сонгогч та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Үзэл бодлыг ялгаатай байдал бол ардчилсан нийгэм. Тиймээс үзэл бодлын ялгаатай байдалд хүндэтгэлтэй хандаж, шүүмжлэл бүрийг үйл ажиллагаандаа тусгахыг хичээнэ" хэмээн хэллээ.