Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн санал хураалт өглөө 07.00 цагт эхэлж, 22.00 цагт хаагдлаа. Энэ удаагийн сонгуульд Монгол Улсын 1 448 240 иргэн саналаа өгч, улсын хэмжээнд 69.3 хувийн ирцтэйгээр санал хураалт өндөрлөлөө.
СЕХ-ын дарга П.Дэлгэрнаран “УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт дууслаа. Бүх хэсгийн хороод санал хураалтаа дуусгаж байна. Улсын бүртгэлийн төхөөрөмж зогссон.
Шууд дамжуулсан дэлгэцээр ирц 69.3 хувьтайгаар санал хураалт дууслаа. Гэхдээ үүн дээр нэмэгдэх тооцооллууд байгаа. Гадаадад байгаа иргэдийн саналыг одоо тоолох гэж байна. Дүн дамжуулахаар нэмж, нэгтгэнэ.
Улсын хэмжээнд 2198 хэсгийн хорооноос нэлээдгүй хэсэгт дүнг явж дамжуулж байгаа. Шууд сүлжээгээр ороогүй хэсгийн хороодын сүүлийн хоёр цагийн ирц нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр улсын хэмжээний дундаж ирц 70 орчим хувьд хүрэхээр байна.
Санал хураалт, амжилттай болж, өндөрлөлөө. Санал хураалтын явцад ноцтой хэрэг зөрчил, маргаан гарсангүй. Хэсгийн хороодод ирсэн бүх гомдол мэдээлэлд цаг алдалгүй хариу арга хэмжээ авсан. Одоо хэсгийн хороодод шийдэгдээгүй гомдол мэдээлэл байхгүй” гэсэн мэдээллийг өглөө.
Үргэлжлүүлэн сонгуулийн дүнг танилцуулж байна.