МАН-ын Сонгуулийн төв штабаас ээлжит мэдээллээ 20.00 цагт хийлээ.
МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва “Иргэд, сонгогчдодоо таагүй мэдээ хүргэж байгаадаа хүлцэл өчье. Хуулийн илтэд зөрчиж байгаа маш олон баримт нотлогдож байгаа учраас мэдээлэл хүргэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна.
Мөнгө тараасан, худал амлалт өгсөн, сонгогчдод дарамт үзүүлсэн, иргэдийг зөөсөн олон тохиолдол илэрч, баримтаар батлагдаад байна.
Мөнгө тараалттай холбоотой
-УИХ-ын сонгуулийн II тойрог, Завхан аймгийн Тосонцэнгэл суманд АН-ынхан мөнгө тарааж байгаа хууль бус үйлдэл нотлогдсон. Хуулийн байгууллагад шилжүүлж, шалгах процесс эхэлсэн.
-УИХ-ын сонгуулийн IV тойрог, Булган, Хөвсгөл, Орхон аймагт АН-аас нэр дэвшигч Мөнгөнхуяг нэрийн хуудсаа 20 000 төгрөгтэй иргэдэд тараасан хууль бус үйлдэл нотлогдсон.
-УИХ-ын сонгуулийн I тойрог Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын VIII багийн айлуудад 5000-ын дэвсгэртээр 300 000 төгрөг тараасан баримт хуулийн байгууллагад шилжлээ.
-УИХ-ын сонгуулийн I тойрог Баянхонгор аймгийн 10 дугаар багт АН-аас нэр дэвшигч Д.Ганбатын ухуулагчид иргэдэд 100 000 төгрөг тарааж байгаад үйлдэл дээрээ баригдсан.
Худал амлалттай холбоотой
-Өвөрхангай аймгийн сум бүрээс тус бүр хоёр оюутнуудыг “1000 оюутны тэтгэлэг” гэх тэтгэлэгт хамруулна гэсэн зарыг сумдын группэд түгээж, хууль зөрчиж байна.
Сонгогчдод дарамт үзүүлэхтэй холбоотой
-УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрог СХД-т АН-ын ажиглагч нар “өөдөөс чинь хараад сууж байна, АН-д саналаа өг, ажиглагч хийж байна, ярих боломжгүй” гэсэн мессежийг илгээсэн баримт бидэнд ирээд байна.
-УИХ-ын сонгуулийн IV тойрог Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Энхзориг өөрийн санал өгсөн хуудсаа олон нийтийн сүлжээнд байрлуулж, хууль зөрчсөн үйлдэл ил тод боллоо.
-УИХ-ын сонгуулийн IV тойрогт 9892.... дугаараас иргэд рүү залгаж, АН-аас ярьж байна, саналаа өгөөрэй гэж иргэдийн сонголтод нөлөөлж байна.
Хүн зөөхтэй холбоотой
-УИХ-ын сонгуулийн VIII тойрог Баянзүрх дүүрэг, X тойрог Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг, I тойрог Өвөрхангай, Баянхонгор аймаг, VII тойрог Өмнөговь аймагт зохион байгуулалттайгаар хүн зөөж, саналыг өгүүлж, иргэдийн сонгох эрхэнд ноцтойгоор халдаж байна.
АН сонгуулийн хууль тогтоомжийг дээрх байдлаар зөрчсөнөөс гадна олон нийтийн сүлжээгээр МАН, нэр дэвшигчдийг нэр төр, алдар хүндэд халдсан, гүтгэсэн, доромжилсон мэдээ мэдээллийг тараах үйлдлийг удаа дараа гаргалаа. Бид уг асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан. Хуулийн байгууллага 300 гаруй цахим хуудсыг хуурамч болохыг тогтоож, зохих арга хэмжээг авсан.
МАН-аас сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн асуудлаар цагдаагийн байгууллага, ХХЗХ зэрэг төрийн эрх бүхий байгууллагад нийтдээ 200 гаруй зөрчил, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар хандаад байна.
АН хууль зөрчсөн үйлдлүүдийг маш ихээр хийж байна. Энэ үйлдлүүдээ МАН-ыг хийсэн мэтээр мэдээлж, иргэдийг төөрөгдүүлж байгаад маш их харамсаж байна" гэдгээ илэрхийлж, АН-ыг Монголын хоёр дахь том намын хувьд улс төрийн соёл гаргаж, төрийн сонгуульд шударга оролцохыг уриаллаа.