Сонгуулийн Ерөнхий хорооноос санал хураалтын явцын талаарх 17.00 цагийн мэдээллээ өгөв. Өглөө 07.00 цагт эхэлсэн санал хураалт 17.00 цагийн байдлаар 49 хувийн ирцтэй үргэлжилж байна. Санал өгсөн иргэдийн тоо нэг саяыг даваад байна.
СЕХ-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ “Улсын хэмжээнд нийт долоон төхөөрөмжийг сольсон. Төхөөрөмж бохирдсоноос болж, цаасны бөөгнөрөл үүссэнээс болж, 7 төхөөрөмжийг нөөцөөр сольсон байршуулсан. СЕХ нийт 2789 төхөөрөмжийг үндсэнээр байршуулж, 154 төхөөрөмжийг нөөцөөр хуваарилсан. Одоогийн байдлаар нөөцөөс 7 төхөөрөмжийг ашиглаад байна.
СЕХ-нд зохион байгуулалтын шинжтэй гомдлууд ирж байна. Тухайлбал, V сургууль дээр санал тоолох төхөөрөмжийг задлаад тавьсан байна гэх мэдээлэл цахим орчинд түгсэн. Энэ мэдээллийн талаар СЕХ болон шуурхай удирдлагын багуудад дуудлага ирээгүй. Хэсгийн хорооны дарга төхөөрөмж гацсан тохиолдол огт гараагүйг хэлж байна. Тэгэхээр төөрөгдүүлсэн мэдээлэл гаргасан байна. Тиймээс мэдээлэл түгээхдээ эх сурвалжийг баталгаажуулахыг хүсэж байна.
Мөн саналын хуудсын зургийг авч, олон нийтийн сүлжээгээр түгээх нь хуулиар хориглосон тул ийм зөрчил гаргахгүй байхыг иргэдэд анхааруулж байна” гэсэн мэдээллийг өглөө.