Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүргийн хэсгийн хороонд саналаа өглөө.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монголын ард түмэн 1992 оны шинэ Үндсэн хуулиас хойш парламентын 9 дэх удаагийн сонгуулиа өгч байна. Ес дэх удаагийн сонгууль хэд хэдэн зүйлээрээ онцлог байна.
Нутаг дэвсгэрийн нэгжид тулгуурласан 76 төлөөлөлтэй парламентыг түүх болгон үлдээж байна. Монгол Улсын түүхэнд салбар, салбарын 126 төлөөлөлтэй анхны парламентыг энэ сонгуулиар бүрдүүлж байна. Энэ ч агуулгаараа сонгуулийн ирц өмнөхөөсөө өндөр байна.
Учир нь энэ удаагийн сонгуулиар хилийн чанадад байгаа иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл парламентад анх удаа орж ирэх боломж бүрдэж байна. Мөн шинжлэх ухаан, үйлдвэрчний эвлэл, хувийн хэвшлийн төлөөлөл парламентад жагсаалтаар нэр дэвшиж байна. Энэ агуулгаараа салбар салбарын дуу хоолой болсон парламентыг бүрдүүлэхийн төлөө нийгэм идэвхжиж байна.
Ардчилал гэдэг бол төлөөллөө сонгох сонголт. Ирц өндөр байх тусам олон улсын ардчиллын индекс өсөж байдаг. Тиймээс ардчилсан сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.
Би 21 аймаг, нийслэлийн дүүргүүдэд, салбар салбарын 30 гаруй уулзалт хийлээ. Бүгдээрээ 30 жилийг дүгнэж байна. Анх ардчилсан хувсгал болж, С.Зориг “Улс орны эрх ашиг нэгдүгээрт байх ёстой. Дараа нь намын эрх ашиг байгаа. Тэгээд хувийн эрх ашиг байна. Энэ эрх ашгийн эрэмбэ дараалал алдагдвал ардчилал, парламентад итгэх итгэл суларч, ардчилсан хувьсгалын талаар төр-иргэн хоёр хоорондоо үл ойлголцоно” гэсэн агуулгатай зүйлийг ярьсан архив байдаг. Харамсалтай нь С.Зориг амиа алдсанаар энэ бүх эрэмбэ дараалал, эрх ашиг эсрэгээрээ явсан. Хувийн эрх ашгийн төлөө улс төрийн намыг ашигладаг болсон. Нам дамнасан бүлэглэл үүсэж, стратегийн ордуудыг авсан, төрийн мөнгөөр Эрдэнэтийг 49 хувийн хувьдаа авахаас эхлээд эрхзүйт төрд байж боломгүй олон зүйл болсон. Энэ нь улсын эрх ашигт хортой туссан. Тиймээс энэ удаагийн сонгууль 30 жилийн хугацааны дүгнэлт байгаасай. Мөн төр-иргэний итгэлд шинэ хуудас, урам зоригийн сэргэлт байгаасай. Парламент ард түмний дуу хоолой байгаасай.
Өнөөдөр Монгол Улсын түүхэнд цоо шинэ 30 жил эхэлж байна. Төлөөлөл бүхий парламент хэрхэн ажиллахыг, улс төрийн намууд бодлогын мэтгэлцээнд хэрхэн тулгуурлахыг бүгдээрээ хамтдаа харъя.
Ирц өндөр байгаа нь бид хэрсүүжиж, ардчиллын хоёр дахь давалгаа эхэлж байна гэдэгт найдаж, ардчилсан Монгол Улсын иргэний хувьд саналаа өглөө” хэмээн хэллээ.