УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн санал хураалт өглөөний 07.00 цагт эхэлсэн. СЕХ-ноос ирцийн талаарх эхний мэдээллийг өглөө.
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран “ УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт эхлээд 4 цаг өнгөрч байна. Сонгуулийн санал хураалт амжилттай эхэлж, хэвийн явагдаж байна.
Улсын хэмжээнд 2198 хэсгийн хороонд санал хураалт явагдаж байна. Улаанбаатар хотод 513 хэсгийн хороонд иргэдийн саналыг авч байна.
Улсын хэмжээнд 2 067 109 мянган сонгогч саналаа өгөх ёстой. Үүнээс одоо 450 орчим мянган хүн саналаа өгөөд байна. Ирц 20 гаруй хувьтай байна.
Энэ удаа УИХ-ын сонгуульд иргэд харьцангуй идэвхтэй оролцож байна. Улаанбаатар, аймгийн төв, сумын төв, суурин газруудын хэсгийн хороод ачаалалтай байна. Сонгогчид дугаарлаж, идэвхтэй байна.
2020 оны УИХ-ын сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ирцтэй харьцуулвал ирцийн хувь өндөр байна. Санал хураалт энэ эрчээрээ явагдвал ирц хангалттай хүрч, санал хураалт хуулийн хугацаандаа амжилттай дуусахаар төлөвтэй байна.
Дараагийн ирцийн мэдээллийг 17.00, 21.00 цагт өгнө. 22.00 цагаас бүх хэсгийн хороод хаагдаж, саналын дүнг автомат системээр шууд дамжуулна” гэсэн мэдээллийг өглөө.
Одоогоор бүх хэсгийн хороодод санал хураалт хэвийн явагдаж байгаа бөгөөд цаг агаарын хүндрэлгүй байгааг хэллээ.