Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг ажиглахаар 40 улс, 21 байгууллагын 259 ажиглагч Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүллээ.
Ажиглагчдын 191 нь Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын гишүүн орнуудынх юм. ЕАБХАБ-ын Ардчилсан институт хүний эрхийн газраас Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг ажиглах олон улсын шинжээч, мэргэжилтнүүдээс бүрдсэн өргөн бүрэлдэхүүнтэйгээр ажиглахаар хороо байгуулан ажиллаж байгаа бөгөөд нийслэл, орон нутаг дахь сонгуулийн үйл явцыг ажиглан олон улсын шаардлага, ардчилсан сонгуулийн зарчим, үндэсний хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд тайлан бэлтгэж, дүгнэлт, зөвлөмж өгнө.
Ардчилсан институт хүний эрхийн газрын Сонгууль ажиглах хороо нь сонгуулийн үйл ажиллагааг эрх зүйн орчин, зохион байгуулалт зэрэг өргөн утгаар ажиглахаас санал авах байруудын бэлтгэл ажил, санал авах өдрийн нээлт, санал хураалт, санал тооллогын үйл явц, хяналтын тооллогыг ажиглана. Улмаар санал авах өдрийн дараа урьдчилсан тайлангаа танилцуулж, сонгуулийн үйл явцыг бүхэлд нь үнэлсэн урьдчилсан тайланг зөвлөмжийн хамт сонгуулийн үйл явц дууссанаас хойш хоёр сарын дараа нийтлэх аж.
Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлтээ ирүүлсэн гадаад улс, олон улсын байгууллага, Монгол Улс дахь гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газрын 68 ажиглагч Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг ажиглах юм.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн зохион байгуулалт дотоодод төдийгүй гадаад улсуудад бүрэн нээлттэй. Энэ удаагийн сонгуулийн гадаадын болон олон улсын хэвлэл мэдээллийн 12 (Kyodo News, CCTV, Bloomberg TV, Thomson Reuters, Schweizer Radio und Fernsehen, The Sankei Shimbun, Asahi Shimbun, Xinhua News Agency, Буриад ТВ, Nikkei, the Guardian, Agence-France-Presse) байгууллагын 27 сэтгүүлч, сурвалжлагч сурвалжилж, олон улсад мэдээлэхээр Гадаад харилцааны яаманд бүртгүүлж, үнэмлэх авчээ.
Уншиж байна |