Ногоон автобусны сонсгол эхэллээ. Сонсголын эхэнд Худалдан авсан автобуснууд техникийн шаардлага хангасан эсэх талаарх Шинжээчийн дүгнэлтийг сонсож байна.
Skywell маркийн 160 ширхэг автобус нийлүүлэхээр гэрээ байгуулснаас 55 автобус нийлүүлж, одоо үйлчилгээнд явж байгаа.
Hyundai county маркийн 50 автобус нийлүүлэхээс 50-ийг нийлүүлсэн. Үйлчилгээнд яваагүй байна.
Daewoo BS 106 маркийн 600 автобус нийлүүлэхээс 100 автобус нийлүүлсэн. Үйлчилгээнд яваагүй, 20 автобус хүлээгдэж байна.
Автобусыг хүлээлцсэн актад Daewoo BS 106 маркийн 20 автобус нь техникийн үзүүлэлт, шаардлагад нийцсэн гэж дүгнэсэн байна. Гэвч тухайн автобусууд техникийн тодорхойлолтод тавьсан стандартад огт нийцээгүйг шинжээч дүгнэлтэндээ дурдав.
АТҮТ-өөс Ногоон 100 автобусанд дахин үнэлгээ хийж, тодорхойлолт гаргасан байна. Нийт 100 автобусны 1 нь л үнэлгээнд тэнцэж, 99 нь тэнцээгүй байна. Тодруулбал, 94 автобус гэрлийн шаардлага хангаагүй бол 71 автобус утаа, 8 нь тормоосны үзүүлэлтэд тэнцээгүй байна.
Нэг бүр нь 336 000 000 сая төгрөгийн үнэтэй ногоон автобус угсарсан, хуучин автобус гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тодорхой болж байна. Тээвэрлэгч компани ч ашигласан автобус тээвэрлэж байгаа тухайгаа гаалийн мэдэгдэлтэй дурдсан байна.
Шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Төрийн албан хаагчдаас ёсзүй асууя. Автобусыг үзээгүй байхад чинь хэн гарын үсэг зур гэж тулгасан вэ?
Нийслэлийн Нийтийн тээврийн газрын ачаа тээвэр, ложистикийн хэлтсийн дарга Б.Мөнхболд:
Автобус хүлээлцэх ажлын хэсэг 2023.08.14-ний өдөр Daewoo BS 106 маркийн их багтаамжийн, дизель хөдөлгүүртэй 20 ширхгийг хүлээж авахаар ажилласан. Ажлыын хэсгийнхэн ажлын даалгавар, техникийн нөхцөлийг 8 төрлийн зөрчил илрүүлж, хүлээж авах боломжгүйг удирдлагуудад танилцуулсан. Тэгэхэд Засгийн газрын чиглэлийн дагуу дараагийн автобусууд оруулж ирэхэд санхүүжилтийн асуудал үүсэх учраас энэ автобусуудыг байгаа байдлаар нь хүлээгээд авчих. Дараагийн удаа шаардлага хангасан автобус нийлүүлнэ гэж удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу гарын үсэг зурж, хүлээж авсан.
-Стандартад тэнцээгүй 20 автобусыг хүлээж ав гэж шахсан удирдлага хэн бэ?
-Ажлын хэсгийн дүгнэлтийг нийслэлийн Нийтийн тээврийн газрын даргад танилцуулсан. Газрын даргатай уулзахад дээрээс сайд болон нийслэлээс ийм үүрэг даалгавар өгсөн гэж хэлсэн.
Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхланбаатар: 2023.08.14-нд хүлээж авсан 20 автобусыг 08 дугаар сарын 24, 25-нд олон нийтэд танилцуулахаар яаруулсан учраас техникийн зарим нэг нөхцөлийг дутуу үйлдвэрээс гаргаж, Монгол руу ачуулсан гэдгийг нийлүүлэгч компаниас хэлдэг. Би дутуу зүйл байгааг ажлын хэсгийн ахлагч, салбарын сайдад танилцуулж байсан.
Гаалийн Ерөнхий газрын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Энхтайван: Анх 50 автобусанд бичиг баримтын зөрчил гарч, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Засгийн газрын тогтоолоор их багтаамжийн, шинэ автобусыг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлсөн. Тэнүүн Огоо ХХК энэ тогтоолд нийцүүлэн гаалийн бүрдүүлэлт хийсэн. Нийт 5.6 тэрбум төгрөгийн гаалийн татвараас чөлөөлөгдсөн.