Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтэд зориулан улсын төсвийн хөрөнгөөр 2023 онд худалдан авсан автобусны худалдан авалтад хянан шалгалт хийх УИХ-ын Түр хорооны сонсгол үргэлжилж байна. Улсын төсвийн хөрөнгийг хэрхэн зарцуулсан, ямар стандартын автобус авсан, хууль журмыг хэрхэн хэрэгжүүлсэн гээд олон асуултад хариулт өгөх учраас энэ сонсгол туйлын чухал ач холбогдолтой.
Гэвч энэ бүхэнд хариулт өгөх гэрчүүд сонсголд ирсэнгүй. Төсвийн хөрөнгийг зарцуулах гол гарын үсгийн эзэн, худалдан авах ажиллагаа явагдах үед нийслэлийг удирдаж байсан Д.Сумъяабазарын хараа харагдсангүй. Тэр захирамжаасаа эхлээд ажлын хэсэг байгуулагдах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, автобусыг хүлээн авах гээд эхнээсээ эцэс хүртэлх бүхий л үйл явцад оролцож, хэрэгжүүлж, хяналт тавих гол албан тушаалтан. Гэвч Д.Сумъяабазар хариуцсан ажилдаа эзэн болж чадаагүй шигээ өнөөдөр ч төрийн ажилд хариуцлагагүй хандлаа.
Мөн энэ ажлыг гардан гүйцэтгэх учиртай нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрынхан ирсэнгүй. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван, Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Б.Түмэнжаргал нар хуулийн байгууллагын нэр барьж зугтсан бол мэргэжилтэн Ш.Баярсүх нь өвдсөн гэнэ. Тэд
-Яагаад үнэлгээний хороо биш ажлын хэсэг байгуулсан?
-Яагаад гэрээ байгуулсныхаа дараа сонгон шалгаруулалт нэртэй жүжиг тоглосон?
-Яагаад үнийн санал авах албан бичгийг Тэнүүн Огоо ХХК-д түрүүлж өгч, тендерийн бичиг баримт боловсруулах 6 хоног өгсөн?
-Яагаад бусад компанид нэр төдий дуулгаж, бичиг баримт боловсруулах хугацаа өгөөгүй?
-Яагаад стандартын шаардлага хангаагүй, хуучин автобус авсан?
-Яагаад Тэнүүн Огоо гэдэг ХХК-д зориулж, цагаан дээр хараар бичигдсэн хуулийг илтэд зөрчсөн вэ гэх мэт олон асуултад хариулт өгөх ёстой байв.
Гэвч тэд ирээгүй учраас Түр хорооны гишүүд асуулт ч асууж чадахгүй, арга мухардлаа. Хууль зөрчиж, хулгай хийсэн нь тов тодорхой байгаа ч яагаад, яагаад гэсэн олон асуулт хариултгүй, хана мөргөлөө.
Ажлын хэсэг гэсэн ашиг сонирхол нэгтэй хэдхэн хүн Тэнүүн Огоо гэх компанид зориулан шууд худалдан авалт зохион байгуулж, улсын төсвийн асар их мөнгийг салхинд хийсгэсэн асуудал энэ өдрийн байдлаар, энэ сонсголоор лав гэрч ч үгүй, буух эзэнгүй, мухарт байна.
Б.Хэрлэн