УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэд намууд жагсаалтад орж байгаа улстөрчдөөс их хэмжээний мөнгө байршуулахыг шаардаж байгаа асуудлыг хөндлөө.
Тэрбээр "Намууд жагсаалтад орж байгаа хүмүүсээ санаанд багтахгүй их мөнгө байршуулахыг шаардаж байгаа зүйл яригдаж байна. СЕХ нийтэд мэдээлэл хийх үеэр нэр дэвшигч сонгуулийн тойрогт зарцуулах мөнгөний дүнг бас л дааж давшгүй, хүний санаанд багтахгүй дүн хэлсэн. Үндсэн хуулийн зарчмаар сонгууль нэр дэвших, саналаа өгөх боломжийг олгох ёстой. Бидний зовлонгийн шалтгаан бол авлига, ашиг сонирхолтой холбоотой. Сонгууль мөнгөний хамааралтай байна гэдэг нь авлига ашиг сонирхлын хүлээнд байна гэсэн үг. Мөнгө өгсөн эзэддээ л үйлчилнэ. Нийтийн эрх ашгийн төлөө ямар ч байр суурь илэрхийлэхгүй сууж байдаг хэсэг бий" гэсэн байр суурийг илэрхийлээ.
Үүнд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Даваа гарагт намууд нэр дэвшигчдээ тодруулж дуусна. Өмнөх сонгуулиудын үеэрх шиг нэр дэвшигчдийг тодруулсны дараа хонгилддог, хорьдог, хуулийн байгууллагууд дам нөлөөлдөг байдлыг гаргахгүй.
Гэхдээ зарим намууд жагсаалтын эхний таваа 10-15 тэрбум төгрөгөөр зарж байгаа мэдээлэл бий. Бизнесийн байгууллагуудаас нэр дэвшигчид мөнгө цуглуулж байгаа гэх асуудал бий. Тэгэхээр өнөөдөр маргааш, нөгөөдөр гэсэн гурван өдөр намын удирдлагууд, бизнесийн байгууллагуудын захирлууд хэрэгт орж гогдуулав. Энэ бол төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэрэг. Олон тэрбум төгрөгөөр жагсаалтыг наймаалцаж, баялаг бүтээгчдээс мөнгө авч байгаад гардуулбал компанийн захирал, намын удирдлагууд битгий харамсаарай хууль үйлчилж таарна шүү гэдгийг урьдчилаад хэлье " гэлээ.