Засгийн газраас өнгөрсөн жил 5Ш буюу Шувуу ажиллагааг сүртэй эхлүүлсэн билээ. Энэ нь гадаад улсад орогнож байгаа авлига албан тушаалтнуудыг эрэн сурвалжилж авчрах зорилготой. Гэтэл өнгөрсөн хугацаанд олны анхааралд байсан Т.Бадамжунайг авчирснаас хойш өөр томоохон хэрэгт холбогдсон этгээдүүдийг олж авчраагүй байна. Харин акулууд биш жараахайнуудыг түүж баривчилж авчирдаг болжээ. Хэзээ авлига албан тушаалын хэрэгт холбогдоод шалгуулж байгаад зугтаасан нэр бүхий этгээдүүдийг олж авчрах юм бол. Тухайлбал, хулгай залилан, зодооны хэрэгт шалгагдаж байгаад оргосон этгээдүүд дээр Шувуу ажиллагаа маш сайн хэрэгжиж байна. Сүүлийн өдрүүдэд Турк улсаас иргэдийг баривчилж авчирсаар байна.
Тодруулбал, Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “М”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад албадан авчирч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Уг этгээд нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүдийн жагсаалтад багтсан ба бусадтай бүлэглэн олон удаагийн үйлдлээр мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэх хэрэгт шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан.
Түүнийг Монгол улсад авчрах ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад хэргийн яам, Цагдаагийн Ерөнхий Газар хамтран зохион байгууллаа.