Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Ардчилсан нам, УИХ-ын 2024 оны сонгуульд оролцохоо өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороонд илэрхийллээ. Тус намын Үндэсний бодлогын хороо өчигдөр ээлжит бусаар хуралдаж, дээрх сонгуульд оролцох шийдвэрийг гаргасан юм. Хуульд зааснаар ирэх зургадугаар сарын 28-нд товлогдсон УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслийн хүсэлтийг Сонгуулийн ерөнхий хороо дөрөвдүгээр сарын 26-наас эхлэн хүлээн авч эхэлсэн бөгөөд өнөөдөр 00.00 цагаар хүсэлтийг хүлээн авах хугацаа албан ёсоор дуусна. Одоогийн байдлаар 13 нам, нэг эвсэл УИХ-ын сонгуульд оролцохоо мэдэгдээд байна.
АН-ын дарга Лу.Гантөмөр "Гурван зүйлийг хэлмээр байна. Энэ удаагийн сонгууль урд хожид болоогүй хар PR-ийн сонгууль болох шинжтэй боллоо. Их хурлын сонгууль гэдэг дөрвөн жилийн хугацаанд юу хийсэн бэ гэдгээ тайлагнадаг, гишүүн болохоор явж байгаа хүмүүс нь юу хийх вэ гэдгээ илэрхийлдэг учир жанцантай. Харамсалтай нь хэн нэгнийгээ муулдаг, нэгнийгээ газрын гав руу чихсэн хар сонгууль болох дүр зураг байна. Тийм учраас АН бусад улстөрийн хүчнүүдэд уриалж байгаа юм. Шударгаар өрсөлдөе, эрүүл саруул улстөрийг авчрахын төлөө шударга байя гэж уриалж байгаа. Хэдий бид хүч мөхөсдөх ч Монголын ард түмэн минь хэрсүү байгаарай. Ирж байгаа төрийг сонгож байгаа тул анхааралтай байгаарай" гэв.