Ардчиллын үнэт зүйл хуулийн засаглал

Ардчиллын үнэт зүйл хуулийн засаглал

Өнгөрөгч долоо хоногт төрийн ордон нилээд хөл хөдөлгөөнд дарагдав. Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүд бүгд яаралтай горимоор УИХ-ын босго давав. Гэхдээ гол хуулиндаа бус дагалдаж оруулсан жижиг хуулиудад хуулийн ‘’хулгай’’-аа хавчуулсан нь гишүүдийн сонороос бултаж чадсангүй. Гол том хуулийн өөрчлөлт дээр л анхаарлаа хандуулдагаас бус дагалдаж оруулж ирсэн хуулийн өөрчлөлтийг анзаардаггүй нь ‘’хулгай’’ завших боломж. Арга ядахдаа спикер нь хүртэл ‘’Энэ чинь ариун явдал уу’’ гэж халаглаж байхвы дээ. Ямартаа ч энэ долоо хоногийн байнгын хорооны хуралдаан болон УИХ-аар УУХҮ-ийн сайд Ц.Туваанаар авторлогдож буй хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийг хэлэлцэнэ.

Ардчиллын үнэт зүйл бол хуулийн засаглал

Хуулийг өөрсдөдөө зориулан “тасдаж” баталдаг улс төрчдийн тоо олширвол төр өөрөө хуулийн дээр гарна.

Үнэндээ нэг нам дангаараа засаглаж эхэлсэн сүүлийн найман жилийн хугацаанд хуулийн дээр гаргаад суучихсан ‘’танз’’ эргэж буй.

Монголд сүүлийн жилүүдэд хуулийн төслийг эрх мэдэл, бизнес хоёрын “гар хөл” болгон ашигласан тодорхой жишээнүүд гарч ирсэн нь “хуулийн хулгай” гэдэг ойлголтыг бий болгосон. Хууль батлагчид өөрсдөдөө, эсвэл тэдний бизнесийн түншүүдэд ашигтай заалтыг санаатайгаар хуульд оруулж, нийтэд ил мэт боловч бодитоор бол зөвхөн цөөн бүлэгт үйлчлэх эрх зүйн орчныг бүрдүүлж буй.

Жишээ 1: УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн ба газар эзэмшлийн хуулийн “тохиргоо” 2020 онд Байгаль орчны хуулийн нэмэлт өөрчлөлт хэлэлцэх үеэр Тост, Тосон бумбын нуруунд олгогдсон лицензийг цуцлах асуудал сөхөгдөж байв. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн эзэмшлийн “Сауд гоби коэл транс” компанид ашигтай байдлаар хуулийн төсөлд өөрчлөлт оруулсан гэх мэдээлэл тухайн үед олон нийтийн эсэргүүцэл дагуулсан. Түүний хувийн бизнесийг хамгаалсан заалтыг нийгмийн шахалтаар буцаан татсан нь “хуулийн хулгай” илэрсэнийх...

Жишээ 2: Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар ба Төсвийн тухай хууль. 2019 онд Төсвийн тухай хуулийн хүрээнд улсын хөрөнгө оруулалтыг “засаг, УИХ-ын гишүүдийн саналд тулгуурлан” хийх боломжийг нээсэн өөрчлөлт оруулсан. Энэ нь төсвийн хөрөнгийг сонгуулийн өмнө тойрогтоо төвлөрүүлдэг “популист” зарцуулалтыг хуулиар зөвшөөрсөн явдал болсон юм. Ингэснээр Ч.Хүрэлбаатарын тойрогт олон хөрөнгө оруулалт төвлөрч, бусад гишүүд ч энэхүү өөрчлөлтийг өөр өөрсдийн ашигтайгаар ашигласан нь төсвийн зарцуулалтыг хяналтгүй болгосон.

Жишээ 3: Хуулийн төсөл “шахдаг” УИХ-ын гишүүд ба тендерийн бизнес

Нээлттэй Нийгэм Форумын судалгаагаар 2022 онд батлагдсан зарим хуульд “тендер шалгаруулалтын шаардлагыг тодорхой компанидаа тааруулж заасан” заалтууд байсныг илрүүлсэн. УИХ-ын зарим гишүүн өөрсдийн хамаарал бүхий компаниудад зориулсан шалгуур тавьж, төрийн худалдан авалтыг хуулиар “лавшруулсан” жишээнүүд гарсан нь хуулийг хулгайд ашиглаж буй тод жишээ юм.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн ‘’хулгай’’ гэгдээд буй  Биржийн хуулийн нэмэлт өөрчлөлт,

Одоогийн хуулинд зөвхөн стратегийн орд газартай төрийн өмчит компаниуд төлбөрөө урьдчилан авах нөхцөлөөр нүүрс өгч болохыг заасан байдаг. Гэтэл үүнийг төрийн өмчит бүх аж ахуйн нэгжүүд болгон томруулаад, ганцхан нүүрс биш алт зэс, бүр цаашлаад ордоор нь солилцоо буюу бартер хийх асуудлыг оруулжээ. Энэ хууль батлагдвал жинхэнэ утгаараа хуульчлагдсан хулгай явагдана. 

Евразийн хэлэлцээр,

Эдийн засагчид МҮХАҮТ, бизнес эрхлэгчид бүгд ЕАЭЗХ-д орох нь өндийж ч амжиж чадаагүй эдийн засгаа ОХУ-ын хараат болгох гэсэн ашиггүй тохиролцоо хийх гэж буйг шүүмжилсээр байна.  ЕАЭЗХ бол ОХУ тэргүүтэй төвлөрсөн удирдлагатай, гишүүн орнуудын дунд асимметрик хамаарлыг бий болгосон эдийн засгийн блок. Түр хэлэлцээр гэдэг нэр зөөлөн сонсогдож болох ч бодит байдал дээр энэ нь худалдааны нөхцөл, хөнгөлөлт, эрх үүргийг тодорхойлсон эрх зүйн баримт бичиг. Хэлэлцээрийн ард бодлогын болон стратегийн урт хугацааны үр дагаврууд нуугдаж байдаг. Хэрэв өнөөдөр экспортын замаа хөнгөвчлөхийн тулд түр хэлэлцээрт гарын үсэг зурбал маргааш эдийн засгийн хамаарал, улстөрийн шахалтад орох эрсдэл бодитоор тулгарна. УИХ, Заасгийн газар ЕАЭЗХ-ны түр хэлэлцээрт орох эсэх дээр зөвшилцөж чадахгүй яваа. 

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр,

ОХУ –ын эрх мэдлийг илт давуу хамгаалсан, манай улс татвар, хураамжийг хэрхэн яаж авах зэрэг мэдээлэл нь  тодорхойгүй, Роснефть Монголын онгоцны түлшийг хангана. Ингэхдээ өөрсдөө тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнээ Оросоос оруулж ирж, орос хүнээр удирдуулах аж. Энэ үйл ажиллагаагаа явуулахдаа Монголын талаас татварын бүх төрлийн хөнгөлөлтийг эдлэх бөгөөд оросууд чөлөөтэй орж, гарах нөхцлийг бүрдүүлэх юм. Хэрвээ талууд маргаан гарвал хоёр сарын дотор ОХУ-ын шүүхээр шийдэхээр хэлэлцээрт тусгасан байв.  Дээр нь нэмээд хэлцэл байгуулагдсан нөхцөлд өмнөх гэрээ хэлцэл огт мөрдөгдөхгүй. Гэрээ цуцлагдсан ч 20 жилийн турш бид гэрээний тодорхой заалтуудыг биелүүлнэ гэж тусгажээ. 

Энэ долоо хоногт дээрх хэлэлцээрүүд, хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэнэ. Хэлэлцээр нэртэй үүрэг хүлээлгэсэн ‘’дарамт’’ бүхий шаардлагуудад Монгол Улсад ашигтай нэг ч өгүүлбэр байхгүйг УИХ-ын нэр бүхий гишүүд онцолж буй.  Жишээ нь ЕАЭЗХ-ны түр хэлэлцээрт Монгол Улс нэгдэн орохыг УИХ-ын ихэнх гишүүд хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Гэсэн хэдий ч хөшигний ард хэдийнэ улстөрийн тохироо явагдчихсан гэх мэдээлэл ч бий. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зассс. Тэгээд тэр хуулийн засаглал чинь манайд хаа байна вэ??? Хуулийн тологйд сууж байгаа шүүхнийхэн чинь шударга байж чадаж байна уу???
2025-04-21