Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар гурван Элчин сайдын томилгооны асуудлыг хаалттай хэлэлцсэн билээ. Тэдний дунд УИХ-ын гишүүн Н.Энхболдын нэр байна. Түүнийг БНХАУ-д суух Бүрэн эрхт Элчин сайдаар томилох тохиргоог хийжээ. Одоо байгаа Элчин сайд Бригадын генерал Т.Бадралыг эгүүлэн татахаар болжээ.
Элчин сайдуудын танилцуулгыг ЕТГ-ын дарга Я.Содбаатар хийж, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэнийг Улсын Их Хурлын гишүүн П.Анужин танилцуулсан байна.
Тэгвэл Н.Энхболдыг улстөрийн албанаасаа буугаагүйгээр дараагийн албандаа томилогдож болох уу гэсэн шүүмжлэл гарах болжээ. Тодруулбал, төрд 43 жил үүний 24 жил нь тасралтгүй УИХ-ын гишүүн, сайд, даргын алба хашсан, өдгөө 67 настай Н.Энхболд гишүүнээс буугаагүй байхдаа дараагийн ажилдаа томилогдох гэж байгаа нь улстөрийн гэмт хэрэгт тооцогдох юм бишүү.