УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чуулганаар “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл, 2023 оны Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Төсөлтэй холбоотойгоор ХЭҮК-ийн гишүүдээс УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Өнгөрсөн 2 жилийн хугацаанд ХЭҮК-ийн гишүүд нь шинээр томилогдсон учраас хатуу үг хэлж байгаагүй. Үргэлж дэмжиж ирсэн. Д.Ганбат гишүүний хэлснээр дүр эсгэсэн юм руу яваад орчихлоо. Ямар ч асуудал шийдэгдэхгүй, тэгээд та нар нэг оршуулган дээр байгаа юм шиг. ХЭҮК-ийг ард түмнийхээ талд зогсоочээ, Хүний эрхийн манаач байгаачээ. Эрх нь зөрчигдсөн асуудал дээр зоригтой шүгэл үлээгээчээ та нарыг томилсон шүү дээ. Та нарын тайланг харлаа, 80 хувь нь судлаачийн зовлон тооцсон зүйл байна.
Өдөр шөнөгүй хүмүүс угаартаж, хүүхдийн эрх зөрчигдөөд байна, хүний эрх зөрчигдөөд байна гэдгийг та нартай наргүй бид бүгдээрээ мэдэж байгаа. Тайлан дотор та нарын ажил хийхэд тулгарсан бэрхшээл, хүчин мөхөдсөн зүйл ийм байлаа гэсэн зүйл алга. Та нар ярихгүй байна. Би та нартай гурван жил ойр ажиллах гэж хичээлээ. Над дээр нэг ч хүн нэг удаа Та ийм хуулийн төсөл санаачилаачээ гэж орж ирээгүй шүү. ХЭҮК том эрх мэдэлтэй байгууллага. Татвар төлөгчдийн мөнгөөр л цалинжиж байгаа. Та нарын маш том эрх мэдэл чинь Комиссын гишүүний 28.1-т зааснаар комиссын гишүүний шаардлага зөвлөмжийг хүлээн авсан албан байгууллага хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасан байна. Ийм том эрх мэдэлтэй байж яагаад үүгээрээ ажиллахгүй байгаа юм бэ. Та нар өнгөрсөн хугацаанд ямар төрийн өндөр дээд албан тушаалтанд хариуцлага тооцсон юм бэ. Ямар албан тушаалтан та нарыг хүлээж аваагүй юм үүндээ одоо хариулт хэл.
Иргэд угаартаад нас барж байхад таг дуугай, өдөр болгон хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийлэл ирж байхад таг дуугай. Та нар арга хэмжээ авч чадахгүй юм бол судлаачийн ажлаа хийцгээ. Ажлын биелэлт 80 хувьтай гэжээ. Бид нарын эрхийг сайн хамгаалж, сайхан болгосон юмуу. Тийм юм байхгүй. Ерөөсөө та нар эрх хамгаалж тэмцсэн зүйл алга. Олон удаа хэлсэн олигтойхон дуугараад шүгэл үлээгээд өгөөчээ гэсэн та нар ажиллаагүй байна.
Хоёр дахь асуудал гэвэл та нар комиссоороо хуралдаад ийм ийм чиглэлээр тайлангаа тавьчихъя гээд тавьсан байна. Гэтэл олон улсад байх ёстой нөгөө иргэний амьд явах эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх шударга шүүхээр шүүлгэх эрх, хэвлэн нийтлэх эрх гэж үг ерөөсөө алга. Индекүүд дандаа буурч байна. Та нар хуулиа батлуулъя гэж араас нь явахгүй байна. Тайлан биччихээд таг болчихно. Тиймээс шүүмжилж байна" гэлээ.
Уншиж байна |